"БААВАР" ДАШЗЭГВИЙН НЭЭСЭН ЕРТӨНЦ

🕔 2018/09/24 22:52

"Шашир дэлтэй шаргаараа
Шандын говийг туулах уу даа
Өтгөн сүүлтэй хүрнээрээ
Өргөн хангайг давах уу даа
Хоёр л борынхоо тарганд
Найрланхан сууж жаргая
Хойтох сайдынхаа эзгүйд
Намаржин сууж найрлая "
гээд дуулж байхад урлагийн алтан үеийн томцуул эгнэн суучихаад сэтгэл хангалуун толгой дохиж суусан хормыг Дашзэгвэ дурсах дуртай.  Түүний дуулсан "Хоёр бор” гэдэг Монгол ардын уртын  Монголын радиогийн алтан фондонд бий.

          "Адаацаг сум маань хоёр өндөрлөгтэй юм. Нэг баатартай, нэг дуучинтай. Бас тэгээд хоёулаа Дашзэгвэ нэртэй” гэж ерээд онд Дундговь аймгийн даргаар ажиллаж байсан Б.Дамдинсүрэн нэгэнтээ үнэлсэн  гэдэг. Нэг нь хөдөлмөрийн баатар Бямбын Дашзэгвэ, нөгөө нь "Эр бор харцага” "Хоёр бор” уртын дууг  нийслэлд болсон аймгийн декаданд дуулан урлагийн томчуулыг гайхшруулсан  Жамбын Дашзэгвэ. Энд би Жамбын Дашзэгвэ гэж сонин, бас их содон хүнтэй ярилцаж байна. Түүнийг нутгийхан "Баавар”  гэж баатар амидаагаас нь ялгадаг."Баавар” гэсэн үгийг Монгол хэлний тайлбар толиос хайхаар "Эмээлийн чимэг” эмээлийг сүр оруулдаг гол  хэрэгсэл гэсэн байх юм. Тэгэхээр  ямар ч байсан  сум орондоо чимэг болсон эрхэм хүн учраас түүнийг "Баавар” хэмээн нэрлээ буйзаа.

     -Малчин Дашзэгвийн анхны алхам хэрхэн эхэлсэн бол?   

    -Дашзэгвийнх гэдэг айл гал голомтоо бадраагаад зургаа хонож байтал их зудын түрүүчийн дохио болж халуун намраар цас нэвсийтэл дарсан. Манай нутгийн ахмадуудийн нэг халзан Жамц "Залуу хүн чангахан юмаар амлах нь зөв”  гэж тэр үед өгүүлсэн нь тухайн үедээ тавласан шиг сонсогдсон ч алт  шиг сургамж байж дээ.  Их хүйтэрч шуурга өнжихгүй шуурч ахуйд зориг зүрх мохох өдөр байсан ч Халзан Жамц гуайн үгэнд л зүрхээ чангалж явлаа. Цас ч их унасан. Хүйтэн ч гэж тас няс. Мал тарган тулдаа л давахад нэг юм бодогдсон. Зуд, зуд л гэнэ тарган мал бол давах л юм байна хэмээн эрэмшсэн. Залуу хүний зориг зүрх ч амтагдах юм билээ. Түүнээс хойш 15-16 зуд таарлаа. Зудыг давах арга ухаан ч суух юм. Овооны ар өвөр дэх айлын нэгнийх нь үхээд л, нөгөөх  болохоор туурай нь тачигнаад л соргог сэрмүүн байгааг ажиллагааны ялгааных гэхээс яахав. Дараагийн их зуд 1976 оных. Манай  сум-нэгдлийн даргыг мал үхүүллээ гээд "Аавынх” аваад явчихдаг жил. Тэр жил манайх  нүүгээгүй. Яг тийм жил уржнангийнх. Тэр өвөл бас  нүүгээгүй. Эхнэр, хүүгийн хамт гурвуулхан өнгөрсөн жилийн хатуу зудтай "Зодолдсоор” өвөл, хаврыг давсан.  Бусад жил Туулын хойт нуруу,
Өнжүүл хүрч оторлоод л явлаа. Отроос олох юм ч бий, гарах юм ч бий.  Манайх уул нь 2002 оноос хойш бараг өвөлжөөндөө ирээгүй. Уржинан жилийх бол ердөө л тохиолдол. Нүүгээд эхэлтэл цас дарчихсан. Тэгэхлээр арга буюу өвөлжөө рүүгээ эргэсэн нь харин хожчихсон. Нүүгээгүйн гарз гэж байнаа.

    -Ямар гарз гарах вэ?

-Үгүйдээ тэжээлд их мөнгө зарна. Бас мал юм хойно ганц нэгээр нүд анина. Ямар төмрөөр хийчихсэн амьтан биш.  Гэхдээ л амтай бүхэн хатуу хахирыг нь гайхсан 2010 оны зудыг сайн давсан.

-Байгаль дэлхий ч янз бүрийн араншин гаргана даа. Тэр бүхэнд малчин та нар улаан гараараа үзэлцэх юмаа?

