ЗАР »
1993-онд Монголоос-Америк хүртэл аялсан Банхар нохойн түүх
1993-онд Монголоос-Америк хүртэл явган аялсан "Бадарчин-93” аялалд бид Банхар гэдэг Монгол нохой авч явсан билээ.Бид гэдэг нь хэлмэрч И.Дэндэв гуай, миний шавь Л.Нацагням, би багийн ахлагчаар явсан юм.Бид Сибирь, Якут, Чукотка, Аляскаар жил орчим явж Америк хүрсэн билээ. Аргагүй байдлаас болж Монгол Банхараа Чукоткын Анадырь хотод айлд үлдээсэн юм. Аялал дууссанаас жилийн дараа би нохойгоо авахаар Чукотка нислээ. Сибирийн их тайга дээгүүр нисч явахдаа Банхар маань байдаг л байгаадаа гэж сэтгэл зовж л явлаа.Банхар маань, зүрх цагаан, улаан халтар том биетэй нохой байв. Догшин энэ нохой аялалын явцад хонь шиг номхорсон боловч хэрэгтэй цагт араатан зан нь заавал илэрдэг байлаа.Аялаж явахад шөнө тайгын харанхуйд сайн харуул манаа болдог байсан юм. Банхарын хуцалт хол газарт лүн лүн гэж сонсогддог тул хирийн Чонын улиан тасалддаг байлаа. Араатан амьтад бусдыгаа дуу хоолойн цараагаар хир хүчтэй амьтан байгааг мэдэрдэг бололтой юм билээ. Бид гурвын харцнаас тэр бүгдийг сайн ойлгоно.За ядарч байна амрая даа гээд буудаллах хуурай газар хайхыг андахгүй өөрөө тийм газар олоод хэвтчихнэ.Хэдэн удаа баавгайтай дайрдалдaхад золтой л баавгайруу дайрч орчих гээд бид арай хийж тогтоож билээ.Якутын жижиг тосгодоор дайран өнгөрхөд Банхар хэрэг дэгдээнэ.Айлын хашаанаас хашаа дамжин хэдэн нохдыг нь гаслуулж бөөн хашгираан болно.Сүүлдээ бид гуравт загнуулсанаас хойш тактикаа өөрчлөв.Тосгон дундуур явахад олон нохой түүнийг боргоон дайрахад Банхар сүүлээ хавчаад шогшино.Нөгөөх аймаар Банхар хаачсан бэ? гэж бодмоор.Иймэрхүү янзаар явахад нөгөөх ноход догшрон улам боргооцгооно.Тосгоноос холдонгуут ганц ухаcxийж нөгөөх хэдэн нохдыг хүрздэж байгаа юм шиг тараагаад орхино.Хууртагдсан товаришууд тосгон уруугаа сүүлээ хавчаад жирийн одно.Якут,Магаданы хязгаарыг туулж Чукоткад ороход Банхар их ядарч турсан байлаа.Гэвч Монгол нохойн тэвчээр гайхамшигтай байсан юм.Бэлдмэл лаазалсан хоол идэж бэлэн диван орон дээр унтдаг нохойноос #Монгол нохой тэс өөр юм билээ.Том ясыг сахар шиг хагалан идэж, олон хоног, хоол ундгүй шогшиж, хүйтэн бороо, цасан шамраганд хээв л нэг унтаж байдаг энэ нохой бол #Монгол нохой байсан юм...Намайг Чукоткын Анадырь хотод буухад намрын шаргал наран ээж агнуурын тэнгисээс зөөлхөн салхи үлээнэ.Сэтгэл түгшсээр Протасвичийн хаалгыг тогшлоо.Өөдөөс баавгай шиг амьтан гүйж ирсэн нь Банхар байв.Тэр загас идсээр байгаад зоолж таргалж багахан баавгай шиг том болсон байлаа.Намайг хараад гаслаж гангинаж бөөн юм болов.Нохойн хэлээр бол уйлж байлаа.Түүний нүд нь намайг ямар өрөвдөлтэй харж байсан гээч.Ахиад намайг битгий орхиорой гэх шиг санагдаж билээ. Банхар Анадырь хотынхны амны уншлага болсон айхтар араатан болсон байв. Далайн Морж уруу дайрч хадруулсан л гэнэ.Нохойныхоо халуун чихийг атгачихсан ямар сайхан байсан гээч. Банхар надаас алхам ч холдохгүй байлаа. Өглөө босоход миний хөлийг дэрлэн санаа нь амарсан бололтой унтаж байлаа. Би нохойгоо аваад Анадыраас нисч Эрхүүд буулаа.