Улсаа шившиглэсэн Д.Одбаярын Цэцийн өндөрлөгт хүрсэн намтарчилсан түүх

🕔 2019/11/09 14:18

Хэн хүнийг танилцуулахдаа намтараас нь эхэлдэг уламжлалыг энд түр орхиё. Харин төдийгөөс өдийг хүртэл туулж ирсэн замналыг нь товчхон дурдъя. Доржийн Одбаяр хуульч болгоны мөрөөдөл болсон ҮХЦ-ийн даргын албан тушаалд хэрхэн томилогдсон бэ, томилогдсоноосоо хойш ямар хэл аманд өртөв, ямар хөрөнгөтэй вэ… ?

Засаг дарга Д.Одбаяр

1997 оноос Хууль зүйн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, Олон улсын эрх зүйн тасгийн ахлагч ажиллаж эхэлсэн тэрбээр нэгхэн жилийн дараагаас даргын албан тушаалыг "бөөндсөн” гэхэд хилсдэхгүй. 1998-2000 онд хүртэл Хууль зүйн яаманд Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга гээд дандаа даргын суудал суусан тэрбээр чухам энэ цаг үеэс улстөрийн "амтанд” нь орсон нь гарцаагүй. 2000-2004 онд Дорнод аймгийн Засаг даргаар сонгогдож ажилласнаар улстөрийн замнал нь эхэлсэн түүхтэй.

Гэвч тэрбээр иргэдийнхээ итгэлийг олсон Засаг дарга байж чадаагүй гэдэг. Аймгийн дарга байхдаа ажил хийж чадаагүйн улмаас 2004 оны сонгуульд ИЗН-аас нэр дэвшсэн олын танил биш нэр дэвшигчид ялагдахаа дөхсөн гэх сураг дуулддаг. Ялагдах дөхсөн тэр жилийнх нь сонгуулийн нэг уулзалтын үеэр шулуухан яриагаараа олонд танигдсан С.Билигсайхан гэх буриад эр "Одбаяр Комсомолын дээдээс хөөгдсөн анхны Монгол хүн” гэж шүүмжилж байсан тухай ам дамжсан яриа ч дуулддаг.

Түүгээр ч барахгүй, намын бага хурлын гишүүнээр намын нөхдийнхөө дэмжлэгийг авч чадаагүй, Дорнод аймгийн МАН-ын хорооны дарга болох гэж зүтгээд бараагүй, аймгийнхаа намын дарга М.Бадамсүрэнг огцруулах шийдвэрийг Удирдах зөвлөлөөс гаргуулсан, Дорнод аймгийн Нутгийн удирдлагын ордонг улсын төсөвт суусан байсныг хувь хүний үл ойлголцол, хонзогнолоос болоод хасуулсан гэх мэт түүний тухай яриа улстөрчдийн дунд өрнөдөг.

"Элсний 13”-ийн нэг Д.Одбаяр

МАН-ын гишүүн Д.Одбаяр. Хууль зүйн яамны газрын дарга, Хууль зүйн сайд, УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдсон гээд л туршлага "үнэртсэн” түүнээс хуульчид "хууль” нэхдэг. Харамсалтай нь түүнд өмнөө барих  хууль байдаггүй тул "чансаагүй” гэж хочлох нь бий. Гэхдээ түүнд төрийн эргэлт хийж явсан үе бий. Энэ талаар өнөөгийн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Зааг” номондоо  "2007 оны нэгэн өдөр Ч.Улаан гишүүн намайг дуудлаа. Юун тухай дуудсан болохыг нь нөхрөөс лавлатал, "Намд шинэчлэл өөрчлөлт өрнүүлэхийг дэмжиж байгаа юу. Энэ бичгийг уншаадахгүй юу. Дэмжиж байгаа бол гарын үсгээ зурчихаж үзээрэй” гээд хэдэн хуудас цаас надад өгөв. Миний хэзээний бодож явсан, намыг шинэчлэх хэрэгтэй гэсэн зөв зүйтэй санаа агуулсан, шударга шаардлага тавьсан тэрхүү бичигт арав гаруй гишүүн хэдийнэ гарын үсгээ зуржээ. Эргэлзэх юм надад огтхон ч байсангүй, тэр дор нь дэмжээд гарын үсгээ зураад өгчихлөө.

Засгийн газрын гишүүдийн дотроос Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр бид хоёр л дэмжсэн байж билээ” гэсэн байдаг.