–Бид дээр үеэс тэнгэрээ эцэг, газраа эхтэйгээ зүйрлэж шүтэн дээдэлж энхрийлэн хайрлаж ирсэн ард түмэн. Дэлхийн дулаарал, хүч түрсэн цөлжилт, хуурайшил чийг өгөхгүй малчин биднийгээ  олон жил тарчлаасан даа. Эцэг тэнгэр чийгээ өгвөл эх байгаль харамлахгүй гэдгийг энэ жилийн ургац харууллаа.  Ойрын хоёр  жилийн ургацын олон нэр төрөлтэй байгааг хар даа. Энэ бол байдсан чийгний өгөөж. Намар өвлийн их чийг олон жил сэргээгүй үндсийг хөөгөөд өгсөн нь тэр. Дэрс хэзээ ингэтэл шимэлдэглэн ургаж байсан юм. Арав, хориод жил хараагүй л байхгүй юү.  Шарилж энд тэндгүй ургалаа. Зарим тойромд суугаа хүн харагдахааргүй шивээлэн ургалаа. Монгол, агь, хялгана, бут, бударгана ч ноднин жил шиг ургахыг ойрын жил харсангүй. "Зуд зургаан зулагтай” гэдэг. Яах аргагүй зуд гарзтай ч байдсан чийгээ үлдээгээд явсан юм. Ноднин жил их сонин жил байлаа. Байдсан чийгийн нөлөөгөөр мал овоо тэнхэртэл зургаан сар туждаа гандлаа. Байдсан чийгний ногоо гурван хуруу хэртэйдээ цул уураг байдаг юм билээ.  Энэ үеийн ногоо малд эрдэнэ л гэсэн үг. Долоо, найман сард харин дажгүй шүү. Үүлэнд нөлөөлөө биз дээ. Улсын баяраас хойш сүрхий халж "Хярвасласан” нь бас ургац хатаагаад авч чадсан ч найман сард сэргээгээд авлаа.  Амь тариа шүү. Үүнийг би Адаацагийнхаа жишээн дээр ярьж байна шүү. Өдөр нь нохой гаслам халаад шөнө нь хүйтрээд байна гэдэг чинь байгалийн тэнцвэр алдагдсаны л дохио. Харин зарим шөнө хар чийг унаж хонож байсан. Хар чийгэнд ногоо их ургадаг. "Ногоо шөнө ургадаг” гэдэг үнэн л дээ.  Бидний багад манан татаад үүл газардаад л чийг дутдаггүй байсан болохоор ургамал бүхэн ургадаг байж.   Хуурайшилт   урт үргэлжлэхээр усгүй үүл тэнгэрт хуримтлагдаад байна. Судлаачид ч ингэж ярих юм билээ.

-Та ч заяаны хоньчин хүн юмаа. Таны ярианаас  хонь үнэртээд байх шиг санагдах юм?

-Би чинь  "Хонины хүн” Арга ч үгүй биз дээ, хонь маллах ертөнцийг өөртөө ямар нэг хэмжээгээр нээлээ.   Байдсан чийгний ногоог гурван хуруу  хэртэйд идсэн мал тарганыхаа суурийг тавьчихдаг. За тэгээд 10-11 сард халиман тарга авахуулчихвалдаа болох нь тэр.  Тэр үед л миний санаа нь амардаг. Халиман таргатай бол баргийн зудад хэлтийж хазайхгүй.  Халиман тарга авчихсан хонины сүүлний дээд талд дэлэм үс, их бие, гэдэсний заагт бөөрөнхийлж хуйлсан юм шиг үс, шилний нь араас дагз руугаа нөмөрсөн үс янзтэй ургана даа. Таргалж гүйцсэн малын үс хүртэл тэгэж гүйцэж урган монгол малын сүр хүчийг гайхуулаад өгнө.

      -Танай сум ер нь хонь маллагааны бүхэл бүтэн академи шиг санагдах юм. Нөгөө баатар Б.Дашзэгвэ болохоор "Хонь үснийхээ үзүүрийг хүртэл таргалдаг” гэж ярьдаг. Тэгэхлээр таны яриа үүнтэй их дүйж байх шиг?

