Хүний нөөцөд хөрөнгө хаях тусам улам үнэ ордог, баялгийг олборлох тусам багасдаг

🕔 2018/08/30 15:01

 

Сингапурын анхны тэргүүн Ли Куан Юг даян дэлхий мэднэ. Түүний залгамжлагч Го Чок Тонг ч гэсэн алдартай улстөрч билээ. Сингапурын экс Ерөнхий сайд Го Чок Тонг одоо улсынхаа хүндэт бөгөөд ахмад сайд, бас Парламентын гишүүн юм байна. Улстөрч Го Чок Тонг  Казахстаны парламентын гишүүдийн өмнө үг хэлж, улс орныг хэрхэн амжилттай хөгжүүлэх талаар 3 зөвлөгөө өгчээ.

Тэрбээр "Казахстан улс, Астан хотын хөгжил цэцэглэлт үнэхээр сэтгэгдэл төрүүллээ. Нефтид биш харин хүмүүст хөрөнгө оруулалт хий” хэмээн Казахстаны эрх баригчдад зөвлөв. Ингээд түүний ярианаас товчлон хүргэе.

...Юуны өмнө хүний нөөц. Хүний нөөцөөс илүү чухал, үнэ цэнэтэй юм гэж байхгүй. Улс орныг бүтээн байгуулж, хөгжүүлэн цэцэглүүлэхэд энэ маш чухал. Сингапур их хүнд хэцүү аргаар үүнийг олж мэдсэн. Манайд байгалийн баялаг, ашигт малтмал байгаагүй, бидэнд зөвхөн мэдлэг багатай, боловсрол муутай ажлын хүч л байлаа.

Өөрийн хүмүүст хөрөнгө оруулах, тэдний боловсрол ба ирээдүйд хөрөнгө оруулахаас өөр ямар ч боломж бидэнд байгаагүй. Бид маш хурдан олон сургууль барьж, олон багшийг сургасан. Бид математик, шинжлэх ухаанд гол анхаарлаа төвлөрүүлэн, англи хэлийг сургалтын болон ажлын байрны гол хэл болгон сонгосон юм. Гэхдээ тэр үед англи хэл Сингапурын хүн амын дунд түгээмэл байгаагүй. Бид яагаад тэгсэн бэ гэвэл англи хэл бол дэлхийн худалдаа, харилцааны хэл байсан учраас.

Хүний нөөц нь ашигт малтмалын нөөцөөс асар их ялгаатай. Хүний нөөц бол байнга өсөн арвижиж байдаг актив, харин нефть бол үнээ алдаж буй актив. Хүний нөөцөд та нар хичнээн их хөрөнгө оруулах тусам тэр улам их үнэ цэнэтэй болж ирдэг. Гэтэл ашигт малтмалыг хичнээн их олборлох тусам улам багассаар байдаг билээ.

Хоёрдугаарт, хөгжлийн институци байгуулах. Энэ бол улс орны, хүмүүсийн бүрэн потенциалыг нээн илрүүлэх гол асуудал юм.

Сингапурын гүйцэтгэх засаглал, шүүх болон хууль тогтоох байгууллагууд бол улсынхаа нэр хүндийг бий болгон, өндөрт өргөсөн багана юм. Манай гол үнэт зүйлс бол меритократи (нийгмийн гарал, хөрөнгө чинээний байдлаас үл хамааран хамгийн чадварлаг хүмүүс удирдах албан тушаалд очих ёстой гэсэн онол), ил тод байдал, хөгжил...

Чухам эдгээр институци л гадаадын хөрөнгө оруулагчид, сингапурчуудад урт хугацааны туршид итгэлтэй байдлыг өгч, Сингапур гэдэг нэр, брэндийг өсгөсөөр байна.

Гуравдугаарт, улс орны хүчирхэг удирдлага. Энэ бол тулгын 3 чулууны нэг, гол хүчин зүйл бөгөөд нөгөө 2-тоо нөлөөлж байдаг. Чухам энэ л ирээдүйг харуулж, хүмүүсийг нэгтгэн нягтруулах урам, онгод бэлэглэдэг. Энэ нь төмөр бетон шиг ган, зөв үр дүнтэй байгуулал бөгөөд оршин буй хүндрэл, бэрхшээлтэй тэмцэх улстөрийн эв дүй, дадал олгодог.

Хүчтэй удирдлага бол улс орон хөгжих, тогтвортой байх 3 гол түлхүүрийн хамгийн хэцүү нь.

Би сүүлийн 50 жилийн турш шинэ, тусгаар орнуудын туршлагыг ажин нэг дүгнэлтэд хүрлээ, сайн удирдлага ба эвлэлдэн нэгдсэн хүмүүс бол улс орны амжилтад хүрэх чухал хүчин зүйл.

Хүчтэй удирдагч бол ард иргэдээ нэгтгэн, тэднийг чиглүүлж тэдэнд зорилго өгдөг.

Бид том далай дахь жижигхэн завь байсан, иймээс онгоцны ахмадын байр суурийг энгийн нэгэнд эсвэл популизмд үндэслэн өгч чадаагүй.

Популизмыг голдуу манлайлалтай андуурдаг. Сингапурчууд бид юуны өмнө зан авирын тодорхой чанар, үнэнч шударга байдал, ажлаа мэддэг хүн гэсэн үнэлгээг авч үздэг. ..

Казахстан амжилттай яваа, сайхан ирээдүйтэй залуу орон. Казахстанд хүчтэй, мэргэн тэргүүн Назарбаев байгаа нь аз. Энэ маш чухал асуудал.

Сингапур шинээр байгуулагдаж байхад манайд ноён Ли КуанЮ байсан юм, энэ тал дээр бид азтай улс, яг та нар шиг.

Орчуулсан М.Цогзолмаа
Эх сурвалж: http://ungu.mn/a/96

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!