Монгол төрийн тэргүүнүүд ажлаа өгснийхөө маргааш ухаардаг нь гунигтай

🕔 2018/12/28 13:38

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гээд төрийн толгойд заларч байсан эрхэмүүд албан тушаалаа өгснийнхөө маргаашаас нь шахам "Монгол Улсаа хөгжүүлнэ, ард түмнийхээ амьдралыг сайжруулна, шударга ёс тогтооно” гээд яриад эхлэх юм. Уг нь бол "Улсаа хүний дор орохоогүй хөгжүүл, наад нэг ядарсан хэдэн ард түмнээ ажилтай, ашиг орлоготой болгоодох, тэр алга болсон шударга ёсоо тогтоо” гэж л намынхан нь нэр дэвшүүлж, олноороо дэмжиж толгойдоо залсан. Ярьж байгааг нь хэрэгжүүлэх боломжийг олгож, хичнээн жил хүлээсэн гэсэн үг.

Гэтэл тэд нар төрийн толгойд гараад юу ч хийдэггүй. Юу хийж байгаа нь мэдэгдэхгүй алга болдог. Ард түмэн нь бүү хэл, анд нөхөд нь ч ойртож дөхөхийн аргагүй нэг их хамгаалалтад орж, хэдхэн хүний үгийг сонсдог болтлоо амьдралаас тасардаг нь үнэн юм. Сүүлд сонсох нь ээ, "Ийм хуйвалдаанд оролцсон, тийм бүлэглэлийг удирддаг, тэгж хулгай хийсэн, ингэж хууль зөрчсөн” тухай л дуулддаг.

Төрийн өндөр дээд албанд очно гэдэг эрх ямба эдлэхээс илүүтэй өдөр шөнө, цаг минут, нэг секунд ч алдалгүй улс эх орноо яаж хөгжүүлэх, эдийн засгаа яаж өсгөх, хүн ардаа яаж аятайхан амьдруулах, хүүхэд өтгөсөө хэрхэн халамжлах тухай бодож, төлөвлөж, ажил хэрэг болгож, шийдвэрлэж байдаг туйлын завгүй ялтай ажил. Үүнийхээ төлөө элэгдэж, эмтэрч, эрүүл мэндээ ч тавьж туух нь бий. Энэ бол ажил. Монгол төрийн нэртэй зүтгэлтнүүд ингэж л ажиллаж амьдарч байв. Тэднийг ард түмэн мартдаггүй, домог мэт яригдсаар, одоо ч амьд мэт хүндэлсээр байдаг.

Харамсалтай нь, сүүлийн үеийн дарга даамлууд маань төрийн тэргүүний ямбыг нь хэтрүүлэн эдэлж, ялтай ажил хэргийнх нь тухай ор тас мартаж орхидог мэт. Хийдэг ажил нь эрх ашиг нэгтэй бүлэглэлүүдийнхээ төлөө л санаа тавьсан байдаг. Харин ажлаа өгөхөөрөө гэнэт ухаардаг юм болов уу, элдэв хөдөлгөөн, нам байгуулж "Ард түмнийхээ сайн сайхны төлөө ажиллана аа. Энэ улс орон чинь болохоо байлаа” гэж сонссон хүн шүүрс алдмаар гоё гоё юм ярина. Дарга байхдаа ярьж байгаагаа хийхгүй яав даа гэж гол харламаар. Үнэхээр ч тэдний хэзээ хойно ухаарсан яриаг сонсохоор гол горойж халагламаар санагддаг юм. Бүгдээрээ хамгийн эрх мэдэл бүхий дарга байсан хүмүүс шүү дээ.