       – Сүүлийн хорин жилийн ган гачиг, зуд турханд өртөөд халиман таргатай мал харагдаагүй. Өөхөн бөөрөнхий тарга хоёр шуурганы ая даахгүй юм билээ.  Гүйцэд махлаагүй,  махан таргагүй  мал өвлийн 1-2 сард л турчихдаг. Би ер нь малын тооны хойноос хөөцөлдөхийг үздэггүй. Яагаад гэхлээр тоо олшрох тусам чанар орхигддог. Тийм болохоор хуцаа өнжөөж нийлүүлэгт тавьдаг. Тэр хооронд сувайрсан мал өөхөн, махан, халиман таргаа гүйцэд авч өвлийг давах чалх суудаг.
Хонь хариулгаас их шалтгаалдаг. Өвлийн маллагаанд уулын нөмрөөс илүү алсын нөмөр хэрэгтэй. Тэнд бээрээ нь гардаг.  Жаахан бүлээцээд ирэхээр нь салхи жишүүлэн нар тусах газар дагуулснаа үдээс хойш салхи сөргүүлэх маягаар хариулдаг аргатай. Нар шингэхдээ хамгийн сүүлд тусдаг газар хужир тосгуулан тавьж  хужирлаад хотлуулна. Ингэхэд хотондоо бээрчих хонь гэж үгүйдээ. Хотондоо бээрчихлээ, осгочихлоо гэдэг чинь ганц хүйтнийх биш хоол ундны нь хэмжээ, орц жор таараагүйнх л байхгүй юү.  Зудад манайхан хамаг малаа туугаад л гарчих юм. Муугаар бодоход "Модоо барьж” ирэх болвол яана. Тэгэхлээр  ядуу доройг аргал дээрээ /Нутагтаа гэсэн үг гэж тэр онцолно лээ/ үлдээн тэжээж , сувай, шилмэл, чадал бүлтэйгээ оторт авч гаргахыг дээдэс маань сургаж байлаа.

Энэ чинь одооны хэлээр малаа онд оруулах нэг маневр юм. Отроос "Модоо барьж” ирвэл хотонд үлдсэн нь хэрэг болно. Хотоо "Харлуулчихвал” отроос буцаж ирэх мал амьдрал залгуулна гэсэн хувилбар юм. Бэлчээртэйгээ зөв харьцаж ухаалаг ашиглах чухал.  Бэлчээрийнхээ ургамлын үрийг буутал гурван сар мал бэлчээлгүй амраадаг. Буусан үр дараа жилийн ургацын үрийн нөөц. "Тариачин хүн үрээ иддэггүй” гэлцдэг. Тэгвэл малчин хүн ч малынхаа дараа жилийн ургацын үрийг ингэж нөөцлөхөөс яахав.

 Манай өвөлжөөний ойр  судлаачдын хашсан бэлчээр бий. Тэнд өнгөрсөн жил дөрвөн төрлийн ургамалтай байсан бол энэ жил есөн төрөл ургачихаж. Байдсан чийгний ач  гэнэ. Хужиртай ч байсан онгоцонд нь давс тавьж өгнө. Энэ нь ясны хэмийг бэхжүүлдэг.

-Таныг нутгийнхан "Баавар” гэлцэнэ. Зарим нь дуучин гэх юм. Жаахан тодруулаач?
      -Манай эцэг энэ хонхортоо нэрд гарсан дуучин байж. Би ч эцэг шигээ дуучин болно гэж бодож ч явсангүй. Гэтэл  аймгийн соёл, урлагийн арав хоногт дуулах юм болоод явчихав.  Хоёр ч удаа дуудлага, зарлага ирсэн ч явж зүрхэлсэнгүй. Айл болоод удаагүйг ч хэлэх үү, нэгдэл нийгмийн олон мал алдаж асгавал ч яах билээ гэж бодсондоо л тэр. Гэтэл аймаг орны нэр төр, энэ тэр ярьж ухуулсаар аймгийн төв орж бэлтгэлд орох нь тэр.  Эхнэр Б.Надмидцэрэн ч "Хэрэгтэй болоод л дуудаа биз. Явалгүй яахав” гэж.  Бэлтгэл хэдэн сар хийж  Д.Бальдираас эхлээд л Лхамжав, Хайдав, Мяасүрэн гээд том том багш нарын гар дамжаад хэдэн сар болоход хоолойн цараа тэлж уяа нь таарсан морь шиг онгойгоод ирдэг юм билээ” гэж тэр ярьсан.  Лхамжав багш нь өөртэйгөө гурав хоног сургуулилахаар болж "Эр бор харцага”-ыг зааж "Хоёр бор”-ыг гүйцээн сургахдаа хаана нугалж хугалах, хаанаа өргөж өгөхөөс аваад үзэгчидтэй харьцах урлагийг хоногшуулж өгсөн.  Харин тэр декадны үеэр  "Дундговийн Дашзэгвийг Болгарт дууны сургуульд явуулах, эс бөгөөс Ардын дуу бүжгийн чуулгад авах” тухай томчуудын хүрээнд яригдан нэлээд хүчээ авсан ч "Хонины хүн” хоньчин хэвээрээ л үлдсэн дээ.

    -Сайхан яриа байна. Үнэхээр  хоньчин  хүн юм. Баярлалаа.

      Дундговь аймгийн Адаацаг сумын малчин, Монгол улсын гавьяат малчин Ж.Дашзэгвэ энэ декадны үед Ю.Цэдэнбал даргаас "Хөдөлмөрийн хүндэт медаль”, сүүлд П.Очирбат Ерөнхийлөгчөөс "Алтан гадас” одон, Н.Багабанди ерөнхийлөгчөөс "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” гардаж Н.Энхбаяр ерөнхийлөгчөөс  "Монгол улсын гавьяат малчин” алдар хүртжээ.

                                                                                                              2011 он.

                                С.ПҮРЭВСҮРЭН

 

 


 


 


 

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!