Б.ДАШЗЭГВЭ: "-ХОНИНЫ ХҮН ОРЖ ИРЭХЭД БОСГО ХОТОЛЗОНО"

🕔 2018/09/24 22:45

"Хонины хүн орж ирэхэд босго хотолзоно”  Сайхан хэлсэн байгаа биз. Энэ бол хонинд явсан хүнийг хүндэтгэсэн хэллэг. "Хонины хүнд хоол хэрэгтэй” гэж бас үг бий. Нэг юм хэлээд байгаа биз. Дундговь аймгийн Адаацаг сумын Хоньчин баатар Дашзэгвэ гуайтай 24 жилийн өмнө уулзаад бичсэн тэмдэглэлээ  "Хонины хүн айл хэсдэггүй” гэж түүний үгээр  нэрлэсэн. Өнөөдрийн гарчгийг ч  баатрынхаа үгээр өгөхөөс арга байсангүй. Түүнтэй ярилцаж суухад үе үе тийм содон үг орж ирнэ. Тэр нь ончтой, сургамжтай, бараг  л ханан дээр товойлгож сийлээд дор нь "Б.Дашзэгвэ” гээд биччихмээр. Агуулга нь нэн гүнзгий.Тэр хонио үнэлж чадмаар юм гэдэг. Энэ нь юү гэсэн үг вэ гэхлээр хонь чинь явдаг алт, мөнгө. Бид чинь хот дүүрэн алт, мөнгө асгачихаад сууж байна шүү дээ. Нэгэн үе "Ноос цагаан алт” гэсэн уриан дор хотны  ноосоо жаргах нарны туяа доогуур гэрэлтүүлэн түүх юмуу  бэлчээрт унасан туг ноосыг ч гэсэн дэгээ төмрөөр морин дээрээсээ цуглуулж явсан. Ноос нь л зөвхөн алт байсан юм бол хонь нь юү болох билээ. Үнэлэх аргагүй юм болно биз дээ. Баатар бид хоёр ярилцаж сууна.

-Та бол домог болсон хоньчин. Нүдгүй цасан шуурганаар хээр шөнө явж байгаад мориноосоо буун чулуу барьж үзээд хаана яваагаа мэддэг гэж таныг хүмүүс ярьдаг. Энэ талаар юү хэлэх бол?

-Тийм яриа залуу байхад гарсан юм шүү. Газар газрын чулуу янз бүр л дээ. Тэрнийг л өсөхөөс аваад өдий хүртлээ ажигласан л хэрэг. Жаахан даваадуулсан үг юм уу. Ер нь тэгэхдээ багцаална шүү.  Нэг их зөрдөггүй юм. Тэнд ямар чулуутайв гээд хүн  асуувал өсч төрсөн, хонь мал хариулж нутагшсан энэ хавийнхыгаа хэлнэ ч, танина ч. Харанхуй шөнө төөрлөө гэхэд хаа яваагаа барьж үзсэн чулууны нь хэлбэр дүрсээр баримжаалнаа.

-Та нэг удаа хонь тарга авах ид үедээ хоногт 180 грамм нэмэгддэг гэж хэлсэн. Яаж мэддэг байнаа?

-Би хонио өдөр бүр жигнэдэг байсан юм. Ямар л мянган хонийг өдөр бүр жигнэв гэж дээ.  Дээд талаас гурав, дунд хэрийнхээс гурав, доод ядмагханаас гурав гээд есөн хонь сонгож аваад жигнээд дундажийг үздэг байлаа. Тэгээд тооцож үзэхэд тийм дүн гарсан. Тарга авдаг ид үед тэр шүү. Авсан таргын бэхжүүлж тогтоох, чамбайруулах үе гэж бий. Мал таргалуулна гэдэг одооны хэлээр их нарийн технологитой.

-"Малчны хот бол том үйлдвэр” гээд та нэг хурал дээр илтгэсэн. Учрыг тодруулвал?

- Ямар ч байшин барилга, тоног төхөөрөмж шаардахгүй том үйлдвэр  шиг над санагддаг. Том том үйлдвэрээс дутах юм ердөө байхгүй. Улирал бүрд онцлогтой. Хавар нь мянга мянгаар төл үйлдвэрлэчихнэ. Энэ хавар гэхэд улсын хэмжээнд 15 сая төл үйлдвэрлэх нь.  Зун намар нь тарга хүч үйлдвэрлэнэ. Сая сая тонноор мах үйлдвэрлэж байгаа нь тэр. Сүү, цагаан идээ, айраг, цагаа үйлдвэрлэчихнэ. Өвөл гэхэд арьс шир, өөх тос, мах... гээд гараад өгнө. Социализмын үед "Малаас амьсгалаас бусдыг ашиглана” гэсэн лоозон хүртэл байлаа.  Энэ  том үйлдвэрлэлийн инженер нь малчин хүн өөрөө юм.