Эрхүүд нэг хоноод маргааш нь Улаанбаатар нисэх ёстой байв.Эхлээд Эрхүү хот дахь Монголын Консулын газраар орлоо. Консул өөрөө гарч ирэн Банхарыг илж, Чукоткаас авчирсанд баяр хүргээд хамт зургаа авахуулж билээ. Энд байсан хэдэн Монгол залуучууд Банхар бид хоёрыг хоолонд урьж дагуулан явлаа.Бид явсаар Эрхүүгийн зах дээр ирцгээлээ.Бидний сургаар наймаа хийж байсан Монголчууд цувж гарч ирсээр байгаад олон хүн цугларав.Наймаачид маань Банхарт шарсан хавирга, плов өгч дайлав.Энэ үед хэдэн орос залуус нэг нохой хөтлөж бидэн дээр ирсэнээ Банхарыг зааж нохойгоо зодолдуулъя гэв. Бүдүүн гинжээр уясан дарвайсан том ам, булчин шөрмөс болсон дөрвөлжин биетэй зодооны нохой байж ядан байгааг хараад би дотроо айлаа. Зодоонд зориулагдсан энэ нохой яаж ч мэдэх юм бэ? больсон нь дээр байх гэж бодтол тэнд байсан Монголчууд Давай, Давай гэж зодооныг өдөөлөө.Тэр олон Монгол, Орос хөөрсөн хүмүүсийг хараад надад өөр зам үгүйг ойлгож Банхарын хүзүүвчийг мултлан туу гээд тавив.Зодооны нохой харван орж ирээд маш хурдтайгаар Банхарын энд тэндээс хэд хэд хазаад авав. Ингэнэ гэж Банхар бодоогүй бололтой. Нөгөөх нохойг ахин дайрахад цээжээрээ түс хийтэл мөргөж улмаар хүчит савраараа газарт даран шилэн хүзүү багалзуурыг нь тас зуун сэгсэрэхэд зодоонч нохойн гаслах, хархирах муухай дуу сонсогдон,шороонд хутгалдсан,салгаад өгөөч гэж Оросуудыг гуйхад хэдэн Монгол залуус Давай үргэлжлүүлье, гэж хашгирцгаав.Би Банхарыг арайхийж салгахад түүний соёо цус болж нөгөө нохой руу хир хэмжээгээ мэдээрэй гэсэн шиг ширүүн харж байв.Энд тэнд пивоны бөглөө пүд пүд дуугарцгаан Монголчууд Вот выдешь это Монгольсkого собака гэж хашгирцгаана.Маргааш нь бид хоёр Эрхүүгийн нисэх буудал уруу хөдөллөө.Нислэгийн хүлээлгийн танхимд орoход Улаанбаатар нисэх хүмүүс дугаарлан зогсчээ.Банхарыг хараад хүмүүс шивэр авир болов. Монгол, Орос, Америкийн далбаатай нөмрөгийг Банхарт уясан нь сүртэй харагдаж байлаа. Бүх хүний харц Банхар дээр тусч байв.Тэр амьтан энэ олон хүн өөрийг нь хайрлан, бахархан харж байна гэдгийг мэдэж байсан болов уу? Удалгүй билет шалган дотогш оруулав.Онгоцны талбай дээгүүр алхсаар МИАТ-ийн онгоц дээр ирэхэд үүдэнд нь зогсож байсан нисгэгч ёслон Банхар эx орондоо тавтай морил гээд инээмсэглэв. Онгоц дүнгэнэн агаарт хөөрлөө. Хүмүүс эргэн эргэн харцгаана.Гэтэл нэг залуу босч Монголчуудаа Банхар маань нутагтаа ирчихлээ урдах урдахаа барьчих гээд надад стакантай "зүйл” өгөв.Би яахаа мэдэхгүй хүмүүс уруу харахад аль хэдийн бүгд аягатай, шилтэй "зүйлүүдээ” бэлэн барьцгаасан хүлээж байлаа.Банхарын төлөө хундага өргөлт бараг Улаанбаатар хүртэл үргэлжлэж билээ.Буянт-Ухаагийн нисэх буудалд нисгэгч, нохой хоёроос бусад нь нилээхэн халаалттай бууж билээ.#Монгол хүндээ, #Монгол газар шороондоо хэзээд үнэнч #Монгол_Банхарууддаа зориулж нэг сайхан хөшөө босгох юмсан даа…
Аялалын багийн ахлагч П.Батзоригийн дурсамжаас.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!