Б.Наранхүү Үндсэн хуулийн ачаар УИХ-ын гишүүнээс эгүүлэн татагдахгүй үлдэх нь ээ

🕔 2018/06/29 13:26

УИХ-ын гишүүн бол бүрэн эрхтэй.  Сонгогдсон л бол хуралдаа суухгүй байж болдог. Үүний тод жишээ бол УИХ-ын гишүүн Б.Наранхүү. Тэрбээр УИХ-ын нэгдсэн чуулганд хаа нэг суудаг. 

Б.Наранхүү Үндсэн хуулийн ачаар УИХ-ын гишүүнээс эгүүлэн татагдахгүй үлдэх нь ээ

Тэгвэл түүний энэ байдалд хариуцлага тооцох, эргүүлэн татах боломжтой болж байв. Тодруулбал УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан гишүүнийг эргүүлэн татах юм.  Яг ийм хариуцлага тооцох хуулийн төслийг 2018 оны 02-р сарын 09-ны өдөр өргөн барьлаа. Хаврын чуулганаар хэлэлцэх байв. Хэрвээ хуулийн төслийг олонхоороо батлах  юм бол хамгийн их хурал тасалдаг гишүүдийг эргүүлэн татах байсан ч хуулийн цоорхойн ачаар Б.Наранхүү гишүүн танхимдаа үлдэхээр боллоо. 


УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн 02-р сард  өргөн мэдүүллээ. Улсын Их Хурлын чуулганы хуралдааны ирц хангалтгүй, санал хураалтын үйл ажиллагаа дэгийн дагуу явагдахгүй байгаа нь Улсын Их Хурлын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа төдийгүй Улсын Их Хурлын Хурлын үйл ажиллагааны үндсэн хэлбэр болох нэгдсэн хуралдаан, Байнгын хороод, нам, эвслийн бүлгийн хуралдаан хэвийн явагдах нөхцөлийг алдагдуулах болсон, Өөрөөр хэлбэл Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дүгээр зүйл нь хуралдааны дэг, ёс зүйн зөрчил гаргасан гишүүнд ногдуулах хариуцлагыг зохицуулж, гишүүн хуралдаан тасалсан болон хоцорсон, бусад гишүүний өмнөөс санал өгсөн үйлдэлд нь ногдуулах хариуцлагыг орхигдуулсан гэж хууль санаачлагчид үзэж байна.
Иймд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны ирцийг сайжруулах, хуралдааны дэг сахиулах, гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй, бусад гишүүний өмнөөс санал өгсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэхтэй холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор хуулийн төслийг боловсруулсан байна.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй уялдуулан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд батлагдсанаар дараах эерэг үр дагавар гарах юм. Үүнд:
1. Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх үндсэн хэлбэр буюу чуулганы хуралдааны ирц сайжирч хуралдаан хэвийн явагдах нөхцөл бүрдэнэ.
2. Улсын Их Хурлын гишүүн нь хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хэлэлцэн батлахдаа гагцхүү санал өгөх эрхээ зөвхөн өөрөө эдлэх бөгөөд энэхүү эрхээ бусдад шилжүүлэх, бусад гишүүний өмнөөс санал өгөхгүй байх нөхцөл бүрдэнэ.
3. Чуулганы хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, удаа дараа хоцорсон гишүүнд тодорхой төрлийн хариуцлага хүлээлгэхээс гадна Улсын Их Хурлын гишүүний хоцорсон, тасалсан цагийн нийлбэр нь тухайн ээлжит чуулганы хуралдааны нийт хугацааны 1/3-д хүрснээр гишүүнийг эгүүлэн татах хариуцлагын тогтолцоо бүрдэх юм байна.
Гэвч чуулган завсарлах гэж буй энэ цаг үед уг хуулийн төсөл УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллаас дээрх хуулийн төсөл хасагджээ. Ингэснээр УИХ-ын гишүүн Б.Наранхүү хэсэг хугацаанд УИХ-ын нэгдсэн танхимд үлдэх боломжтой болсон. Харин хэлэлцэх асуудлуудын дундаас дээрх хуулийн төсөл хасагдсан нь Үндсэн хууль зөрчих гээд байгаатай холбоотой аж. Тодруулбал, Үндсэн хуульд УИХ-ын гишүүнийг гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд л эгүүлэн татах тухай заасан. Хурлаа тасалсан бол эгүүлэн татвал Үндсэн хууль зөрчих болоод байгаа юм. 
Харин Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд  УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах шинэ заалтууд тусч байгаа гэнэ. Хэрвээ үндсэн хуульд өөрчлөлт орох юм бол Б.Наранхүү гишүүнийг эгүүлэн татах боломжтой болж байгаа. Харин тэр болтол УИХ-ын гишүүн Б.Наранхүү эгүүлэн татагдахгүй, УИХ-ын чуулганыг тасалдахгүй юм.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!