Компанийн зөвлөхөөс Цэцийн дарга болсон түүх

Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын бүрэн эрхийн хугацаа дууссан шалтгаанаар Д.Одбаярыг УИХ-ын дарга М.Энхболдын саналын дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүн болоход олон хүн гайхсан. Нэгэн үе өөрийг нь Ерөнхий сайд, намын даргаас нь огцруулахаар "Элсний 13” бүлэг үүсгэлцэж явсан түүнийг юуны учир "Альтернатив энерги” ХХК-ийн зөвлөхөөс Цэцийн гишүүн болтол дэвшүүлэв гэдэг олон хүн сонирхолтой санагдсан биз. Хэдийгээр энэ асуулт өнөөг хүртэл хариултаа олоогүй ч өнөөх улстөрд мөнхийн дайсан, мөнхийн найз байдаггүй гэдэг үгний баталгаа болж үлдсэн юм.

Угийн албан тушаалын "од”-той түүнд улс төрийн нөхцөл байдал дахиад л ашигтайгаар эргэсэн нь Ж.Амарсанаагийн огцролт байв. Одоогоос бараг гурван жилийн өмнө Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг Цэцэд маргаан үүссэн асуудлаар урьчилан байр сууриа илэрхийлсэн, Д.Сугар гишүүнд хууль бус сахилгын шийтгэл ногдуулсан, албан ёсоор нийтлэгдээгүй хуулиар маргаан үүсгэж хуулийг ноцтойгоор зөрчсөн хэмээн УИХ-аас огцруулсан. Улмаар Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн олонхийн саналаар Д.Одбаяр даргаар сонгогдсон.

ҮХЦ-ийн дарга Д.Одбаярын ноцтой зөрчлүүд

Үндсэн хуулийг чандлан мөрдөх үүрэгтэй Цэцийн даргын тухай мэр сэр ноцтой мэдээллүүд гарсаар ирсэн. Тодруулбал  иргэн Р.Очирбал, Ч.Жадамба, Ж.Онон, Н.Нямжаргал нар "Эрдэнэт” үйлдвэр ХХК, "Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэдэг асуудлыг Цэцэд гаргажээ. Уг асуудлыг "Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар нэр нь байнга дурьдагдсаар байгаа цэцийн гишүүн Д.Сугар хянан үзэж, маргаан үүсгэх шийдвэрийг гаргасан байдаг. Түүгээр ч зогсохгүй Цэцийн дунд суудлын хуралдаанд Д.Сугар биечлэн оролцсон ноцтой зөрчил гаргасан юм.  Монгол Улсын шүүгч нар өөрийнхөө ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой асуудалд таслах эрхтэйгээр огт оролцдоггүй. Оролцсон нь тогтоогдвол түүнд сахилгын шийтгэл оногдуулж, албан тушаалаас нь чөлөөлөх арга хэмжээг авдаг байна. Харин Д.Одбаяр дарга энэ бүхнийг мэдсээр байж Д.Сугарыг тус хуралд оролцуулсан байдаг.

Түүнчлэн Д.Одбаяр дарга УДШ-ийн Ерөнхий шүүгч Ц.Зоригтод 2018 оны дөрөвдүгээр сарын 02 өдөр явуулсан 1/142 дугаарт албан бичигтээ "Захиргааны хэргийн шүүх нь Засгийн газрын шийдвэрийг хянах эрхгүйг Цэцийн дүгнэлтээр тогтоосон байхад маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Захиргааны хэргийн шүүхийн энэхүү буруу практикийг залруулж, холбогдох шийдвэрийг хянан үзэх шаардлагатай” байна гэсэн маш ноцтой албан бичиг хүргүүлсэн байдаг.

Д.Одбаяр даргын энэхүү үйлдэл нь шүүгчийн ёсзүйн дүрмийг ноцтойгоор зөрчсөн, Цэцээр хэлэлцээгүй маргааны асуудлаар урьдчилан байр сууриа илэрхийлсэн, шүүхийн шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролдсон, шүүгчийн хараат бус байдалд шууд халдсан зэрэг ноцтой зөрчил болсон.

Эх сурвалж: http://www.dardas.mn/news/view/57

320 сая төгрөгийн орон сууцтай, 188 сая төгрөгийн авлагатай

Цэцийн дарга С.Одбаярын өөрийн орлого 47 сая, гэр бүлийн орлого 39 сая.  320 сая төгрөгийн орон сууцтай. Тус бүр нь 50 сая төгрөгийн үнэ бүхий мал аж ахуй, тээврийн хэрэгсэлтэй.  330 төгрөгөөр үнэлэгдэх газартай ч ямар нэгэн үнэт эдлэлгүй.  Дотоодын банк санхүүгийн байгууллагад 41 сая төгрөгийн хадгаламжтай. 188 сая төгрөгийн авлагатай хэмээн АТГ-т мэдүүлжээ.

   

 Эх сурвалж: tvmongolia.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!