Ц.Түмэнцогт: Хөрөнгө оруулалт, санхүүжилтын хэрэгцээ 14-15 тэрбум доллараар хэмжигдэж байна
Энд хуран цугласан эрхэмсэг зочид төлөөлөгчид, хилийн чанадаас ирсэн болон үндэсний шилдэг менежерүүд Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргээд, "Үндэсний хөгжилд хөтлөх төслийн удирдлага” олон улсын дөрөвдүгээр форумд амжилт хүсье.
Дэлхийн 190 гаруй орны долоон зуун мянга гаруй шилдэг менежерийг эгнээндээ нэгтгэсэн PMI байгууллагаас уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү форумын Монголын салбарын энэ удаагийн дөрөвдэх чуулганд "Эрдэнэс Монгол” ХХК оролцож байгаадаа баяртай байна.
Монгол улсын ашигт малтмалын нөөцийг 2,5-3 их наяд америк доллараар үнэлдэг бөгөөд энэхүү их байгалийн баялгийг эргэлтэнд оруулах, уул уурхайн салбар нь Монгол улсын эдийн засгийг олон жилийн туршид тогтвортой тэтгэхэд дээд зэргийн дэд бүтцийн шийдэл, орчин үеийн технологи, өндөр мэргэжлийн боловсон хүчин, хариуцлагатай уул уурхайн зарчимд нийцсэн компанийн засаглалтай компаниудын үйл ажиллагаа нэн чухал байна.
Монгол Улсын стратегийн ашигт малтмалын ордууд дахь төрийн төлөөллийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий "Эрдэнэс Монгол” ХХК нь үндэсний эдийн засгийг өсгөх, ард иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулах үндсэн зорилготой. Стратегийн орд газрыг үр ашигтай ажиллуулах, эргэлтэд оруулах, байгалийн нөөцийг зохистой удирдах, уул уурхайгаас гадна эрчим хүч, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх, тэдгээрт гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татах, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхээр ажиллаж байна. "Эрдэнэс Монгол” группын хэмжээнд дунд болон урт хугацаанд хугацаанд хэрэгжүүлэх боломжтой төслүүдийн хөрөнгө оруулалт, санхүүжилтын хэрэгцээ нь 14-15 тэрбум доллараар хэмжигдэж байна. Дунд хугацаанд металлургийн кокс, ган үйлдвэрлэх, кокс химийн үйлдвэр байгуулах, нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх, нүүрсний давхаргын метан хийн төслийн эрлийн үйл ажиллагааг эхлүүлэх зэрэг томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ажил хийгдэж байна.
Монгол Улсын эдийн засгийн хөгжил нь уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай байгаа ч уул уурхайн бус салбар болох хөдөө аж ахуй, газар тариалан, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл/processing, худалдаа, аялал жуулчлал, санхүүгийн салбарын хөгжилд ихээхэн боломж, ирээдүй байна.
Далайд гарцгүй Монгол орны хувьд бүс нутгийн дэд бүтцийн хамтын ажиллагааны төслүүдийг хөгжүүлэх, эрчим хүчний Азийн супер сүлжээ, БНХАУ-ын Засгийн газраас санаачилж буй "Бүс ба Зам” төслүүдэд идэвхитэй оролцож, Монгол улсыг дамнасан авто зам, төмөр зам, эрчим хүчний сүлжээг байгуулах томоохон хөрөнгө оруулалтын төслүүдийн боломжууд байна.
PMI олон улсын байгууллагаас жил болгон зохион байгуулдаг энэхүү чуулга уулзалт сургалт нь төслийн менежмент, төлөвлөлт, худалдан авалт, санхүүжилт, хүний нөөц болон бусад чиглэлээр мэдлэг, туршлагаа хуваалцсан, Монголын төслийн менежерүүдийн чадварыг олон улсын түвшинд хүргэхэд чухал ач холбогдолтой байна.
Монгол улсын томоохон мега төслүүд болох Оюу Толгой, Тавантолгой, уул уурхай, дэд бүтцийн төслүүдээс гадна уул уурхайн бус салбарын төслийн менежментийн мэдлэг чадварыг дээшлүүлэхэд PMI чуулга уулзалт нь хувь нэмрээ оруулах, цаг үеээ олсон арга хэмжээ болж байна.
Эрхэм хүндэт төлөөлөгчид, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шилдэг менежер та бүхэнтэй "Эрдэнэс Монгол” болон хараат, охин компаниуд хамтран ажиллахад бэлэн байна.
Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.