Шинэхэн дипломтой ажилгүйчүүд ба шилж голсон ажил олгогчид

🕔 2018/07/20 14:53

Шинэхэн дипломтой ажилгүйчүүд ба шилж голсон ажил олгогчид

 

Эдийн засгийн хямралын улмаас ажилгүй иргэдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Тодруулбал,  Үндэсний статистикийн хорооноос гаргадаг сар бүрийн мэдээллээр ажилгүйдэл сүүлийн хоёр жилд хоёр дахин нэмэгдсэн гэсэн судалгаа гарсан. Өөрөөр хэлбэл ажилгүйчүүдийн эгнээ энэ хэрээр тэлсэн гэсэн үг. 

Он гарсаар эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд 34,7 мянган иргэн ажилгүй хэмээн шинээр бүртгүүлжээ. Эдгээрийн 30 орчим хувийг сургуулиа төгсөөд ямар нэгэн байдлаар ажил хайж байгаа иргэд эзэлж байгааг статистикийн газраас хэлж байна.

Хамгийн харамсалтай нь улсын хэмжээнд бүртгэлтэй нийт ажилгүй иргэдийн 50 орчим хувийг 15-35 насныхан эзэлж байгаа юм.

Арга ч үгүй биз. Та бидний эргэн тойронд их дээд сургууль төгссөн найз нөхөд, танил талын, садан төрлийн  залуус хөдөлмөр эрхлэхийг хүсээд ч ажил олдохгүй уруу царайлж ээж ааваасаа татаас аван амьдарсаар байгаа. Энэ бол бидний хувьд дэндүү танил дүр төрх болсон төдийгүй бараг л нийгмийн хэм хэмжээ мэтээр хүлээж авдаг.  Үүний буруутан нь хэн бэ. Аливаа төрийн үндсэн үүргийн нэг нь иргэдээ ажлын байраар хангах явдал. Хөдөлмөрийн насны нэг сая гаруйхан иргэдээ ажлын байраар хангаж чадахгүй байгаа нь төр үүргээ хэрэгжүүлж чадахгүй байгаагийн шинж. Тэгснээс ажил орлоготой болох мөрөөдөл тээн лааз өшиглөж яваа залуучуудаа буруутгах аргагүй. Нэг үеэ бодвол манай залуусын ухамсар сэргэж ажил хийх сонирхолтой болсон.   Гэвч  нөхцөл байдал тэдний хувьд хүсэхэд хясна гэдэг шиг л байна. Ажилгүй, ажил хайсан залуус хаа сайгүй.

Уг нь Монголд ажлын байр байхгүй биш байгаа. Үүнийг зарын сайтуудаар дүүрэн байгаа ажилд авна гэсэн зарууд гэрчилнэ. Аав, ээжийнхээ цалингаар 18 нас хүртэл амьдраад, 22 нас хүртлээ сургалтын төлбөрөө даалгаж төгсөөд арай гэж дипломоо аваад, ажилд орох гэхээр ажлын байранд тавигдах шаардлага нь хэтэрхий өндөр. Тухайлбал, захын нэг жижиг ресторан зөөгч, үйлчлэгч ажилд авахдаа, дээд боловсролтой, 170 см-ээс дээш өндөртэй, царайны зөв дүр төрхтэй байх ёстой гэсэн шалгуур тавьдаг.  Тэр байтугай нэгэн байгууллага үйлчлэгч авах зар тавихдаа гадаад хэлний мэдлэг зааж өгсөн байх жишээтэй. Бүр зарим нэгэн ажил олгогч залуу эмэгтэйчүүдэд ганц бие, ардаа татлааг түлхэлээгүй байх шаардлага тавьдаг.  Энэ мэтээр Монголд "стандарт" бус хачирхалтай жишиг тогтоож, ажил амьдралын босгоор дөнгөж орж байгаа залуучуудын зүрхийг үхүүлдэг. За тэгээд бүрдүүлэх бичиг цаас тодорхойлолт гэхчлэн хэрэгтэй хэрэггүй баахан бичиг цаас нэхнэ. Хэтрүүлж хэлбэл 9 үеийнхээ түүх намтрыг өг гэх нь холгүй.

Өнөөдөр их, дээд сургууль төгссөн дээд боловсролтой хүн зөөгч, үйлчлэгчийн ажил хийнэ гэдэг эмгэнэл. Аль ч талаасаа энэ бол залуучуудын хүсэмжлэл лав биш. Гэхдээ л яахав, хувь заяатайгаа эвлэрэхээс арагагүй.  Дээд боловсрол эзэмшчихээд зөөгч, үйлчлэгчийн ажил хийх гэж "алалцаж” байгаа залуучуудыг харахаар өөрийн эрхгүй харамсах сэтгэл төрөх. Гэсэн хэдий ч тэднийг буруутгах аргагүй. Учир нь дөнгөж сургуулиа төгссөн залуучууд мэргэжлээрээ ажилд орох гэхээр ажлын туршлагатай, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх ёстой гэсэн шаардлагатай нүүр тулдаг.  Энэ нь залуусын нийгэм дэх үнэлэмжийг бууруулах гол шалтгаан болдог. Мөн энэхүү шалгуураас болж залуус ажилд орох цаашлаад биеэ даах хүсэл сонирхолгүй болж бэлэнчлэх сэтгэлгээнд автах хандлага давамгайлж байгаа нь харагдаж байна.

