Бүсгүйчүүд ямар бэлэг авахыг хүсдэг вэ?

🕔 2019/03/08 14:00

 

Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр. Эрчүүд маань эхнэртээ, төрөл төрөгсдөө, хамт ажилладаг бүсгүйчүүддээ, хайртай хүндээ бэлэг барих нь нь мэдээж. Ингэхэд эмэгтэйчүүд хүслэн болсон бэлгээ авдаг билүү? Бүсгүйчүүдэд чухам юу бэлэглэвэл зохих тухайд эрчүүд өөрийн гэсэн төсөөлөлтэй байдаг. Гэтэл эрчүүдийн сонгосон бэлэг бүсгүйчүүдийн хүсэл сонирхолд тэр болгон нийцдэггүй билээ. Ингээд эмэггэйчүүдийн баяраар хатагтай нар ямар бэлэг авахыг илүүд үздэг вэ?

Цэцэг

Танилдаа юм уу хамт ажилладаг бүсгүйдээ баривал илүү оносон хувилбар болно. Харин таны ойр дотны бүсгүйчүүд илүү жинтэй бэлэг хүлээдэг гэнэ. Цэцэг нь түүний ердөө сайхан дагалдах хэсэг байдаг аж. Хатагтайн сонирхлыг урьдчилан мэдвэл илүүдэхгүй, тэр сарнайд дуртай байтал та гамба цэцгийн баглаатай ирвэл яана...

Чихэр

Бүсгүйчүүд бүгд л чихэр шоколаданд дуртай гэж үздэг. Гэхдээ яг ч тийм биш л дээ. Хэрэв та хамт ажилладаг эмэгтэйчүүддээ баяр хүргэх болбол "чихрийг" сонговол илүү тохиромжтой. Хэрэв та хайртай бүсгүйдээ чихрийн цуглуулга барьвал оновчгүй сонголт болох болов уу. Учир нь таныг "өөрт нь зориулж бэлэг" сонгосонгүй гэж гомдох болно.

Гоо сайхны хэрэгсэл ба үнэртэн

Сүрчгийг эмэгтэйчүүдийн баяраар хайртдаа өгдөг уламжлалт бэлэг гэж үздэг. Эрчүүд худалдагчийн зөвлөснөөр сонгож авсан сүрчгээ найз бүсгүйдээ бэлэглэдэг. Тэгээд дараа нь найз бүсгүй нь яагаад бэлэглэсэн сүрчгийг нь шүүгээндээ хайш яйш хийгээд өөрт чинь дурамжхан хандаж байгаад гайхдаг. Үүгээр зогсохгүй зарим эрчүүд гоо сайхны цуглуулга, уруулын будаг, зовхины будгийг өөрийн дураар авдаг гэнэ. Тэгвэл эрхэм эрчүүдээ, ийм бэлгийг зөвхөн эмэгтэй хүний дур сонирхлын дагуу өгөх хэрэгтэй гэж зөвлөе. Нэг бол бэлэг авахдаа найз бүсгүйтэйгээ хамт яв, нэг бол дуртай зүйлийнх нь тухай түүнээс асуу, бас тодорхой захиалга ч авч болно шүү дээ.

Гоёл чимэглэл

Муугүй бэлэг. Гоёл чимэглэлийн зүйлийг та өөрөө сонгож болно. Гэхдээ тэр эмэгтэй хүнд тохирч, түүний нүд хувцас зэрэгт зохисон байх ёстой.
Гоёл чимэглэлийн үнэтэй зүйлийг зөвхөн эхнэр, сүйт бүсгүй, эсвэл хайртай хүндээ бэлэглэдэг уламжлалтай. Учир нь иймэрхүү бэлэг "үүрэг хүлээлгэдэг". Хэрэв та зүгээр л болздог бүсгүйдээ бриллиантан шигтгээтэй богж бэлэглэвэл түүнийг эвгүй байдалд оруулж мэднэ. Харин дараа нь эмэгтэйчүүдийн баяраар сайхан бэлэг өгөх гэсэн юм гэж тайлбарлах хэрэггүй. Тиймээс харилцаа цаашдаа гүнзгийрэх үедээ байгаа бол илүү хямдхан бэлэг бэлэглээрэй.

Дотуур хувцас

Ойр дотны, сайн мэдэх бүсгүйдээ энэ бэлгийг зориглон барьж болно. Гэхдээ та түүнтэйгээ дотны харьцаатай л бол дотуур хувцас бэлэглэх нь таатай байдгийг санагтун. Тийм биш бол уг бэлгийг битүүгээр ойлгуулсан хэрэг гэж үзээд танд гомдож магадгүй юм.

Гэр ахуйн хэрэглэл

Мартын 8-наар эхнэртэй хайруулын таваг бэлэглэвэл гэр бүлийн дотор хэрүүл уруул үүсгэх уршигтай гэдгийг эрчүүддээ сануулья. Хэрвээ бүсгүй тань хараахан таны эхнэр болоогүй байгаа бол бүр ч долоон дор юм болно. "Чиний байх газар бол гaл тогоо" гэж хэлсэнтэй яг адил. Иймээс сав суулга гэх мэт ахуйн хэрэгслийг зөвхөн урьдчилан тохиролцсоноор бэлэглэвэл зохино.

Жижиг сажиг зүйл

Ийм бэлэг хөөрхөн байж болно. Гэхдээ бүсгүйчүүд гол төлөв эдэлж хэрэглэхэд илүү хэрэгтэй зүйл бэлгэнд авахыг хүсдэг. Эмэгтэйчүүдийн зарим нь тавиур дээрээ тавиад нүд баясан харж байх янз бүрийн жижиг сажиг зүйлд дуртай байдаг боловч энэ нь нийтлэг бус хааяа л тохиолдох зүйл юм.

Ном, диск

Ийм бэлгийг төрсөн өдөр, шинэ жил гэх зэрэг баяраар бэлэглэвэл тохирно, гэхдээ бүсгүйчүүд Мартын 8-наар өөрийгөө чухам эмэгтэй хүн бэ гэдгээ мэдрэхийн тулд ийм бэлэг авахыг хүсдэг гэнэ. Иймээс та ном эсвэл диск бэлэглэх гэж байгаа бол хүйсийн онцлогт заавал тохируулсан байх ёстой.

Мөнгө

"Хайрт минь май, юу дуртайгаа худалдаж ав!" гэснээр асуудлыг шийдлээ гэж эрчүүдэд санагддаг. Гэхдээ "баярын" шагналыг албан тасалгаанд гардуулбал цагаа олсон хэрэг болдог бол албан ёсны бус байдалд энэ нь тийм биш. Эмэгтэй хүн танаас зөвхөн бэлэг биш мөн анхаарал халамжийг хүлээж байдаг. Бэлэг сонгоход та их цаг зав зарцуулсан байвал эмэгтэй хүн таныг өөртөө төдий чинээ хайртай юм байна гэж бодно.

Ингээд хэрэв та эмэгтэй хүн чухам ямар бэлэг авахыг хүсч байгааг зөв тааж чадвал бүсгүйчүүдийн хамгийн хүсч байсан бэлэг нь болно. Энэ бол тийм ч хэцүү зүйл биш ээ.

Эмэгтэй хүнийг ажигла, үзэл бодол, дур сонирхлыг нь тодруул. Тэгвэл та бэлгийнхээ хариуд чин сэтгэлийн баяр, талархал хүлээн авах бөгөөд эмэгтэйчүүдийн баяр нь бас та хоёрын хамтын баяр болох болно.

 

 

Э.Энх-Амгалан


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!