ШАТАХУУНЫ ҮНЭ ДАХИН НЭМЭГДСЭН ҮҮ?

🕔 2018/08/16 17:25

 

Үндэсний их баяр наадмын өмнөх өдрүүдэд шатахуун түгээлтийн газрууд шатахууныхаа үнийг чимээгүйхэн өсгөчихсөн. Гэвч өчигдөрхөн гэхэд зарим бензин түгээлтийн газрууд үнэ тарифандаа өөрчлөлт оруулсан байна. Өөрөөр хэлбэл АИ-92 болон АИ-80 ангиллын түлшний үнэ хэд хэдэн бензин түгээлтийн газруудад 30 төгрөгөөр нэмэгджээ. Ийнхүү шатахуун нийлүүлэгчид он гарснаас хойш үнээ алгуур боловч хэд хэдэн удаа нэмлээ.

Энэ мэтчилэн шатахууны ялимгүй өсөлт өргөн хэрэглээний барааны үнэ үлэмж хэмжээгээр нэмэгддэгт иргэд бухимдангуй ханддаг. Хаанаа ч хүрдэггүй хөдөлмөрийн хөлсөө нэмэгдүүлэхээр арга аашаа барж буй эрүүл мэнд, боловсролын салбарынхны үндсэн цалин 2014 оноос огт өсөөгүй юм.

Бензин, түлшний үнэ тариф нэмэгдэж байгаатай холбоотойгоор Хот хоорондын зорчигч тээвэрлэгчдийн холбооноос өчигдөр зорчигч тээвэрлэлтийн үнэ тарифын асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тус холбооныхон саяхан Зам тээврийн хөгжлийн яаманд болсон хэрэгтэй холбоотойгоор ажлаа хийж байсан хүмүүс хариуцлага хүлээн огцорч, бидний хамтран ажиллах бодлого төлөвлөлтийн ажил гацаж буй харамсаж байна хэмээв.

Тус холбооны тэргүүн Т.Хүрэлхүү:

        - "Манай холбоо Монгол Улсын хэмжээнд нийт 72 чиглэлд 59 аж ахуйн нэгж 1000 гаруй тээврийн хэрэгслээр үйл ажиллагаа явуулж байна. Одоогоос найм хоногийн өмнө Зам тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ Авто тээврийн үндэсний төвийн дарга н.Дэлгэрнаран нарт хот хоорондын зорчигч тээврийн үнэ тарифыг зохицуулж өгөөч гэсэн  шаардах бичиг хүргүүлсэн. Харамсалтай нь яам бидний шаардах бичигт хариу өгөх боломжгүй боллоо. Зам тээврийн яамнаас 2008 онд хот хоорондын тээврийн үнэ тарифыг нэг хүн нэг км-т 50 төгрөгөөр зорчихоор тогтоосон.

Гэвч иргэдийн амьдралын төвшин зэргээс хамаарч одоог хүртэл нэг хүн нэг км-т 31-40 төгрөгөөр зорчиж байна. Энэ үнийг тогтоосон үе буюу 2008 онд бензиний үнэ 900 төгрөг байсан. Өнөөдөр бензиний үнэ тэр үеэс 3.5 дахин нэмэгдэж, 1900-2100 төгрөг болсон. Хот хоорондын тээвэрлэгчдийн холбооны мэргэжилтнүүдийн судалснаар өнөө үед тээврийн зардал, сэргээн босголт зэргээ тооцоолоод нэг хүн км-т 71-83 төгрөгөөр зорчих нь тохиромжтой бөгөөд бидэнд алдагдалгүй байна гэж тогтоосон.

Гэхдээ иргэдийн амьдралын төвшин, орлого бага байгаа учир 71 төгрөг биш юм аа гэхэд нэг хүн нэг км-т 50 гаруй төгрөгөөр зорчих жишиг үнийг ЗТХЯ болон АТҮТ-өөс тогтоож өгөхийг бид шаардаж байна. Хот хоорондын тээвэр эрхлэгч компаниуд цаг үргэлж алдагдалтай ажилладаг. Бид ашгийн төлөө бус гаргаж буй зардлаа нөхөхийг хүсэж байна” гэлээ.

Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо үүсгэн байгуулагч З.Энхбат хэлэхдээ:

        -"Бид өөрсдийн ашгийн тухай яриагүй байна. Зөвхөн зардлаа нөхөхийн тулд Сайдын баталсан жишгийн дагуу нэмэн зохицуулалт хийж өгөхийг л хүсэж байна. Үнэхээр хэцүү байдалд байгаа учраас ингэж байна. Хот хоорондын зорчигч тээвэрлэлт ААН-үүд хувьд 100 хувийн шатахуунаас хамаардаг. Шатахууны үнэ нийт зардлын 55-60 хувийг эзэлж байна” гэсэн юм.

Шатахуун импортлогч компаниудын зүгээс ер нь үнэ нэмэхдээ дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ өсөж байгаатай холбон тайлбарлаж байсан. Иймээс тухайн үед Засгийн газраас АИ-92, А-80 шатахуунд ногдох онцгой албан татварыг тэглэсэн. Дээрх шийдвэр гарснаас хойш шатахууны хомсдол арилсан боловч өчигдөрхөн зарим нэг шатахуун түгээх станцууд шатахууныхаа үнийг 30 төгрөгөөр нэмснийг холбогдох байгууллагууд анхааралдаа авна уу. 

Т.Намуу

Bataar.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!