Үйлдвэрлэлийн байр нь газар тэнгэр, технологи нь малчин хүний ухаан, арга туршлага. Ээдээ энэ том үйлдвэр Монгол орныг олон зуун жил тэжээсэн. Цаашдаа ч олон жил тэжээнэ. Хамгийн гол нь шавхагдашгүй.  Байгалийн баялаг ашиглах олон уурхай, үйлдвэр нээгдэж байна. Тэд нэг л цагт баялгаа бараад хаалгаа хана. Мал бол хаалгаа хэзээ ч хаахгүй үйлдвэр.

-Мал малчин эзнээ эмчилдэг гэсэн санаагаа жаахан дэлгэрүүлнэ үү?

-Мал, малчин хоёр амин халуун шүтэлцээтэй. Нэгийг нөгөөгөөс салгахын аргагүй.  Төрсөн эх хонины шинэ шөл уудаг. Настнууд шинэ шөлөөр өвчин хуучаа анагаадаг. Малаас хүнд эм болдоггүй юм нэгээхэн ч үгүй.  Манай аймгийн төвд жараад онд айргийн эмнэлэг байсан.  Одоо цагаан гүүний сүү, хар ямааны махаар өөрсдийн өвчин хуучаа анагаадаг хүн олширч.  Тийм эмнэлэг сувиллын газар ч дуулдах боллоо. За тэгээд буурын бохь, ингэний сүү... гээд тоочвол үй түмэн жор дуулдана. Одоо энэ ардын уламжлалт эмнэлгийн ихэнх жор малын гаралтайдаг шүү.

-Малчин хүн бас малаа эмчилнэ дээ?

-Өө тэгэлгүй яахав. Манайх бүр мал эмнэлгийн булан, кабинеттай байсан. Тэнд миний түүсэн эмийн ургамлууд, хануур, хатгуурын хэрэгсэл бүгд байлаа. Ер нь л барагтай өвчнийг малчин хүн л эмчилнэ. Яаран мал эмнэлэг дуудаад байхгүй шүү.

 -Малчин хүн насан туршдаа суралцдаг гэдэг ?

- Мал маллагааны арга ажиллагааг сураад дуусчихна гэж байхгүй. Бэлчээр нутгаа судлах, тэнгэр хангайгаа ажиглах их ухааныг өвөг дээдсээсээ сурсан даа. Одоо ч наян нас гарсан ч сурч дуусаагүй л явна. Хүүхэд ахуйд эцэг, эхийн маань хэлж захьсан бүхэн ер мартагддаггүй. Түүнийхээ хүчинд малчин болсон хүн. Нутаг усны сайн малчдын нөлөө их тус болсон, над. Үзсэнээсээ санаа авдаг, дуулснаа ажил болгодог байвал арга ажиллагаа баяжаад л байдаг. Малд хандах урлаг гэж том сургууль байна. Түүнийг л эзэмших хэрэгтэй. Эр чадлаар биш эвээр, аргаар хийхийг л урлаг гэмээр санагддаг.

-Хүн хөлөөрөө явж харагддаг ч хэрэг дээрээ толгойгоороо явдаг гэж юү хэлнэ вэ , та?

- Үүнийг би биш Намхайнямбуу баатар хэлсэн юм. Үнэн үг.   Хөлийг ч толгой нь захирч хөдөлгөж байгаа. Баатар хэлэхдээ  ухаан нь хүнийг хөтөлдөг гэсэн санааг онож зүйрлэсэн. Хүн амьдралдаа олон юм үзнэ, тэр бүхэнтэй таарна гэдэг бол тулгарсан дайсантай тулалдахтай адил. Түүнийг хүн ухаанаараа давна. "Ухаарч чадвал идэж чадна” гэдэг чинь хар хүчээрээ биш ухаанаараа хоолоо олж идэхийг хэлсэн үг.  Хүний төрмөл хар ухаан гэж  бий.  Энэ сайн малчид чинь эрдэм боловсролоор биш  ч амьдралын  төрмөл хар ухаанаараа амжилт гаргаад байна шүү. Хүнийг сайн хэлснээр нь биш, сайн хийснээр нь хэмждэг. Өөртөө үнэлгээ өгч чадахгүй хүн хүнийг үнэлж мэддэггүй. Өөрийгөө хайрлаагүй хүн бусдыг хайрладаггүй. Өөрийгөө хүндлээгүй хүн хүнд хүндэтгэл үзүүлж чаддаггүй. Энэ бүхнийг ухаанаараа зохицуулах учиртай. Малаа хайрлаж байж малчин болно. Зөвхөн малыг биш хөлтэй, хөдөлгөөнтэй бүхнийг хайрлах сэтгэл нь Монгол хүний ёс зүй, хайр энэрэл, ухаан юм даа. Хөдөлмөрлөж байж ухаан задардаг.  Би гэхэд тэнгэр, газар, мал гурваа таних гэж их ухаан зарсан, их ч хөдөлмөрлөсөн. Энэ гурвыгаа таньсан цагт малчин болноо. Ингэж чадвал амжилт бүтээл, алдар нэр, шагнал сайшаал эхийгээ дагасан унага адил дагаад л ирдэг.

