ДУНДГОВИОС ТӨРСӨН МОРЬ ЦОЛЛООЧ ХҮҮ Ц.МӨНХХҮЛЭГ \Олон жил Улсын баяр наадмын дааганы цол дуудсан энэ хүү одоо Австралид яваа бөгөөд шавь нь энэ жилийн дааганы цол дуудсан аж. Энэ бол 2015 оны ярилцлага/

🕔 2019/07/14 19:30
Дуу хуурын өлгий нутгаас төрсөн бас нэгэн авьяастныг уншигч тантай уулзуулж байна. Дундговь аймгийн Сайнцагаан уугуул, нийслэлийн 106-р сургуулийн сурагч Цолмонгийн Мөнххүлэг хэмээх энэавьяаслаг хүү сүүлийн хоёр жил төрийн наадмын даагыг цоллож байгаа. Аавынхаа авьяасыг өвлөн, төрийн наадамд түрүүлж, айрагдсан хүлгүүдийн хийморийг өргөн, урмыг сэргээдэг түүнтэй цөөн хором хөөрөлдсөн юм. 
-Сүүний үнэр салаагүй өхөөрдөм даагануудыг цангинасан хоолойтой бяцхан хүү цоллоход наадамчид таатай байна лээ. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг Цолмонгийн Мөнххүлэг гэдэг. Ноднингоос эхлээд улсын баяр наадмаар морь цоллож байгаа. Өнгөрсөн жил жил баян ходоодны даагыг цоллосон. Түүнээс өмнө 2012 Дундговь аймгийн 70 жилийн ойгоор бас баян ходоодны даага цоллосон.
-Энэ жил түрүүлж, айрагдсан даагануудыг цоллосон?
-Тэгсэн.Төв цэнгэлдэхэд монгол дааганы цолыг дуудаад, уяачдын наадам дээр эрлийз доод насыг цоллосон.
-Аав тань олон жил төрийн түмэн эхүүдийн цолыг дуудаж буй. Хүүдээ эрдмээ өвлүүлэхээр шийдсэн нь хэзээ вэ?
-2012 онд. Намайг 12 настай байхад "миний хүүгийн хоолой морь цоллоход тохиромжтой” гээд зааж өгсөн. Түүгээр би морь цоллодог.
-Нас болгоны цоллогоо өөр байдаг байх?
-Тиймээ, тэрнээс гадна баян ходоодны цолыг дуудахдаа унасан хүүхэд багадсанаас гэдгийг томдсоноос гэх зэргээр өөрчилдөг. Яагаад гэхээр ихэнх тохиолдолд том хүүхдүүд унасан байдаг. Мөн сумдын болон овоо тахилгын наадамд түрүүлж, айрагдсан морийг цоллохдоо газар орон, уул овооны нэрийг оруулах зэргээр бага багаар өөрчилдөг.
-Хурдан морь цоллооч юу чаддаг байх ёстой вэ?
-Цээж сайтай байх хэрэгтэй. Мөн амьсгаагаа зөв хуваарилж сурах хэрэгтэй. Нэг дор олон үг хэлдэг болохоор тохиромжтой үед амьсгаагаа авч  гаргадаг хэрэгтэй байдаг. Буруу үед гүн амьсгаа авчихвал хэцүү л дээ.
-Аав тань дуулж, хуурдахаас эхлээд олон талын авьяастай шүү дээ. Энхбилэгийн хувьд?
-Би морин хуур тоглодог. Бас ерөөл, магтаал уншдаг. Аавынхаа хоолойг дуурайчихсан л гэдэг юм хүмүүс./инээв/
-Анх удаа төв цэнгэлдэхэд тэр олон хүний өмнө морь цоллохдоо сандарсан уу?
-Тэгсэн. Тийм олон хүмүүсийн дунд анх удаа гарч байгаа болохоор их эвгүй байсан. Энэ жил гайгүй ээ, сандараагүй. Аав маань "миний хүү битгий сандараарай” гэж зоригжуулдаг юм.
-Морь цоллож байхад тань найзууд нь харсан байна уу?
-Харсан байна лээ. Гоё дуудсан гэж байсан. Бас аавтайгаа явж байхад хүмүүс таниад "хүүе энэ чинь нөгөө баян ходоод цоллосон хүүхэд байна ш дээ” гэдэг юм.
-Анхны цалингаа юунд зарцуулсан бэ?
-Хорин мянган төгрөгөөр шагнуулаад, ээждээ өгчихсөн.
-Аавыгаа дагаад хааш хаашаа явж байв?
-Дорнод аймагт л их олон очсон. Мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Өмнөговь аймгийн Булган суманд очиж  даага цоллосон.
-Хол замд яваад ядрах уу?
-Хол явахаар жаахан ядарнаа. Тэглээ гээд хоолой маань яадаг ч үгүй.
-Сургуулийнхаа урлагийн үзлэгт ямар төрлөөр оролцдог вэ?
-Би 106-р сургуульд сурдаг. Энэ жил наймдугаар ангид орно. Урлагийн үзлэгт дуулна, бүжиглэнэ, шүлэг уншина. Зарим үед хөтлөгч хийнэ. Гуравдугаар анги хүртлээ уран уншигчийн шагнал авсан.
-Уянгат хоолойт дүүдээ баярлалаа. Улсын цолчин болоорой. Амжилт хүсье.
-Баярлалаа.
Б.Эрдэнэсүрэн  /2015 онд хийсэн ярилцлагыг todmagnai.mn сайтаас/
 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!