"ХУВЬ" БОЛОН БЭЛГИЙН ТУХАЙД
Цагаан сарын шинийн нэгэнд хамаг үйл ажил, өмсөх хувцас, үг яриагаа хүртэл цайлгахын утгаар XIII, XIV зууны үед их багагүй цагаан нэхий дээл өмсөцгөөж, цагаан морь хүлэглэн унадаг, цагаан зүгийн эздийн сайн бэлгэтэй үгсийг хэлэлцэн мэндчилж, золгоцгоодог байжээ. Шинийн нэгэнд айл хотоо хэсэж цай уулцах ёс үргэлжлэх бөгөөд "цай уусан”, цайлсан хүндээ хувь өгөх юм уу гарыг нь цайлгаж, алчуур бэлэг өгөх учиртай.
"Монголын нууц товчоонд” гэхэд "бэлэг” гэдэг үг байдаггүй, харин "хувь” гэдэг үг олон тохиолдоно. Энэ нь улируулан үзвэл эртний хувь сарын хүн бүрт хувь хишиг хуваах ёс заншлаас үүдэлтэй зүйл юм. Үүний чанад утга учир нь монгол хүний ухаарлаар ертөнцийн амьд төрөлхтөн болгон тэр дундаа хүн болгон өөр өөрсдийн идэх уух, эдлэх өмсөх хувь хишигтэйгээ төрдөг, "хүн хүний идэх хоол нь өмнөө байдаг, мал малын идэх өвс нь өмнөө байдаг” гэж үздэг. Хүн болгонд заяасан энэ хувь хишгийг дутаахгүйн төлөөнөө бэлгэдэж өгдөг зүйл нь өнөөгийн цагаан сарын хувь юм уу бэлэг болно.
Чингэхдээ өөрийн төрсөн, өргөсөн үр хүүхэд, ахан дүүс, эцэг эх, эмээ өвөө гэх мэт хамгийн ойрын хүмүүст өгдөг зүйл нь хувь, бусад хүнд гар цайлгаж өгдөг зүйл нь бэлэг болно. Тийм ч учраас дээр үед олонх нутагт "бэлэг” гэж ярьдаггүй "хувь” гэж ярьдаг байсан бөгөөд "Хувиа аваарай”, "Хувийг нь өгнө” гэж хэлдэг байсан нь үүнтэй холбоотой. Өнөөгийн монгол хэлэнд "хувьтай хүн” гэвэл идэх уух, эдлэх өмсөхийн, сайн сайхан аж төрөхийн их хувь заяатай хүн гэсэн утгатай бол "хувьгүй амьтан” гэвэл дээрх хувь заяагаар дутуу дулимаг гэсэн утга санаа болно. Иймд өөрийн хайртай дотно хүмүүсийнхээ идэх уух, эдлэх өмсөх, сайн сайхан явах хувийг нь дутаахгүйн төлөөнөө ийнхүү хувь өгч байсан хэрэг.
Монгол ёсонд бэлгийн зүйл нь цагаан өнгө, гурав, есийн тоог нэн эрхэмлэдэг байсныг бодолцон аливаа өгөх бэлгээ өнгийг нь цайруулах, тоог нь дээрх жаяг талаас бодолцвол их зохистой. Үүнд бараан өнгийн эд эдлэлийг дагуулж заавал цагаан цайвар зүйлийг дагуулах, цагаан өнгийн жижиг зүйлийг гурав, есийн тоогоор бүртгэн бүрдүүлэх нь чухал. Өнөөгийн мянгад, өөлд зэрэг ястанд алчуур бэлэг өгөхдөө цагаан эдийг эрхэмлэж байгаа нь үүнтэй холбоотой.
Мөн буриад ястанд аавдаа шинэхэн оёсон цамц, ээждээ алчуур барьж золгодог ёс дээхэн үед байсан нь алчуур бэлэг хэмээх үгийн утгыг илтгэнэ. Тэгэлээр энэ нь өнгө, тооны бэлгэдэл нь их чухал болохоос биш, үнэ өртөг, хэмжээ дамжаа нь огтхон ч хамааралгүй юм. Зүйрлэж хэлбэл, гурван ширхэг ёотон өгсөн байвал, өнгө нь цагаан, тоо нь гурав болохоороо юм мэддэг хүнд бол тун өлзий бэлгэтэй бэлэг болж байна. Гэтэл нэг баян айл танд тас хар өнгийн их үнэтэй хувцас бэлэглэлээ гэж бодвол өлзий бэлгийн хувьд тун ч аанайхан болно гэсэн үг.
Сүүлийн үед мөнгө барьж золгох нь зөв эсэхийг олон хүн асуудаг. Тэгвэл хэн хүн өөрийн хүч чадал, авьяас билгээрээ олсон олз олбороосоо дээр дурдсан хамгийн дотно ахмад хүмүүстээ "хувь” хүртээж, асран тэтгэж явахаа илтгэж, "мөнх төрийн мөнгөн хувь” гээд өгч болно гэсэн үг. Мөнгө төгрөг маань төрийн бэлгэдэл болох учраас тэр шүү дээ. Харин бусад хүнд тийнхүү мөнгө тарааж байх шаардлагагүй. Ер нь товчоор хэлбэл, хувь гэдэг бол асрах энэрэх ёстой хүндээ өгч буй хишиг гэж, бэлэг бол хүний алгыг нь хоосон буцаахгүйн төлөө өгч буй зүйл мөн билээ.
Ардын багш, доктор, профессор Сэндэнжавын Дулам