Хэнэггүй малчдын үнэгүйдсэн амь

🕔 2018/07/04 17:26

 

Хэнэггүй малчдын үнэгүйдсэн амь

 

Хөвсгөл аймагт нэгэн малчин эр нуурын усанд морио усалж яваад малынхаа араас ус руу орж живсэн хэрэг өнгөрсөн сард гарч байв. Гэхдээ энэ мэдээ хүүхдүүдийн золгүй үхлийн дуулианд дарагдаад чимээгүйхэн өнгөрсөн. Тэгээд ч малынхаа араас явж байгаад эндсэн малчдын тухай мэдээлэл байсхийгээд л дуулддаг болохоор хүмүүс тоож анхаарахаа ч болих шинжтэй. Мал шуурганд уруудаж, голд живж л байдаг, малчид араас нь явж амиа алддаг байдал аль социализмын үед байсан, одоо ч хэвээрээ. Одоогоос арваад жилийн өмнө хэнтий аймагт байгалийн гэнэтийн үзэгдэл болж, тэнгэр газар нийлэхэд малынхаа араас явсан 53 хүн амиа алдсан цочирдом хэрэг гарч байв. Энэ бол нэг дор олон хүн амиа алдсан цөөн тохиолдлын нэг. Сүүлийн жилүүдэд нөхцөл байдал харьцангуй дээрдсэн ч жил бүр л хэдэн малынхаа төлөө гэж явсаар арав орчим хүн амиа алддаг байдал уламжлал болон тогтжээ. Онцгой байдлын ерөнхий газрын статистик мэдээллээс харвал 2016 онд зургаа, 2017 онд есөн малчин цаг бусаар хорвоог орхижээ. Үүнд малдаа яваад сураггүй болсон, ар гэрийнхнийх нь хүсэлтээр эрлийн ажиллагааг зогсоосон тохиолдлууд ороогүйг сануулъя. Хэрэв сураггүй бологсдыг нэмбэл өнөөх тоо чамгүй өсөх байх. Зам тээврийн ослоор өөд болсон хүний тоотой харьцуулалтгүй л дээ.

Гэхдээ мэдээлэл, харилцаа холбоо өндөр хөгжсөн, цаг агаарын онц аюултай үзэгдлийг урьдчилаад мэдэх боломж бүрдсэн өнөө үед малынхаа араас шуурганд уруудаж, амиа алдагсдын тоо огт буурахгүй байгааг малчдын хэнэггүй зан, залхуу байдалтай холбон тайлбарлахаас аргагүй. "Малчдад малаас өөр өмч байхгүй. Түүнээсээ салчихвал амьжиргаагүй болно. Тиймээс хэдэн малынхаа араас явахаас өөр аргагүй. Гэхдээ цаг агаарын мэдээг урьдчилж зарлаад байхад нөмөр нөөлөг газар малаа хашилгүй орхиж байгаа нь хэнэгүй зантай холбоотой. Ер нь туршлагагүй, тааруу малчид л малаа уруудуулдаг юм. Сайн малчин бол хэзээ ч ингэхгүй. Социализмын үед бол цаг агаарын аюултай үзэгдлийг урьдчилж маш сайн зарладаг байлаа. Мөн дээрээс зохион байгуулалт сайн хийж, баг, бригадын хүмүүсийг хүн бүл муутай айлд томилж, хариуцан ажиллуулдаг байсан. Ингэж хамтран ажилласны хүчээр л байгалийн бэрхийг даван туулдаг байж. Харин одоо бол ингэж нэг нэгэндээ хамтран тусалдаг тохиолдол байхгүй болсон” хэмээн гавьяат малзүйч Д.Самданжамц ярилаа. Малчид амиа алдах нь малын тоо толгойтой холбоотой гэдгийг ч мэргэжлийн хүмүүс хэлж байна.

Туршлагагүй, тааруу малчид л малаа уруудуулдаг юм, сайн малчин бол хэзээ ч тэгэхгүй 

Уг нь монгол орны бэлчээрийн даац хонин толгой шилжүүлснээр 51 сая мал байхад тохиромжтой гэсэн тооцоо судалгаа бий. Харин өнгөрсөн оны тооллогоор 66 сая мал тоологдсон. Энэ жил 18 сая төл хүлээн авсан гэж тооцвол малын тоо бараг 84 саяд хүрчээ. Ийнхүү бэлчээрийн даац бараг хоёр дахин хэтэрч, дээр нь ямаагаа замбараагүй өсгөсний балгаар бэлчээр талхлагдаж, цөлжилт жил ирэх тусам хүрээгээ тэлэв. Байгалийн өөрийнх нь нөөц буюу бэлчээр, ус дутагдахын хэрээр ган, зудын давтамж ойртож, малчдыг туйлдуулах болжээ. 1960-аад оны үед 100 га талбайд ногдох малын тоо 60 орчим байсан бол өдгөө энэ тоо 90 гараад явчихжээ. Статистик мэдээллээс харвал 1990 оныг хүртэл хонь, ямааны тооны харьцаа 3:1 байж. Харин одоо бараг 1:1 болон тэнцээд байгаа. Ямаа бол бэлчээрт ямар их хор хохирол учруулдаг мал болохыг хүн бүр хэлдэг, сануулдаг. Гэвч малчид ноолуурын үнэнд ньболоод ямаагаа улам өсгөсөөр байна. Энэ янзаараа бол ямаан сүрэг тун удахгүй хонины тоо толгойг гүйцэж түрүүлнэ.