Монгол Улсын Ерөнхий сайд байсан Норовын Алтанхуяг "Нэгдмэл Монгол” нэртэй хөдөлгөөн байгуулснаа зарлалаа. Монгол Улсыг диваажин болгох юм байх. Энэ түүний хоёр дахь санаачилга нь. Хэдхэн жилийн өмнө "Алтангадас” гэдгийг байгуулж, бас л ингэж ярьж байсан. Нам болгоноос хүн оруулна, бодлого боловсруулна юу юу ч билээ, сайхан сайхан юмаа ярьж байсныг санаж байна. Тэгж явсаар түүнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилсон. Гэтэл яасан билээ дээ. Ерөнхий сайд байхдаа хошин шогийн жүжигчин шиг аягладаг байсан. Ажил яриад байгаа юм уу, арзаганаад байгаа ч юм уу аль аль нь мэдэгддэггүй. Сошиалынхны ганц шоолдог сэдэв нь л байлаа шүү дээ. Бүр Задгай цагаан нэртэй ч байв уу. Харин Ерөнхий сайдаасаа буучихаад өдөр шөнөгүй яриад байдаг болчихсон шударга бусын хонгилоо нураахгүй юугаа хийж байсан юм бол.

Намбарын Энхбаяр гээд нэг хүн байна. Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч гээд төрийн гурван том албыг ээлжлэн хашсан хүн. Одоо нам байгуулчихаад ард түмнийхээ сайн сайхны төлөө гээд гудамжинд хашгираад явж байна. Төрийн бүх өндөрлөгт ажиллаж байхдаа одоо яриад байгаа энэ бүхнээ хийхгүй үхсэнээ хийж суусан юм бол. Монгол Улсын Ерөнхийлөгчийн суудалд тасралтгүй найман жил суусан Цахиагийн Элбэгдорж мөн л өдгөө ардчилал, шударга ёс тогтоох, ард түмнээ бодох тухай ярьж эхэллээ. Өмнө нь Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн байсан хүн.

Байж болох хамгийн том албан тушаалд хичнээн жил суухдаа ард түмэн, улс орноо бодохгүй юу хийж байсан хүмүүс вэ. Албан тушаалаасаа буучихаараа л улс эх орон минь, ард түмэн минь гээд орилоод унах юм. Та нарыг албан тушаалд сонгосон ард түмэн чинь өнөөдөр элгээрээ мөлхөх нь холгүй байна. Улс орон чинь авлигад идэгдэн, эдийн засаг нь өөдлөхөө байсан. Бүр дампуурдгийн даваан дээр Олон улсын валютын сангийнхан тусалж байна. Та нар болон та нарын бүлэглэлийн цөөн хэдэн хүн л санаа зовох юмгүй сайхан амьдарч байгаа байх.

Улаанбаатарын агаар, орчин утгаа алдсан. Утааг арилгахаар зарцуулсан мөнгө ихсэх тусам улам өтгөрөн, улам нэмэгдэж байна. Хавдрын эмнэлэг ачааллаа дийлэхээ байсан. Энэ өвчнөөр тэнгэрт одсон мянга мянган монголчуудын үйлчлүүлэх байсан Хавдрын эмнэлэг барих мөнгийг та нар харамлаад өгөөгүй. Шударга ёс алдагдаж, танил талгүй бол ажил бүтэхээсээ өнгөрсөн ийм л байдал Монголд тогтжээ. Бүр байчихаад жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд очих байсан хөнгөлөлттэй зээлийг дээгүүрээ хуваагаад идчихсэн нь илрээд булайгаа дэлгэж байна.

Ийм л Монголыг та нар бий болгожээ. Одоо та нар "ард түмэн” ярьж жүжиг тавьдгаа боль. Та нарын үгэнд хичнээн жил хууртах вэ. Итгэх хүн олдохгүй л болов уу. Харин ч шинэлэг сэтгэлгээтэй дараагийн үедээ зайгаа тавьж өгөх цаг нь болжээ. Дэмий поп зүйл ярихынхаа оронд "Би ийм ажил хийх гээд чадаагүй юм аа. Тэр үед тийм алхам хийгээгүй байсан бол дээр байжээ” гэх мэт зүйл яриад сууж байх нь дараа дараагийн үед хэрэгтэй байж мэднэ.

Д.Оюунтуяа

 

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!