-Таны яриад байгаа зүйл залуучуудад маш хэрэгтэй санагдана. Тэдэнд тухайлаад юү гэж сургамжилмаар байна?

--Би залуучуудад хэрэгтэй гэж л үүнийг яриад байгаа юм. Ахмадууд бидний санаанд одоогийн залуучуудын хийж байгаа нь ч, хэлж ярьж байгаа нь ч тэр бүр хүрдэггүй. Гэхдээ залуучуудыг буруутгах аргагүй.  Нийгэм өөрчлөгдөхөд тухайн нийгэмд дасан зохицох чадвар дутаад байна шүү дээ.  Амьдралд хөлөө яаж олохыг мэдэхгүй барьц алдаж байна. Үүнийг улс төрчид зохицуулж чадахгүй шүү дээ.  Иймд бид тэдэнд  туслаж зааж сургах л хэрэгтэй. Малчин бид улс төр яриад хэрэггүй дээ. Мэддэг, чаддаг юмаа л ярьж явъя. Малчны хотонд хөлд орж хурга, тугалын  бэлчээрт модон шилбүүр морь болгон унаж нүцгэн хөлөөрөө хурд авч  малын зах руу хандаж байсан цаг саяхан  санагдавч ная гаруй жилийг ардаа үлдээжээ.  Бага балчраасаа малын үнэрт дасаж  ижил дасал болж тэвчээр хатуужил сууж дээ. Энэ олон жил сурч мэдсэнээ залуустаа үлдээхсэн гэж л мэрийж явна. Би олон шавьтай. гавьяат малчин, Улсын сайн малчин, аймаг, сумын сайн малчин  тэргүүтэй жар, далаад  шавь бий.

-Ахмадын үгний үнэ цэн их дээ, үнэлж чадвал?

-Тэгэлгүй яахав. Манай Их Адаацагийн уулаар нутагтай Л.Жамба гэж залууст халамжтай настан буурал байсан. Цагийн хатууг яаж давах, гэнэтийн шуурганд яаж малаа мэнд авч гарах талаар над их зөвлөсөн.  Дөчөөд оны үед нэг намар айхтар цасан шуурга тавихад хоньтойгоо уруудаад  яах ч аргагүй болоход нэг хонь "Гаргаад” арьсыг нөмөрсний хүчинд өөрөө осгоогүй, малаа бүрэн мэнд авч гарснаа яриад над дахны арьс элдэж өгч байсан. Одоо над түүгээр хийсэн сайхан дах, дэгтий бий. Наваанжанцан, Содномпэл ... Тэгээд Чулууны уулаар нутагтай Дашаа, Сүмийн голоор нутагтай Туваан, Хар толгойн говийн Шатар, Хорины хонхорын Ш.Лхамсүрэн гээд үлгэр дууриалтай, малч сайхан өв уламжлалаа үлдээсэн малчид байлаа. Тэднээс их юм сурсаан. Миний хадам эцэг Цэнд, эх Цэмбэл нарч намайг их ажилд сургасан ачтанууд аа. Сүндэвийн Юндэн гэж хонь сайхан малладаг хүн байлаа.  Бэлчээр,  усан дээрээс гээгдсэн ноос түүж тохомны эсгий, монгол гутлын оймс, тохош, хом, байбай хийдэг аригч, ажилтай эмээ, өвөө олон байсан.  Үүр шөнийн харанхуйгаар явж мал ахуйн ажлаа амжуулдаг сэргэг, ажилсаг  ахмадууд ч байсан. Тэд шөнө ганцаар явж байгаад үүрийн гэгээ цайхад олуулаа болох шиг санагддаг гэж ярьдагсан. Тийм улсаас би дууриал их авсан. Энэ зэрэгтэй яваад тэдний ач буян бий. Намайг 1989 онд "Хөдөлмөрийн баатар” болоод ирэхэд манай нутгийхан өөрсдөө баатар болчихсон шиг баярлалдан угтаж билээ. Нутаг ус, нутгийн ахан дүүс олон түмний ач ихээ.

