ЭРХ МЭДЛИЙН ХЯМРАЛ

🕔 2016/08/17 12:33

 

ЭРХ МЭДЛИЙН ХЯМРАЛ

 

Өнөөдөр Ардчилсан нам сонгуульд ялагдсан нь зөвхөн Ардчилсан намын ялагдал биш, манай улс төрийн тогтолцооны ялзрал, хямралын нэг шинж тэмдэг юм. Сонгуульд ялж төр засаг байгуулсан улс төрийн нам, төр засаг ийм л хямралын замыг урт, богино хугацаанд туулж ялагдах жамтай аж. Энэ бол угтаа эрх мэдлийн хямрал, ялзрал бөгөөд бид сүүлийн 20 гаруй жил байнга л энэ хямралын үр дагаварыг амсаж байна. Эрх мэдлийн төлөө шунасан энэ хямрал нь аль нэг нам, эвсэл, намын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас хамаарахгүй, байнга давтагдаж, ил, далд хэлбэрээр улам урхагшиж газар авч байгаа, тогтвортой оршиж буй бодит үзэгдэл юм. Монголын нийгэм хувьсан өөрчлөгдөж шинэ үе, давхарга бий болж, шинэ хандлага, соёл, хэрэгцээ бий болсоор байхад улс төр нь эрх мэдлийн хямралаасаа гарч чадахгүй байгаад олон нийтийн бухимдал их байна. Энэ бүхэн эцэстээ эрх мэдлийг хаана, хэн төвлөрүүлэх вэ гэдгээс үүдэлтэй жам ёсны бус эрх мэдлийн төвлөрлийн хямрал юм. Эрх мэдлийн хямралын цаад эмгэг шалтгаан нь юу вэ гэдэг туйлын чухал. Түүнийг ойлгож, засах замыг эхлүүлбэл улс төрийн эрүүл орчин бий болж, улс орон, түмэн олны эрх ашигт тустай. Эс бөгөөс энэ байдлаараа хямрал зөрчилд дунд бүдэрч явсаар сэхэх аргагүй хямралд гүн нэрвэгдэнэ. Улс төрийн тогтолцооны хямрал, ялзралын том, жижиг олон шалтаг шалтгаан бий боловч эрх мэдлийг зүй бусаар олж авч жам ёсны бус эрх мэдлийг төвлөрүүлсэнээс үүсч байгаа улс төрийн эрх мэдлийн хямралын хэдэн жишээг авч үзье.

1.Төрийн дээд эрх мэдлийн хяналт, тэнцвэр алдагдсанаас үүдэлтэй хямрал

Энэ бол 2000 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Үндсэн хуулийн эрх мэдлийн хувиарлалт, хяналт тавих үзэл баримтлалыг өөрчилсөнтэй холбоотой юм. Үндсэн хуулийн уг нэмэлт, өөрчлөлтөөс болж Засгийн газар нь бүхэлдээ УИХ-ын гишүүдээс бүрддэг, УИХ нь Засгийн газрын гишүүдээс бүрддэг болсон. Үүний үр дүнд Монгол улсад парламентын хяналт үндсэндээ байхгүй болж, УИХ нь Засгийн газрынхаа ивээл, хяналтад орж, Засгийн газар нь дур зоргоороо ямарч хяналтгүй ажилладаг болсон. Хяналтгүй Засгийн газрын тарьсан гай балагийг тоочоод баршгүй нь дээр тун ноцтой үр дагаварыг бий болгодог. Төрийн дээд эрх мэдлийг ингэж хутгасанаас болж Үндсэн хуульд заасан эрх мэдлийн хувиарлалт, хяналт байхгүй болсон юм. Уг нэмэлт, өөрчлөлтийн үр дагавар нь Засгийн газарт хяналтгүй давуу байдлыг үеийн үед бий болгож иржээ. Өнөөдөр Монголд эрх мэдлийг өөртөө хэт төвлөрүүлэх, давхар дээл өмсөх хүсэл сонирхол, өрсөлдөөн, хандлага ил цагаандаа гарсан. Үүний нэг тод жишээ бол сая сонгогдсон шинэхэн нэгэн УИХ-ын гишүүн "Парламентын бяр нь давхар дээлэндээ байдаг” гэж хэлснээс харж болно. Үндсэн хуулийн 2000 оны нэмэлт, өөрчлөлт бол өнөөдрийн улс төрийн эрх мэдлийн хямрал, ялзралыг бий болгосон гол шалтгааны нэг юм. Цаашид парламентын хяналтыг сэргээж, УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайдаас бусад Засгийн газрын гишүүн болдог явдлыг хязгаарлаж, Үндсэн хуульд 2000 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүчингүй болгох ёстой.

