Дундговь, Дорнод, Сүхбаатарын харьяат, амьдралын боломж тааруу айлын хүүхдүүд урд хөрш рүү морь унахаар явжээ

🕔 2016/12/16 13:23

Бага насны хүүхдүүд хил дамнан урд хөршид очиж морь унах болсон тухай бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал Монгол улсын хүний эрхийн комисс, цагдаагийн байгууллагатай хамтарсан судалгаагаар  зөвхөн энэ онд 169 удаа урд хөршид хурдан морь унахаар хилээр гарсныг тогтоосон байна.


Албаныхны өгч буй мэдээллээр  энэ нь давхардсан тоо гэдгийг хэллээ. Өөрөөр хэлбэл нэг хүүхэд 5-6 удаа зарим нь 20 удаа  хилээр гарч урд хөршид очиж морь унасан аж. Ингэхдээ найман хүүхэд л морь унахаар явж байгаа тухай визийн мэдүүлэгтээ дурдсан бол бусад нь ямар хэргээр явж байгаагаа өөр өөрөөр дурдсан байсныг албаныхан хэлж байна.  

Тэдний  мэдээлснээр хурдан морь унахаар явсан хүүхдүүд эргэж орж ирсэн ч урд хөршид байх хугацаандаа ямар ажил хийсэн нь тодорхойгүй байгаа аж. Энэ талаар ХҮЭК-ийн дарга Ж.Бямбадорж хэлэхдээ "Хүүхдүүд эргэж эх орондоо эсэн мэнд ирсэн ч хүний нутагт очоод ямар ажил хийснийг бид мэдэхгүй. Хүний наймаанд ч өртөж болзошгүй. Тиймээс хүүхдүүдээ морь унуулахаар хилээр гаргахгүй байх ёстой. Нэгэнт хил давчихвал бид ямар ч арга хэмжээ авч чадахгүй. Тэд амьдралын боломж муутай айлын хүүхдүүд байсан” гэв. 

Дашрамд дуулгахад урд хөршид очиж морь унасан хүүхдүүд Дорнод, Сүхбаатар, Дундговь аймгийн харьяат бөгөөд ихэвчлэн амьдралын боломж тааруу айлын хүүхдүүд  явсан байжээ. 
Б.Сансар
olloo.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!