АХМАД ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭГЧ Д.ДУЛАМСҮРЭНГ АЛДАРШУУЛЛАА

🕔 2018/09/26 19:28

--------------------------------------------------------------------------МАНАЙ ЗОЧИН

Олон улсны ахмад настны өдрийг угтан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа дундговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас санаачлан ахмад настны хөдөлмөр, алдрыг хойч үедээ таниулан алдаршуулах ажлын хүрээнд өнөөдрийн манай сайтын зочноор ахмад ажилтан Долгорын Дуламсүрэнг оролцуулж байна..

 

Долгорын ДУЛАМСҮРЭН 1941 онд Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Тал гэднг газар төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр мал маллаж байгаад 1949 онд Буянт-Овоо сумын бага сургуульд орж улмаар Улаанбаатар хотын 14 дугаар дунд сургуулийг төгссөн. 1985 онд Худалдаа бэлтгэлийн яамны мэргэжил дээшлүүлэх курст суралцаж нягтлан бодогчийн мэргэжил эзэмшсэн.

Д.Дуламсүрэн нь 7 хүүхэд төрүүлж өсгөснөөс гурван хүүхэд нь мал маллан мянгат малчин болж, дөрвөн хүүхэд нь төрийн албанд буюу худалдаа, хуулийн байгууллагад нэр хүндтэй ажиллаж, ээж, аавынхаа ажил, албыг үргэлжлүүлж байна.

1959-1984 онд аймгийн Худалдаа бэлтгэлийн ангид нярав, нягтлан, 198-1987 онд аймгийн Монгол банкны салбарт хянагч ня-богоор ажиллаж байгаад аймгийн намын хорооны шийдвэрээр аймгийн шүүхийн тогтоол гүйцэтгэх тасгийн ахлах шийдвэр гүйцэтгэгчээр ажилласан. 

Д.Дуламсүрэн нь улсад 30 гаруй жил ажиллаад 1991 онд тэтгэвэртээ гарсан юм. Тэтгэвэрт гараад гэр бүлийн хүн Г.Төмөртогоотой мал, аж ахуй эрхлэн улсын мянгат малчин, Өлзийт сумын сайн малчин  болсон. Одоо ч өөрийн мал, аж ахуй эрхлэн үр хүүхэд, ач, зээтэйгээ амьдарч байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1973, 2011 оны зарлигаар "Алдарт эхийн I, II одон”, Ардын хувьсгалын 50, 60, 70, 80 жилийн ойн медаль, Социалист хөдөлмөрийн бригад, "Социалист хөдөлмөрийн гавшгайч I, II” медаль,  Социалист худалдаа 60 жилийн ойн тэмдэг, Худалдаа бэлтгэлийн тэргүүний ажилтан, баярын бичиг, өргөмжлөл, 2000 онд Улсын "Мянгат малчин”, 2004 онд Дундговь аймгийн Өлзийт сумын "Сайн малчин”, Дундговь аймгийн Өлзийт сумын 90 жилийн ойн тэмдэг, 2006 онд Монгол улсын шүүх 70 жилийн дурсгалын тэмдэг,  2007 онд ШШГБ-ын Хүндэт тэмдэг, 2011 онд ШШГБ-ын 90 жилийн ойн тэмдгээр тус тус шагнагдсан.

 

 

АЖИЛЛАЖ БАЙСАН ҮЕ САЙХАН ДУРСАМЖТАЙ...

 

Миний ажиллаж байх үед тогтоол гүйцэтгэх ажиллагаа явуулахад өөрсдийн унаа байдаггүй захиргааны болон эмнэлгийн унаанд дайгдана. Айлаас эд зүйл хураавал түүнийг авч явахад маш хүндрэлтэй байлаа. Унаатай болох талаар байнга л шахуу хүсэлт тавьдаг байсан.

Бид цалин муу байна гэж нэг удаа санал тавихад та нарын цалинг нэмэх боломжгүй харин дүрэмт хувцас өгнө гээд дүрэмт хувцастай болж байлаа. Тэр дүрэмт хувцсандаа дасаж өгөхгүй байсан учир нэг их өмсөөд байдаггүй байлаа. 

Миний ажиллаж байх үед одоог бодвол төлбөр нэг сая төгрөгөнд эргэлддэг байсан нь тухайн үедээ өндөр үзүүлэлтэнд тооцогдож, тогтоол гүйцэтгэгч нарын гар дээр хүүхдийн тэтгэлэгийн 500 гаруй материалтай ажиллагаа хийгддэг, бодит биелэлтийг 90-ээс дээш хувьтай заримдаа 100 хувьд ч хүргэн ажиллаж байсан байна. Тэр үеийн бодлогоор 95 хувиас дээш бол урамшуулал бодож олгодог байсан нь тэдний ажлыг үнэлж байсан нэг хэлбэр юм.

 

 

 

Хэнтий аймагт очсон зөвлөлгөөнөөр харилцан бие биенээсээ туршлага судлах зорилготой байснаас гадна ажлын онцлогоосоо шалтгаалаад илтгэл тавьж байлаа. Тэр үед шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ө.Баярмөнх "Өр барагдуулах арга” сэдвээр илтгэл тавьж байлаа.

Хэнтий аймагт болсон сургалт, зөвлөгөөнд оролцоод буцаж явж байхад төмөр замын гарам өнгөрөөд нутгийн айлд ордог юм байна. Тухайн үед говийн гурван аймгийн төлөөлөгчид явж байлаа. Буусан айл маань унага тамгалан боржгин найр хийж байсан учир биднийг сүрхий дайллаа. Тэгж байсан унага тамгалж дуусаад айлын эзэн гэртээ орж ирээд бидэнд дархан хулаар айраг өгдөг юм байна. Тэгтэл тэнд сууж байсан хүмүүсээс Өмнөговийн шүүхийн дарга Ц.Сумьяа дарга л тэр дархан хулаар айраг уугаад бусад нь ууж чадаагүй юм. Ийм нэг хөгжилтэй дурсамж санагдаж байна.

    Миний ажиллаж байх үед тогтоол гүйцэтгэгчээр ажиллаж байсан хүмүүсээ дурсан санахад ажлын төлөө гэсэн чин сэтгэлтэй сайхан хамт олон байсан. Тухайлбал: манай Сэдэдийн Пүрэвсүрэн бол  их дээд сургууль төгсөөгүй ч гэсэн тооны тал дээр маш сайн цээжээр л тоогоо бодно шүү дээ. Харин Ө.Баярмөнхийн хувьд олон жил тогтоол гүйцэтгэгчийн ажил хийж байсан туршлагатай хүний арга эвийг олохдоо маш сайн ажил нь гарт нь орсон ийм л ажилтай залуу байсан. Д.Санжаажамц бол сайн тогтоол гүйцэтгэгч, дээшээ дэвшээд шүүгч болоод явсан, боловсрол мэдлэгтэй сайн залуу байсан. А.Лхагвасүрэн маань их наргианч их хөдөлгөөнтэй овсгоотой залуу байсан шүү.  Одоо ч Аймгийн Шүүхийн Тамгын дарга хийгээд гялалзаж явна. Эдгээр хүмүүс бүгд ажилдаа идэвхтэй санаачилгатай байсныг эргэн дурсахад сайхан байна.

 

                                         Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахмад ажилтан  Долгорын ДУЛАМСҮРЭН

 

АХМАД ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭГЧ Д.ДУЛАМСҮРЭНГ АЛДАРШУУЛЛАА

 


 

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!