ЦАГААНДЭЛГЭР СУМ БЕНЗИН ОЛГОХГҮЙ АРАВ ХОНОЖ БАЙНА

🕔 2019/01/03 14:44
Дундговь аймгийн Цагаандэлгэр сум шатахуун авах станцгүй ес хонож байна. Учир нь тус суманд ганцхан шатахуун түгээх станц ажилладаг ч Мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагааг нь түр зогсоожээ.
Тодруулбал, оны өмнө буюу арванхоёрдугаар сарын 24-нд мэргэжлийн хяналтын газраас хоёр суманд төлөвлөгөөт шалгалтыг зохион байгуулж улмаар Цагаандэлгэр суман дахь "Хөрс” автосервис компанийн шатахуун түгээх станцын үйл ажиллагааг зогсоосон аж. Учир нь тус шатахуун түгээх станц нь барилга байгууламжаа Улсын комисст хүлээлгэж өгөөгүй, шатахуун түгээх станцын MNS 2013 46 98 гэсэн стандарт шаардлага хангаагүйгээс гадна "жижиглэнгийн тусгай зөвшөөрлийн үнээр үйл ажиллагаа явуулна" гэсэн тусгай зөвшөөрөлгүй байжээ.
Энэ талаар Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч Б.Золжаргал "Цагаандэлгэр сумын шатахуун түгээх станцад очиж шалгалт хийхэд жижиглэнгийн тусгай зөвшөөрлийн үнээр үйл ажиллагаа явуулна гэсэн тусгай зөвшөөрөлгүй байснаас үйл ажиллагааг нь түр зогсоосон”
Сумандаа ганцхан байдаг шатахуун түгээх станц нь ажиллахаа болиход иргэдийн амьдралд болон нутгийн удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд бэрхшээл тулгарчээ. Иймд тэд шаардлагатай шатахуунаа Говьсүмбэр аймаг, Улаанбаатар хот болон ойролцоох сумдаасаа зөөж байгаа аж.
Энэ тухай Цагаандэлгэр сумын засаг дарга Д.Бүджав хэлэхдээ, "Манай сум ганцхан шатахуун түгээх станцтай. Үүнээс өмнө 20 гаруй жилийн хугацаанд 80-аас өөр бинзен байдаггүй байсан. Хувийн хэвшилтэй хамтран тус колонкийг 2017 онд байгуулж байсан. Улсын комисст хүлээлгэж өгөх, тусгай зөвшөөрөл нь дутуу байсан юм байна. Одоо бичиг баримтаа гүйцээгээд зөрчил дутагдлаа арилгасан. Улсын комисс хүлээж авахад бэлэн байгаагаа бидэнд уламжлаад байгаа” гэв.

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!