2.Нам, төрийн эрх мэдэл хутгалдсанаас үүдэлтэй хямрал

Сонгуульд ялалт байгуулсан улс төрийн намд төрийн хэрэгт "орохгүй”, "мэдэхгүй” зүйл байхгүй болж, төрийн эрх мэдлийг булаацалдаж, төрийн дээр нам гарч ирэв. Уг нь бид 1990 онд "нам нийгэм, төрийг чиглүүлэгч, жолоодогч байна” гэсэн үзэл суртлыг халж, төрийн эрх мэдэл ард түмний гарт байх ардчилсан дэглэмийг сонгосон. Намын дарга, түүний тойрон хүрээлэгчид сонгуулиар сонгогдсон шинэ хүмүүст төрийн эрх мэдлийг алдчихгүй нь тул нам дээр эрх мэдлийг төвлөрүүлдэг, намаар далайлган дарамталдаг, төрийн эрх мэдлийг намаар дамжуулан барьдаг коммунист намын арга барил улам боловсронгуй болж амь бөхтэй оршиж байна. Энэ бол нам нь нийгэм, төрийг удирддаг хуучин дэглэм сэргээд ирсэнтэй адил юм. Өнөөдөр Монгол улсад нам, төрийн эрх мэдэл хутгалдаж, төрийн хэргийг нам, намын нэр дор фракц, хэсэг, бүлгийн сонирхол, үзэмжээр шийдэх явдал газар авсан. Ардчилсан нийгэмд Монгол улс шилжсэн үеэс хойш хамгийн бага шинэчлэлт, өөрчлөлт явагдсан, нийгэмд өөрчлөлт шинэчлэлийн хурдаараа сүүл мушгаж байгаа институт бол улс төрийн нам юм. Намын шинэчлэл бол зөвхөн тухайн намын асуудал биш, улс төрийн тогтолцооны шинэчлэлийн үндэс гэж харж болно. Ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүд ард түмний нийтлэг эрх, ашиг сонирхлын төлөө ажиллах, ард түмнээс олгосон эрх мэдлээ эдлэх ёстой байтал нэн тэргүүнд намын шийдвэрийг ёсчлон биелүүлэх үүрэгтэй болж хувирсан. Монголд өнөөдөр асуудлыг хууль биш, нам шийддэг болж, нам нь төрийн бүх албан тушаалыг мөнгө олох хэрэгсэл гэж харж тэрбум тэрбумаар нь худалдаж хувиарладаг "машин” болсон. Бодит байдал дээр нам төрийг удирдаж байгаа нь Үндсэн хуулийн бус үйлдэл бөгөөд төр цаашид өөрөө өөрийгөө удирдаж чадах эсэх нь тун эргэлзээтэй байна. Намаас төрийн олон хэрэгт "хошуу дүрдэг” болсноор Монголын төр "найрын ширээний ууц” шиг л болж байна. Улс төрийн нам сонгуульд ялалт байгуулсаны дараа парламентад намын бүлгээ байгуулж өгөөд түүнээс цааш төрийн аливаа хэрэгт хөндлөнгөөс оролцох эрхгүй, олон нийтийн байгууллага гэдгээрээ төрөөс тусдаа байна. Улс төрийн нам бол төрийн институт биш учир төрийн аливаа хэрэгт хошуу дүрэх ёсгүй, төрийн институтэд багтаж намыг төлөөлөх байгууллага бол УИХ дахь Намын бүлэг. Гэтэл нам нь төрийн хэрэгт хөндлөнгөөс шууд болон шууд бусаар оролцож төрийг хямруулах, хүчгүйдүүлэх, төрийн эрх мэдлийг намд төвлөрүүлэх эх үндсийг тариад байна. Нам нь төрийн асуудлыг шийддэг болсноор УИХ дахь Намын бүлэг завсрын, хавсрага шинжтэй болов. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Мэргэжлийн Засгийн газрын гишүүд, сайд нарын томилгооны асуудал хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "… зарим сайдыг намынхаа нэр хүндийг баран байж дэмжиж байгаа шүү. Энэ бол гашуун боловч үнэн үг”, мөн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцэгдэхгүй бодлогоор тулган дэвшсэн эдгээр сайдуудыг нэг бүрчлэн бүлгийн хуралдаанд нууцаар санал хураах ёстой” гэх зэргээр үзэл бодлоо илэрхийлсэн нь бодит байдал дээр нам ард түмнээс сонгогдсон гишүүдэд төр барих эрхийг нь өгөхгүй, харин уг эрхийг нь "дарж суучихаад” байгааг харуулж байгаа юм. Энэ нь намын шууд удирдлагатай Засаг төр бий болж, ард түмнээс сонгогдсон гишүүд төрөө удирдаж чадахгүй, төрийн зовлон нь нам болж хувирсаныг илтгэнэ. Нэгэнт нам нь төрөөс хүчтэй тул намд хэсэг бүлэг, фракцууд эрчээ авах нь тодорхой юм.
Цаашид төрийг намын хэт нөлөөллөөс салгаж авахгүй бол мэргэшсэн төрийн албан хаагч байхгүй, хүчгүй сул төр засаг удаан оршин тогтнож чадахгүй юм. Нам бол улс төрийн сонгуульд нэр дэвшигчдээ дэвшүүлэн ордог байгууллага болохоос төрийн эрх мэдлийг барих байгууллага биш. Төрийн эрх мэдлийг сонгуульд орж ард түмнээс сонгогдсон хүмүүс хэрэгжүүлэх ёстой. Монголын улс төрд нам, төрийн зохистой харилцааны зөв тэнцвэр чухал байна. Цаашид төр, нам хоёрын зааг, эрх хэмжээг тодорхой зааглах, намаас төрийн эрх мэдлийн асуудалтай хутгалдахгүй байх эрх зүйн орчин, баталгааг бүрдүүлэх, төрийг дээш нь татаж цомхон, чадварлаг болгож товойлгох, намын мөнгөнд шунасан хүслийг нь дарж намсган байранд нь тавих шаардлагатай тул улс төрийн намын шинэтгэл хийж, намын тухай бие даасан хуулийг шинэчлэн батлах хэрэгтэй байна.