Гэвч ямаагаа эрс өсгөсний хөнөөл алхам тутамд мэдрэгдсээр байна. Нэг ёсондоо бидний замбараагүй, ирээдүйгээ үл тоомсорлосон харалган шийдвэрийг байгаль эх шийтгэж байна уу гэлтэй. "Малчид малынхаа араас яваад эндэж буй нь орон нутгийн засаг захиргааны үйл ажиллагаа, хариуцлагатай шууд холбоотой. Цаг агаарын мэдээллээр хангах шуурхай штаб орон нутаг бүрт бий. Салхи, шуурга, ган, хур бороо гээд байгалийн аюулт үзэгдлийн талаарх мэдээг цаг уурын байгууллага гаргадаг. Харин энэ мэдээлэлд дүн шинжилгээ хийх ажил дутагдалтай байгаа. Ер нь малаа дагаж шуурганд уруудах, амь насаа алдах тохиолдол социализмын үед ч байсан. Байгалийн давагдашгүй хүчний өмнө хүн яах аргагүй хүчин мөхөстөнө. Гэхдээ одоо малын тоо олширсонтой холбоотой бэлчээр, ус дутагдаж, ган, зуд ойр ойрхон тохиох боллоо. Энэ нь малчдад хүндээр тусаж байна. Яамны зүгээс өвөлжилтийн байдалтай холбогдуулан тогтоолын төсөл боловсруулж, Засгийн газарт өргөн барих гэж байгаа. Энэ асуудлын хүрээнд өвөлд хэрхэн бэлдэх зөвлөмж, албан даалгавар, төлөвлөгөө гаргаж, орон нутагт хүргүүлнэ. Бид эрдэмтдийн хийсэн бүх төрлийн судалгааг нэгтгэж, цаашид ямар арга хэмжээ авахаа шийдэх юм. Товчхондоо бол төр засаг, малчид, орон нутаг яаж хамтарч ажиллахаа боловсруулна. Малчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах ажил ч үүнд багтаж байгаа” хэмээн ХХААХҮЯ-ны мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнх тайлбарлалаа.

Дэлхий дээр мал маллан амьдралаа залгуулдаг өчнөөн сая айл бий. Зөвхөн монголчууд л мал маллаад байдаг улс биш. Гэхдээ манай малчдын хэнэггүй, залхуу, арчаагүй зан дэлхийд дээгүүр бичигдэх байх шүү. Зун, намрын цагт найр наадам, зугаа цэнгэл хөөсөөр өдрийг барна. Ингээд анхны цас хаялах үед гэнэт ухаан орсон мэт өвлийн бэлтгэлдээ хам хум орно. Эцэст нь жавар тачигнасан өвлийн ид хүйтнээр улсаас өвс, тэжээл горьдож суудаг малчин дэндүү олон. Д.Самданжамц гуайн хэлснээр арчаагүй, туршлагагүй малчид л малаа шуурганд уруудуулж, түүнийхээ араас амь насаа эрсдэлд оруулан явж байгаа. Харин арчаатай, ажилсаг хэд нь цаг агаарын ямар ч бэрхийг ажралгүй даваад гардаг. Нөгөөтэйгүүр тэнгэр хангайн байдлыг ажиж мэддэг, малаа хэрхэн хариулахаа андахгүй мэддэг хашир туршлагатай малчин цөөрснийг олон хүн ярьж байгаа. Жолооны дамжаанууд тааруухан жолооч бэлдээд, нөгөөдүүл нь төгссөнийхөө дараа осол гаргаад байгаатай зүйрлэж болмоор. Гэхдээ тэдэнд мал маллах арга ухааныг заана гэвэл тоож сонсох хүн олдохгүй биз. Мэдэхгүй хэрнээ нэрэлхүү гэж жигтэйхэн. Мэдээж мал бол тэдний амьжиргааны эх үүсвэр. Тиймээс хайрлаж хамгаалалгүй л яах вэ. Гэхдээ хэнэггүй зангаа хааяа ч болов хойш тавьж, амь насаа эрсдэлд оруулдгаа хэзээ болих бол. Холбогдох яам, харъяа газруудын зүгээс ч үүнд анхаарлаа хандуулж, дорвитой ажил хиймээр байна. Ядаж л хүнд хэцүү цагт нэгдэн нийлж, байгалийн бэрхийг даван туулдаг байсан хуучны уламжлалыг сэргээмээр. Хүний аминаас үнэтэй мал гэж баймааргүйсэн. 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!