Авлигал явагддагаараа явагдана, эрх баригчид ялзардгаараа ялзарна

🕔 2018/11/06 17:37
 

Авлигал явагддагаараа явагдана, эрх баригчид ялзардгаараа ялзарна

 

Монголд өнөөдөр улс төрийн тогтолцооны ялзрал ид явагдаж байна. 

Монгол улс хамгийн анх 90 онд шинэ Үндсэн хуулиа баталж, Ерөнхийлөгч гэдэг цоо шинэ албан тушаалыг бий болгон, өдгөө уг албан тушаалыг албан ёсоор хуульчилжээ. Монголын хамгийн анхны Ерөнхийлөгч болон түүний дараах төрийн тэргүүн болсон хүмүүсийг энд нэг шинжилж үзье. Монгол улсын хамгийн анхны Ерөнхийлөгчөөр нэгэн цагт уул уурхай салбарт ажиллаж байсан П.Очирбат гэдэг хүн томилогдож билээ. Тэр үед ерөөс Монголчууд ардчилал, зах зээлийн эдийн засгийн тухай ямарч ойлголтгүй байсан ба ямар сайндаа л тухайн үед АНУ-аас Монголд ирсэн нэгэн эдийн засагч "Монголд зах зээлийн эдийн засгийн талаар ямар ч ойлголт алга” гэж хэлж байлаа. П.Очирбат гэдэг хүн тэр үед тэгж их ард түмнээс сонгогдоод Ерөнхийлөгч болчхоогүй, хар аяндаа л хуучин Ху намынхны дэмжлэгийг аван аз нь таарч, Ерөнхийлөгч болсон билээ. Энэ хүний хувьд Монгол улсын төлөө хийсэн зүйл үнэхээр бага гэдгийг ард түмэн сайн мэднэ.

Ямар сайндаа л тэрээр ард түмнээсээ "хээгүй Ерөнхийлөгч” гэсэн нэр хоч хүртэл авч байхав. П.Очирбат тухайн үед Дорнод аймагт ажлаар очоод байхдаа манай улс ирээдүйд газрын тос экспортлогч улс болох боломжтой гэсэн сайхан ерөөлийг тавиад өөрийн өмсч байсан цагаан дээлэндээ газрын тос нааж, Монгол улс удахгүй бар улс болно гэж ярьж байсныг өнөөдөр ч гэсэн хүмүүс мартаагүй л байгаа. Тэгээд тэр ерөөл биелсэн үү гэвэл огт биелээгүй ба өдгөө Дорнод аймагт Хятадын компани газрын тос ухан тэнд байгаа Монголчууд Хятадуудын хамаг хар бор ажлыг хийн өдрийг өнгөрөөн боол болж байгаа нь гашуун үнэн билээ. Үүний дараа тэрээр нэгэн удаа радио телевизэд ярилцлага өгөхдөө Монгол улсыг "бар” улс болгоно гэж амласан ч, улс нь харамсалтай нь "баар” улс болсон юм. Өөрөөр хэлбэл анхны маань Ерөнхийлөгч нэг иймэрхүү л бүдүүлэг, бүдүүн хадуун хүн байв.

Түүний дараа гарч ирсэн Ерөнхийлөгчдийн тухайд бол бараг яриад байх юм байхгүй гэж хэлж болно. П.Очирбатын дараа Ерөнхийлөгч болсон Н.Багабанди гэгч нэгэн ямар ч оюуны потенциалгүй хүн төрийн албыг төрлийн алба болгож, авилга албан тушаалыг бууруулах биш харин ч улам өөгшүүлж, төрийн тэргүүний албыг 4 жил хашсан юм. Түүний дараа гарч ирсэн Н.Энхбаяр гэдэг хүн түрүүчийхнээсээ бүүр долоон дор Ерөнхийлөгч байсан бөгөөд ард түмнийхээ дунд "авилгын загалмайлсан эцэг” гэсэн цолыг авсан талаар өдгөө амтай бүхэн ярьж байна. Түүний дараа гарч ирсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг уул нь ард түмэн анхнаас нь маш их дэмжиж, ардчиллын алтан хараацай байсан хүн Ерөнхийлөгч болсон юм чинь одоо л нэг улс орон хөгжин дэвших замдаа орох нь гэж итгэж байлаа. Харамсалтай нь Ц.Элбэгдорж Монгол улсын Ерөнхийлөгчөөр найман жил ажиллахдаа хийсэн бүтээсэн юм байгаа байж болох ч ардчилсан засаглалыг хөгжүүлж, авилгатай тэмцэх тал дээр ямар ч олигтой ажил хийгээгүй билээ.

