Шинээр томилогдох УИХ-ын дарга Ц.Нямдорж нар л биш бол хэн ч байсан яахав?
Харин УИХ-ын дарга асан М.Энхболдыг унангуут МАН дотор дараачийн даргын марафон эхэллээ. "Гүргэр" М.Энхболдын орхин одсон суудалд залрах дараачийн эрхмийг өнөөдрөөс МАН-ын Удирдах Зөвлөлөөс тодруулах сурагтай.
Олон нийтийн зүгээс УИХ-ыг удирдах шинэ спикерээр М.Энхболдыг унагахад гар бие оролцож, ард түмний итгэлийг олж чадсан залуу гишүүдийн аль нэгийг болохыг сануулж, дэмжсээр байгаа. Тэдэн дундаас УИХ-ын гишүүн Т.Аюурсайханг илүүтэй дараачийн спикер болох шаанстай хэмээж буй. Л.Оюун-Эрдэнэ ч болох боломжтой. Бүр цаашилбал УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нарын тулхтай залуус МАН-д бий.
Гэтэл залуу гишүүд маань хэл амнаас айсан уу, туршлагаасаа нэрэлхсэн үү. Дараачийн даргад туршлагатай парламентчийг тавих нь зүйтэй гэж хойрголох болжээ. Тэдний хэлээд байгаа тэр туршлагатай улс төрчид нь өнөөгийн парламентад суугаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, Шадар сайд Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нар болж таарах юм.
Гэвч ард түмэн тэдний үзээд буй туршлагатай гэх төрийн "буг”-нуудаас нэгэнт залхжээ. Тэд төрийн толгойд гарснаар юу ч өөрчлөгддөггүй, харин ч эсрэгээрээ хэл ам, хэрүүл тэмцэл ширүүсдэг гэдгийг түмэн олон сайн мэднэ. Тэглээ ч одоогийн УИХ-ын бүрэн эрх дуусахад ганцхан жилийн хугацаа үлдсэн тул М.Энхболдоосоо илүү гарахгүй нөхдүүдийг тавьж төрийг самруулаад юү гэхэв дээ.
Тиймээс УИХ-ыг удирдах шинэ даргыг тодруулахдаа "хүний хуучин, дээлийн шинийг” гэдэг хуучирсан аргаа битгий хэрэглээрэй. Ард түмэн ахиж та нарын хэмлэлдэхийг хармааргүй байна шүү.
Шинээр томилогдох УИХ-ын дарга Ц.Нямдорж нар л биш бол хэн ч байсан яахав ээ...
А.Тамир