УИХ-ын даргад Ц.Нямдоржийг зүтгүүлэхээр тохиролцжээ
УИХ-ын 40 гишүүн чуулганы хуралдааныг сар гаруй хугацаанд бойколж, Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр УИХ-ын даргыг гишүүдийн олонхоор чөлөөлдөг байх төсөл УИХ-аар батлагдсан. Хууль өнөөдөр /2019.01.25/-өөс албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. Хууль хэрэгжихтэй зэрэгцэн УИХ-ын нэр бүхий 39 гишүүн гарын үсэг зурснаар, УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолыг УИХ-д өргөн барина. Өөрөөр хэлбэл, 39 гишүүн дэмжиж, гарын үсэг зурснаар УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх тогтоолын төслөө гардуулна.
УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төсөл ч бэлэн болж, аль хэдийнэ 40 гишүүн гарын үсэг зурсан өнөөдөр 09.00 цагт өргөн барихад бэлэн болсон гэнэ. Энэхүү тогтоол нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн бланкан дээр бичигдсэн бөгөөд утга нь:
" Улсын Үндсэн хуулийн 27.1 дэх хэсэг, УИХ-ын тухайн хуулийн долдугаар зүйлийн 7.1.3, аравдугаар зүйлийн 10.2.6-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлж байна” гэжээ.
Ингэхдээ УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 штрих.3-т заасан журмын дагуу хэлэлцүүлж өгнө үү гээд УИХ-ын нэр бүхий 40 гишүүний гарын үсэгтэй тогтоолыг боловсруулжээ. Уг бичигт УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Д.Мурат, Х.Нямбаатар, Ц.Нямдорж, М.Оюунчимэг, Я.Санжмятав, Д.Сарангэрэл, Я.Содбаатар, Г.Солтан, Д.Сумъяабазар, Д.Тогтохсүрэн, А.Сүхбат, Б.Жавхлан нарын нийт 40 гишүүн гарын үсэг зурсан гэж УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хэлсэн.
УИХ-ын даргыг огцруулахтай зэрэгцэн МАН дотор дараагийн УИХ-ын дарга хэн болох вэ гэдэг марафон өрнөсөн. Үүн дотор УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ц.Нямдорж нарын хоёр ч сайдын нэр яригдаж байв. Нас, туршлагын хувьд хэн хэн нь боломжтой гэж үзэж байсан бөгөөд энэ нь зөвхөн У.Хүрэлсүхийн талаас санал болгосон нэрс. Нөгөө талаас ч мөн хэд хэдэн хүнийг нэр дэвшүүлэхээр ярилцсан гэсэн мэдээлэл ч бий. Н.Энхболд, Ц.Нямдорж нарын аль нэг нь болно гэсэн таамаг, яриа ч улс төрийн хүрээнд яригдаад удаж буй. Тэгвэл хамгийн сүүлд ярилцсан "тохироогоор” УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг УИХ-ын дарга болгохоор болжээ. Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс "дэмжээгүй” гэх бор шувуу Төрийн ордонд нисэж байна. Тэгэхээр УИХ-ын даргад Ц.Нямдоржийг дэмжвэл, түүний оронд хэн нэгэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын суудлаар "шагнуулах” боломж гарч ирнэ. Түүнээс гадна МАН-ын хоёр талаас гарсан ажлын хэсгийн дунд Зам тээврийн хөгжлийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Хууль зүй, дотоод хэргийн яамдыг 27-ын фракцид өгөх тохироо хийгдсэн гэх албан бус яриа ч бий. Ямартай ч дараагийн УИХ-ын дарга томилогдвол бас нэгэн сайдын суудал эзгүйрэх нь. Харин энэ сайдын суудлыг тохироонд өгөх үү, шагналд өгөх үү гэдэг нь одоогоор тодорхой бус байгаа юм.
Ш.Чимэг