3.Хуулийн засаглалыг үгүй хийснээс үүдэлтэй хямрал

Монголд өрнөсөн улс төрийн эрх мэдлийн төлөө тэмцэл нь хуулийн засаглалыг нэгэнт үгүй хийж орхив. Хууль хэрэгжихгүй болсон манай нийгэмд дур зоргийн үйлдэл, үйл явдал цэцэглэж хөгжсөн нь эцэстээ энгийн зүйл мэт дасаж орхив. Хуульгүй нийгэм бол сэлүүргүй завьтай далайд явахтай адил.
Монгол Улсын Үндсэн хуульд Ерөнхий сайд нь төрийн хуулийг хэрэгжүүлэх, биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцна гэж заасан ч Монголд хуулийг чанд мөрдүүлэх талаар доривтой алхам хийсэн Ерөнхий сайд ховор. Харин ч Монголд хуулийг эрх мэдэлтэй хүмүүс хамгийн их зөрчиж "эр бяр”-аа үзүүлдэг болсон. Хууль зөрчиж зүй бусаар эрх мэдлээ хэрэгжүүлж байгаа нь эрх мэдлийн хямрал юм.
Хүмүүс бол угаасаа л ашиг сонирхолтой байдаг, үүнийг нь төрөөс хууль батлан чанд мөрдүүлэх замаар зохицуулалт хийдэг. Өнгөрсөн хугацаанд хуулийг хатуу чанд мөрдүүлэхгүй, хууль зөрчсөн явдалд хариуцлага тооцохгүй, хүлцэнгүй хандсанаас болж хэрэгжилт тааруу олон боть хуультай болоод байна.
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Гавьяат хуульч Б.Чимид "Хууль дээдлэх ёсон бол засаг төр барих урлаг, хүн зон амар жимэр амьдрах арга ухаан мөн.” гэж хуулийн засаглалын мөн чанарыг тодорхойлсон байдаг. Харамсалтай нь өнөөдөр Монгол Улсад хуулийн засаглал хүчгүй, сул бөгөөд хууль дээдлэх зарчим, хуулийг чанд мөрдөн хэрэгжүүлэх явдал хямралын доод түвшинд хүрч ирээд байна. Хуулийг батлах, мөрдөн хэрэгжүүлэхэд үлгэр жишээ болох ёстой хүмүүс нь хуулийн нэр хүндийг унагаж, хуулийг дур зоргоороо зөрчих, эрх мэдэл, албан тушаалтан өөрт нь хориг, саад болсон хуулийг санаатайгаар түрэмгийлэн зөрчиж, хуулийн засаглал, түүний нэр хүнд, нөлөө бараг байхгүйтэй адил болгов.

Энэ мэт эрх мэдлийг олж авах гэсэн 20 гаруй жилийн өрсөлдөөн, тэмцлийн үр дүнд эрх мэдлийн "гажиг” тогтолцоо бүрэлдэж энэ нь улс төрийн эрх мэдлийн хямралын үндэс суурь болж байна.

Orosoo Demberel

Эх сурвалж: https://www.facebook.com/lawyerorosoo/photos/a.1082444571780014.1073741829.993393840685088/1272661979424938/?type=3&theater

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!