Д.Одбаярыг хамгаалсан УИХ-ын дарга дэлхийд шившгээ тарив
Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр Бүгд Найрамдах Индонези Улсад болохолон улсын хуралд оролцохоор БНСУ-аар дамжин зорчиж явах үедээ БНСУ-ын онгоцны үйлчлэгчийн өгзгөнд хүрсэн. Энэ нь тухайн улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр цацагдаж, хэл амны бай болсоор байна.
Гэтэл Үндсэн хуулийн Цэцээс"...нислэгийн үеэр Үндсэн хуулийн цэцийн даргын арын эгнээнд сууж явсан нэгэн Монгол иргэний гаргасан байж болзошгүй үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн даргад хамаатуулах гэж оролдсон байна. Иймд Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр уг асуудлаар холбогдох байгууллагад хандсан болно. Үндсэн хуулийн Цэцийн даргатай холбоотой дээрх мэдээлэл нь үнэн бодит байдал огт нийцэхгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” хэмээн мэдэгдэл гаргаж, даргыгаа "өмөөрч” байна.
Түүнчлэн "Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр уг асуудлаар холбогдох байгууллагад хандсан болно” гэжээ. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар Цэцийн даргын асуудлаар "ҮХЦ-ийн даргын талаар хэвлэл мэдээлэл, сошиал орчинд шуугиан гарч байна. ҮХЦ-ээс тодруулж асуусан. ҮХЦ-ийн дарга хэрвээ ёс зүйгүй авир гаргасан бол Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 5-3 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага тооцно. ҮХЦ-ээс бидэнд өгсөн мэдээллээр "ҮХЦ-ийн дарга өөрөө ийм асуудалд ороогүй. Ард нь сууж явсан иргэн үйлчлэгчтэй зүй бусаар харьцсаны улмаас буруу ташаа мэдээлэл гарсан байна” гэх тайлбарыг өгсөн хэмээн мөн л өмөөрч байна билээ.
УИХ-ын дарга Цэцийн даргаа хаацайлан тайлбар өгөхдөө "Энэ талаар бүх талын мэдээллийг авахаар БНСУ-д суугаа ЭСЯ-тай холбогдон ажиллаж байгаа” гэсэн байх юм. Уг нь Д.Одбаярын хувьд хэдий хилийн дээс алхаж, хөх тэнгэрт хөөрч, хатуу дарсанд хөлчүүрхсэн үедээ хувь хүний байр сууринд байсан ч БНСУ-ын цагдаагийн байгууллагаас Монгол Улсын дипломат ажилтны нэр төрөөр л суллуулж гарсан. Тийм байтал БНСУ-д суугаа ЭСЯ-тай холбогдон тодруулна гэдэг нь ямар ч ойлгомжгүй асуудал биш гэж үү. ЭСЯ-ныхан хүртэл 1961 онд батлагдсан Дипломат харилцааны тухай Венийн конвенцид зааснаар Д.Одбаяр нь дипломат халдашгүй эрхтэй гэж хэлээд түүнийг суллуулсан байдаг.
Харин БНСУ-ын Гадаад харилцааны яамнаас Венийн конвенц нь зөвхөн тухайн дипломат ажилтныг илгээсэн болон хүлээн авагч оронд л үйлчилдэг болохоос дамжин өнгөрч буй оронд үйлчилдэггүй учир түүнийг саатуулан шалгах ёстой байсан ч онгоцны буудлын цагдаа нар Монголын талын мэдүүлэгт итгэн хэрэгт холбогдсон хүмүүсийг суллан явуулсан байна гэж мэдээлсэн. Харин цагдаагийн байгууллагынх нь зүгээс эргэн ирж асуудлыг шийдвэрлүүлнэ гэсэн учраас хэмээн хүлээж буйгаа хэлээд байгаа.
Тэгэхээр дээрх мэдээлэл болон Үндсэн хуулийн Цэц, УИХ-ын дарга Г.Занданшатар нарын тайлбараас харвал Цэцийн дарга Д.Одбаяр эх орондоо ирэхдээ заавал БНСУ-аар дамжин өнгөрөх нь гарцаагүй гэсэн үг. Тодруулбал, тухайн улсад худал мэдээлэл цацсан асуудлыг шийдвэрлүүлэх эсвэл өгзөг барьж, ёс зүйгүй авирласандаа хариуцлага хүлээх хоёрын нэгийг сонгох нь. Мэдээж хууль, журмаа ягштал биелүүлж, мөрддөг солонгосчуудын хувьд дипломат халдашгүй эрхтэй хэмээн суллуулсан Д.Одбаярыг тийм ч амар тавиад туучихгүй. Тэгэхээр зүгээ буруулж, эх орондоо ирсэн ч бусдын биед зүй бусаар хүрсэн эсэхасуудлыг эцэслэхийн тулд эргэн ирэхийг түүнээс шаардах нь ч гарцаагүй л боловуу.
Хэрвээ агаарын хөлөгт асуудал үүсгэсэн бол Үндсэн хуулийн Цэцийн эрхэм дарга Д.Одбаяр улс эх орон, толгойлж буй байгууллага, албан тушаал, өөрийн байрсууриа бодсон ч зүгээр л огцорсон нь түүний хувьд ядаж ганц зөв сонголт. УИХ-ын дарга Г.Занданшатар ч гэсэн хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээх нь ёс зүйн хувьд ч зөв сонголт. Эс бөгөөс монголын улстөрчид, өндөр албан тушаалтнууд бэлгийн дур хүсэл, сонирхолоо эрхэмлэж, эмэгтэйчүүдийн эрхийг зөрчдөг, нөгөө ньбайх ёстой асуудал мэт өмгөөлж, хамгаалдаг гэсэн мессеж дэлхийгээр тархах нь байна шүү.
Х.Маргад
Эх сурвалж: erennews.mn