-За, мал маллагааны зарим арга ажиллагаанаас цухас ярилцах уу?

-Мал өсөх эх булаг нь эх малын сүрэгт эзлэх хувийн жин. Үүн дээр тооцоотой хандмаар байгаа юм. Зөв харьцаа хамгийн гол. Эх мал хэрэгтэй гээд дан эх мал болгочихвол юү болох билээ. Сүргийн зөв бүтэц барих л чухал. Үүнийг мэдэхгүй малчин гэж үгүй биз. Хээл хаях, сувайрах гээд баахан төл алдчихдаг. Энэ бол их нөөц алдаж байна гэсэн үг.  Төлийг эхийн хэвлийд бүрэлдэхээс эхлэн бойжуулах гэсэн зарчмыг би залуучуудад хэлдэг. Зарим нь ойлгодоггүй юм. Тэр эх эрүүл байх учиртай, хариулга маллагаа зөөлөн, унд ус, бэлчээр тохирсон байх... гээд их ажил бий. Төллөх малыг ялгаж тусгай хариулна гэдгийн учир нь тэр хэвлий дэх төлийн бойжилтод анхаарсан хэрэг шүү дээ.  За хэвлийдээ сайн бойжсон төл гараад л хөллөнө. Нэг сөхрөнө үү гэхээс хоёр сөхрөхгүй. Хоёр сөхрөнө үү гэхээс гурав сөхрөхгүй. Эх нь хагаа чирээд босч ирэхэд төл нь дагаад давхиж байгаа юм. Би барих гээд гүйхэд гүйцэгдэхгүй. Энэ бол эхийнх нь хэвлийд сайн бойжуулсан төлийн шинж. Малчин хүнд санаа зовох юм ихээ их. Өвчин зовлон тусах вий гэж зовно. Мал өвчилвөл эзний сэтгэл хамт өвчилнө. Хоол, ус дутагдуулж тарга дутуу авахуулчих вий гэж зовно. Хонио зунд нарнаас өмнө, ногоо наранд халахаас өмнө бэлчээнэ. Энэүед хооллоод авбал ажрахгүй.   Малчнаас шалтгаалах хорогдол байна. Өт батгананд бариулах, шавар усанд унагахаас сэрэмжлүүштэй. Ийм хорогдол малчин эзнээ ч сэтгэл санаагаар зовооно. Мал нь бүрэн, тарга хүчтэй байх нь сэтгэлд хичнээн жаргалтай билээ. Төл, малын майлаан шуугианыг хөгжмийн аятай зүйрлэн ярьж бичсэн тааралддаг. Үнэхээр тийм, малчинд тэр дуу шуугиан баяр баясал төрүүлж жаргал эдлүүлдэг  Өвөлд малыг уруудуулахгүй, зунд салхидуулахгүй,хүйтэн бороо, цасан шуурганаас сэрэмжлэх нь малчин хүний цаг ямагт анхаарах "Дүрэм” Малын тарга хүч авахуулах чухал, түүнийг тогтоон чамбайруулах бүр чухал.    Ус гэж чандмань эрдэнэ, амьдралыг тэтгэгч гэдэг. Малын усанд их анхаарах хэрэгтэй. Тогтмол цагт усална.  Өдөр болгон усалж байснаа өнжөөх, өглөөд усалж байснаа оройд болгох зэргээр өөрчлөх нь сайн биш. Мал шингэн их шаарддаг амьтан. Үүнийг мартаж болохгүй. Усанд хатуу, зөөлөн гэж бий. Хүнд, хөнгөн ус гэж бас байна. Ус л бол ус гээд анзаарахгүй байж боломгүй. Мал усаар таргалдаг нь ажиглагдсан. Өсвөр насны мал усаар хоол хийж ус шингэнээр амьдардаг. Тийм болохоор малдаа ээжийн оронд ээж, ижлийн нь оронд ижил болдог малчин хүний халамж анхаарал нэн чухал. Энэ бол малыг амьдруулах урлаг. Тэр урлагийг эзэмшээгүй хүн малчин болж чадахгүй.

Тэгээд ер нь малын төлөө тэмцэл бол хүн ардын төлөө тэмцэл юм шүү гэдгийг хэлмээр байна.

                                                                                                                                                                                                                           С.ПҮРЭВСҮРЭН

Б.ДАШЗЭГВЭ: "-ХОНИНЫ ХҮН ОРЖ ИРЭХЭД БОСГО ХОТОЛЗОНО"

 

Б.ДАШЗЭГВЭ: "-ХОНИНЫ ХҮН ОРЖ ИРЭХЭД БОСГО ХОТОЛЗОНО"

 


 

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!