С.Бямбацогт: Хаврын чуулганд хурууны хээгээрээ саналаа өгч, хурал тасалбал цалингаа хасуулна
УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар "Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилтийн байдал, бусад орны туршлага, түүнийг нэвтрүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна.
Энэ үеэр УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт үг хэллээ.
Тэрээр, "УИХ-ын Хаврын чуулганаар Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ажиллана. 2007 онд баталж, 2010 онд өөрчлөлт оруулсан. Сүүлд дахиад 2018 онд болон 2019 онд өөрчлөлт оруулсныг та бүхэн мэдэж байгаа. Хаврын чуулганаас эхлээд биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээгээр саналаа өгч, ирцээ бүртгүүлдэг боломжийг нээхээр болсон. Ингэснээр ирцтэй холбоотой асуудал шийдэгдэх боломж бүрдэнэ. Гишүүдийн өмнөөс санал өгч бусдын өмнөөс төлөөлдөг явдал арилна. Хурлаа тасалсан УИХ-ын гишүүдийн цалинг хасч тооцно. Гишүүд холбогдолгүй асуудлаар үг хэлбэл эхний удаад хурал даргалагч сануулж, дараагийн удаад микрофоныг нь хаана. УИХ-ын гишүүдийн асуултад хариулж байгаа албан тушаалтан үнэн зөв мэдээлэл өгөх ёстой бөгөөд худлаа мэдээлэл өгсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх өөрчлөлтийг Дэгийн хуульд оруулсан байгаа.
Цаашид анхаарах асуудлууд бас байгаа. Чуулганы танхим, байнгын хорооны хуралдааныг популизмын талбар болгохгүй. Энэ ч үүднээс гишүүд өөрсдөө үлгэрлэх ёстой. Ийм учраас Дэгийн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байгаа. УИХ-ын нэр хүнд, гишүүдийн нэр хүнд унасан байгаа учраас өөрсдөө хичээж, хариуцлага, ёс зүйгээ баримтлах учиртай. Илүү их ачаа үүрч, хариуцлага үүрэх ёстой. УИХ-ын гишүүн гэхээр чуулган, хуралдаан дээр хүн загнаад байж болохгүй. Хэсэг улстөрч нэгнээ хэмлэж, хэрүүл хийж, хийрхэж байгаа. Үүнийг таслан зогсоож, бодлого ярьдаг, ажил ярьдаг болгох нь УИХ-ын өөрийнх нь хуулийн замаар хийх ёстой ажил.
УИХ-ын гишүүн хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэж боддог. Үүнийхээ ард бусдыг гүтгэж, доромжилдог. Энэ байдлыг хуулиар хориглосон заалт нь хүчинтэй хэвээр байна. Хууль хүн бүрт ижил тэгш үйлчлэх нь Үндсэн хуулийн зарчим, заалт. Ийм учраас хүн шүүмжилсэн сэтгүүлч зөрчлөөр торгуульж байхад хүнийг доромжилж байгаа гишүүд хуулиас гадуур сууж болохгүй. УИХ хууль тогтоохоос гадна хуулийн хэрэгжилтийг хянах үүрэгтэй гэдгээ умартах боллоо. Энэ үүргээ хэрэгжүүлэх нь чухал байгааг сануулъя” гэлээ.
С.Бямбацогт гишүүн өөрт байгаа саналаа хуралдааны үеэр илэрхийлсэн.
·УИХ-аар хэлэлцүүлж байгаа асуудлаар улс төрийн болон бодлогын нэгдсэн байр сууринд хүрсний үндсэн дээр УИХ-аар хэлэлцүүлж байя. Тэгэхгүй бол гишүүд өөрсдийн үзэмж, хийрхлээр асуудалд хандаж байна. Танин мэдэхүйн шинж чанартай, ажил хэрэгч бус, хов живийн байр суурь илэрхийлж байгаа учраас бодлогын мэтгэлцээн үүсгэхийн тулд үүнийг хийх шаардлагатай.
·УИХ өөрийн баталсан хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, хэрэгжилтэд нь хяналт тавьдаг, түүнийгээ засах шийдлээ гаргаж ирдэг бүтэцтэй болох хэрэгтэй байна. Тухайлбал Зөрчлийн хууль байна. Энэ хууль төрийн албан хаагчдын үзэмжээрээ асуудлыг шийддэг явдлыг зассан. Гэтэл ганц нэг хийдлээс болоод иргэдийн эрх зөрчигдөж байна. Ийм учраас амьдралд нийцэхгүй байгаа заалтуудыг нэн яаралтай засч оруулж ирэх ёстой. Ингэснээр хүний эрх, эрх чөлөө хангагдана.
·УИХ-ын хариуцлагыг өндөрсгөе. УИХ-ын гишүүд ажлаа тасалсан бол цалинг нь хасна. УИХ-д суудалтай намуудад олгодог санхүүжилтыг бас хасъя. Ингэж байж идэвх сайжирч, хариуцлагатай байна.
·Дийлэнх хуулийг Засгийн газар өргөн барьж байна. Бусад яам дээр хуулийн төсөл боловсруулах, төсөлд санал өгөх мэргэшсэн албан хаагчид цөөрсөн байна. Үүнээс шалтгаалаад яамдаас, Засгийн газарт оруулж ирсэн хуулийн төслүүд түүхий байна.
·УИХ дээр цөөнхийн оролцоог дээшлүүлэх ёстой. АН цөөнхийн бүлэггүй болох гэж байна. Ийм болчихвол цөөнхийн байр суурь хаагдах, тэдний дуу хоолой боогдох асуудал үүснэ. Ийм учраас цөөнхийн оролцоог УИХ-ын хууль, Дэгийн хуульд өөрчлөлт оруулах замаар засах ёстой.
·УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанаар чуулган, байнгын хорооны хурлаар хэлэлцүүлэх асуудлын жагсаалтыг гаргадаг. Хэлэлцэх асуудлын дараалал дээр гишүүдээс санал авдаг байдлыг зогсоохгүй бол хэлэлцэх асуудалтай холбоогүй, улстөржсөн мэдэгдэл хийчихээд танхимаас гараад явчихаж байна. Хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлах үедээ л санал авъя гэж байгаа юм.
·УИХ-ын гишүүд чуулган болон байнгын хорооны хурал дээр ёс зүй, хариуцлагатай оролцох ёстой. Үүнийг сайжруулах зорилгоор Дэгийн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Жишээлбэл, Бундестагийн хурал дээр гишүүн хэлэлцэх асуудалтай холбоогүй зүйл ярьж гурван удаа сануулга авсан бол хуралдаан даргалагч тухайн хуулийн төслийг хэлэлцэх явцад тэр гишүүний үг хэлэх эрхийг хасдаг юм байна. Солонгосын практикт, уучлал гуйлгах, цалин хасах, сануулах, хөөх зэрэг сахилгын шийтгэл оноодог юм байна. Ийм хариуцлагыг Дэгийн тухай хуульд суулгаж байж УИХ-ын дарга Г.Занданшатарын яриад байгаа "УИХ-ын танхим популизмын талбар байх ёсгүй” гэсэн бодлого хэрэгжинэ.