Өнөөдрийн залуучуудын ажилгүйдлийн гол шалтгаан ердөө л энэ болж байна. Шударга, ардчилсан нийгэм маань залуучууддаа ингэж л хатуурхаж байна. Хүн ажиллаж байж л ажлын туршлагатай болно. Гэтэл бүх газар ажлын туршлагагүй гээд авахгүй байхаар залуучууд яаж туршлага хуримтлуулах нь ойлгомжгүй байна.

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн талаарх иргэдийн байр суурийг сонслоо.

25 настай Г.Н:

-Сургуулиа төгсөөд 3 жил болж байна. Улсын сургуулийг Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр суралцаж төгссөн. Төгссөнөөсөө хойш мэргэжлээрээ ажиллаагүй. Сургуулиа төгсөөд бааранд зөөгч хийж байгаад одоо нэг хувийн компанид угтагчаар ажиллаж байгаа. Анх төгсөөд мэргэжлээрээ ажиллах хүсэл маш их байсан ч дөнгөж төгссөн бидэн шиг хүмүүсийг нягтлангаар авах газар угаасаа олдохгүй юм байна. Тэгээд л өөр ажил хийж эхэлсэн. Одоо ч бараг мэргэжлээрээ ажиллана гэдэг худлаа байх даа. Сурсан мэдсэн зүйл маань ч эхнээсээ мартагдсан байна.

23 настай А.С:

-Би программ хангамжийн чиглэлээр сурч төгссөн. Гэхдээ одоо болтол ажилд орж чадаагүй гэртээ байгаа. Ажилд орох гэхээр бараг бүх газар туршлагатай хүн ажилд авна гэх юм. Уг нь ажил хийж байж л туршлагажин биз дээ. Сүүлдээ бүр аргаа бараад цалингүй ажиллаад ч хамаагүй дадлагажуулаад ажилд аваач гэж хүртэл гуйж байхад харин ч бүр эсрэгээрээ ямар ч чадваргүй хөгийн амьтан гээд доромжлон эсвэл чи тагнуулдах гээ юу ч гэх шиг , ингээд байхаар залуучууд бид чинь тэгээд яаж ажлын туршлагатай болох юм бэ ойлгохгүй л байна. Манай ангийнхан ихэнх нь ажилгүй байгаа. Цөөн хэдэн танил талтай, мөнгөтэй хүүхэд л мэргэжлээрээ ажиллаж байгаа.

48 настай Т.Ө:

-Ажлын олдоц муу байна. Үүнд олон төрлийн хүчин зүйлс нөлөөлж байна. Зарим тохиолдолд залуучуудын мэдлэг боловсрол нь дутдаг тал байдаг л байх. Ихэнх ажил олгогчид хэт өндөр шаардлага тавьж байна. Их дээд сургуулийг нь амжилттай дүүргэж, мэргэжил мэдлэгийг нь эзэмшсэн  хүүхдүүдийг  "Ажилласан жил байхгүй, туршлагагүй”  гээд ажилд оруулахгүй байна шүү дээ. Ажил олгогч нар голчлон гурваас дээш жил ажилласан хүнийг л ажилд авах сонирхолтой байдаг. Үүнээс болж  ажлын байрны олдоц муу байна. Манай нэг хүүхэд энэ жил СЭЗДС- ийг төгссөн ч ажилласан жил байхгүй гэсэн шалтгаанаар ажилд ороогүй гэртээ сууж байна.Түүнчлэн ажилд авахдаа амласан цалингаа өгөхгүй байна. Залуу хүмүүсийг ажилд авахгүй байхад тэтгэвэрт гарсан хөгшчүүдэд ажил олдоно гэж үлгэр болсон цаг шүү дээ. Наад зах нь л бид ажлын зар хараад очихоор "Та нарын үе өнгөрчихсөн байна, 35-аас доош насныхныг авна” гэдэг. Тэгсэн ч яг тэр насны хүмүүстээ ч амласан цалингаа өгч чаддаггүй, залуучууд болохоор нэрэлхээд анх амласан цалингаа нэхэж авахаас эмээдэг. Тэгээд нөгөө ажлаасаа гараад өөр ажил хийе гэхээр нөгөө л худалдагч, зөөгч мэтийн ажлууд л олдож байна шүү дээ.  Уг нь улс орныхоо ирээдүй болсон залуучуудыг дэмжээд явбал хэн хэндээ л хэрэгтэй баймаар.

19 настай О.Б:

-Би оюутан. Зуныхаа амралтаар ажил хийхээр хайж үзсэн боловч зоогийн газар, ресторанууд зөвхөн үндсэн ажилтан авна гээд оютнуудыг ажилд авдаггүй юм байна лээ. Оютнууд ажилд орлоо гэхэд эцэг эх нь оройн цагаар ажилладаг , архи дарс уусан хүмүүстэй харьцдаг, зан нь эвдэрчихнэ гээд дургүйцдэг. Оюутнууд ч өөрсдөө амархан шантардаг. Бидний бодлоор хичээлийн бус цагаар ажиллах ажлын байр их байвал ажил гололгүй хиймээр л байдаг юм. Гэхдээ цагийн ажилд орлоо гэж бодоход жинхэнэ ажилтан нь биш учраас  үндсэн ажилтнаасаа хэд дахин бага хөлс өгдөг. Төгсөнгүүтээ мэргэжлийн  ажлаа хийе гэвэл таньдаг хүнээ л гуйж байж ажилтай болдог болдог гэсэн.

Т.Гэрэл

Zaluu.com


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!