У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

🕔 2019/01/19 13:22

УИХ-ын дараагийн дарга хэн бэ гэсэн асуултын хариу энэ өдрүүдэд нэлээд эрэлттэй байв. Бидэнд олдсон мэдээллээр МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх М.Энхболдын оронд энэ парламентын хамгийн ахмад дөрвөн гишүүний нэгийг ажиллуулах саналаа илэрхийлсэн байна. У.Хүрэлсүх ингэхдээ хэн нэгнийг нэрлээгүй нь анхаарал татаж байгаа юм. "Хамгийн ахмад настай Ц.Нямдорж (63), Н.Энхболд (63), Д.Лүндээжанцан(62), Ө.Энхтүвшин (61) гэсэн дөрвөн гишүүн хоорондоо хэлэлцэж тохироод, хэн нэгийнхээ нэрийг УИХ-ын дараагийн даргаар оруулаад ирвэл би дэмжинэ” гэж У.Хүрэлсүх МАН-ын даргын хувьд эдгээр гишүүдтэй биечлэн уулзахдаа амалжээ. Түүний эл амлалт УИХ дахь МАН-ын бүлгийн Т.Аюурсайхан нарын залуу гишүүдэд таалагдаагүй бөгөөд У.Хүрэлсүхэд хамгийн ойр гэгддэг Л.Оюун-Эрдэнээр уламжлуулан дургүйцлээ илэрхийлсэн сурагтай. 

Ахмад дөрвөн гишүүн УИХ-ыг удирдуулахаар хэнийгээ илгээх бол? УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Шадар сайд Ө.Энхтүвшин хоёр хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигчид тооцогдож байна. Харин Хууль зүйн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хоёр өөрсдөө татгалзах болов уу гэсэн таамаг байна. Эндээс харахад Н.Энхболд дараагийн спикерээр нэрлэгдэх нь бараг тодорхой болов уу. Учир нь Н.Энхболд Батлан хамгаалахын мэргэжлийн бус сайд бөгөөд түүнийг орлох итгэлт хүн У.Хүрэлсүхийн дотно хүрээлэлд олон байдаг. Н.Энхболд гишүүний хувьд бантсандаа утсаар ярьж байгаа мэт дүр үзүүлэн ганцаараа ярьж жүжиглэсэн нэг удаагийн марзан явдлыг эс тооцвол олон нийтэд тэгтлээ муушаагдаж үзээгүй улстөрч билээ.  

УИХ-ын тухай болон Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж байна. Ерөнхийлөгчөөс өргөн барьсан уг төсөл батлагдсанаар гишүүдийн олонхийн саналаар УИХ-ын даргыг чөлөөлдөг болно. Ийнхүү УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахад зориулсан хууль энэ сарын 25-наас хэрэгжих боломжтой болох юм.

Б.Энхцэцэг  

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!