Магадгүй түүний авилгатай хийсэн хамгийн том ажил нь Н.Энхбаярын оймсыг гозолзуулсан явдал л байсан болов уу. Түүний нэг сайн тал нь уран илтгэгч маягаар маш сайхан ярих чадварт байсан бөгөөд энэ чадвараараа ч тэрээр ардчилалаас асар их эд хөрөнгө авч, хуучин Ц.Элбэгдорж шинэ Ц.Элбэгдорж болон хувирсан юм. Ерөнхийд нь Ц.Элбэгдоржийн найман жилийн Ерөнхийлөгчийн албыг дүгнэж үзвэл зөвхөн улс төрийн эвдрэл тэмцлийн хэрүүлийн талбар л байв. Өнөөгийн Монголын улс төр нийгмийн байдлыг ерөнхийд нь дүгнэж үзэхэд сэтгэлгээний болон оюуны маш том хоосролд орсон гэдэг нь хэнд ч ойлгомжтой зүйл. Монголчууд манай улсад ардчилал хөгжөөд хорин хэдэн жил болсон гэж гадаад ертөнцөд сайрхан ярих дуртай боловч энэ нь зөвхөн өнгөлөн далдлалт төдийн "ардчилсан дарангуйлал” л байжээ.

Нэгэнтээ ийм болчихсон улс орон цаашдаа нэг их хөгжиж дэвшиж гавихгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой бөгөөд энэ нь яван явсаар бүр ужиг өвчин болж, нэг хүний дарангуйлалд ч орж болох аюултай юм. Ардчилал бол өөрсдийгөө ардчилагчид гэж дүрдээ итгэсэн хэсэг бүлэг хүмүүсийн эрх дарх биш. Ардчилал бол бүх нийтээрээ ижил тэгш эрхтэй байх зарчмын асуудал. Харамсалтай нь өдгөө цагийн Монгол улс төр нэгэнт ардчилсан замаар хөгжих нь бүү хэл хэсэг бүлэг хүмүүсийн ардчилсан "дарангуйлал” маягийн хяналтанд орсон тийм дэглэмтэй улс болоод уджээ. Энэ өвчнөөс салах тийм ч амаргүй. Аливаа удирдах албан тушаалыг хашна гэдэг бол асар их үүрэг хариуцлага байдаг бөгөөд тэр утгаараа ч төрийн тэргүүний албан тушаалыг хаших хүн маш их хариуцлага хүлээх ёстой байдаг билээ.

Аливаа улс орон төрийн тэргүүнээ сонгохдоо ямар ч бодлогогүй сонгодгоос болж ямар их зовлон бэрхшээл амсдагийг дэлхийн түүх нэгэнтээ батлан харуулсан байдаг. Түүний ойрхны нэг тод жишээ бол өнөөгийн Венесуэль улс юм. Венесуэль улс төрийн тэргүүнээрээ ямар ч мэдлэг боловсролгүй хар ажилчин Уго Чавес гэгчийг сонгосноос болж өдгөө тус орны ард түмэн маш их зовлон амсаж байгааг дэлхий ертөнц тэр аяраа мэднэ. Монгол ч гэсэн тэднээс дутах юмгүй бас л нэг худлаа ярьсан ялзарсан улс төрч, ялзарсан намын төлөөлөлтэй байгаагаа мартаж болохгүй. Тийм учраас эндээс нэг хариу нэхэгдэж байна. Ардчиллын нэр барьж,түүнээс завшагчдаас яаж хурдан салах вэ? гэж. Хариулт нь маш энгийн. Ардчилагчид гэж өөрсдийнхөө цээжийг дэлддэг хүмүүсийг улс төрийн орон зайгаас зайлуулсны дараа л ардчилал жинхэнэ утгаараа хөгжинө. Хэрвээ ингэж чадахгүй бол Монгол улс цаашдаа гадны колони улс болох,эсвэл дотооддоо хагаралдаж сөргөлдөх хоёрхон л зам үлдээд байна.

 

 Ж.Батдорж 

BOLOD.mn 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!