"гэнэтийн бэлэг" барьсан шатахуун импортлогчид үнээ бууруулах уу?

🕔 2017/02/13 12:00

"гэнэтийн бэлэг"  барьсан шатахуун импортлогчид үнээ бууруулах уу?

 

Үгсэн нийлж, үнээ нэмсэн шатахуун импортлогч компаниудад хариуцлага тооцох хэрэгтэй

Монгол улс дээр дооргүй эдийн засгийн хямралтай нүүр тулж, гарах гарцыг хайсаар байгаа. Эрх баригчид улс оронд тулгараад байгаа олон асуудлыг шийдэх гэж хэрэндээ л ажиллаж байх шиг . Эдийн засгийн хямрал, гадаад өр гээд л асуудал тундахгүй байна. Гэтэл дайны хажуугаар дажин гэгчээр  хямрал, хүндэрлийн хажуугаар шатахуун импортлогчид бензиныхээ үнийг суга нэмж дарамт үүсгэж эхэллээ.

Тэд өнгөрсөн нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн улсын хэмжээнд  шатахууны төрлөөс хамааран литр тутамдаа 150 хүртэл төгрөгөөр өсгөөд байна.

Уг нь Засгийн газар саяхан л автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг бууруулсан.

Нэг хэсэг дэлхийн зах зээл нефтийн бүтээгдэхүүний үнэ буурсан. Тэгвэл сүүлийн үед буцаад бага сага өсөөд байгаа. Нөгөө талаар төгрөг цаас болж, ам.долларын ханш хэтэрхий их өссөн.

Энэ шалтгаан нь шатахуун импортлогчдод бензиныхээ үнийг нэмэх сайхан шалтаг болж өгсөн бололтой. Тиймээс ч Засгийн газар шатахууны үнийн өсөлтөөс сэргийлэх үүднээс автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг дахин  бууруулсан.  Тухайлбал,  автобензинд ногдуулах онцгой албан татварыг 160 мянган төгрөгөөс  50 мянга  болгож,/ 90-ээс дээш октантайг 160 мянган төгрөгөөс 30 мянга/, дизелийн түлшинд ногдох татвар 180 мянган төгрөг байсныг 70 мянга  болгон бууруулж тогтоосон. Үндсэндээ татварыг 3-5 дахин бууруулж байгаа юм.

Гэтэл эргээд үнээ өсгөөд эхэллээ. Иргэд аж ахуйн нэгжүүд шатахууны үнийн өсөлтөд таагүй хандаж буй. Шатахууны үнийн өсөлтийг дагаад бусад бараа үйлчилгээний үнэд өөрчлөлт ордог тул арга ч үгүй биз. Тэрчлэн зарим компаниудын зүгээс  шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн шаардлага гаргасан байдаг. Тэд шаардлагдаа:

-Шатахууны үнэ нэмэгдүүлсэн шалтгаанаа бодитой судалж, хууль бусаар нэмэгдүүлсэн тохиолдолд Өрсөлдөөний тухай хуулиар холбогдох компанийн эздэд хариуцлага тооцож, хэрэглэгчдэд учруулсан хохирлыг барагдуулах

-Цаашид шатахууны үнийг тогтвортой байлгах чиглэлээр үзүүлж буй татварын хөнгөлөлтийн үр дүн, борлуулалтыг оновчтой болгох /Өнөөдрийн байдлаар импортоор орж ирж буй шатахууны 70 орчим хувийг цөөн тооны томоохон компаниудад бөөний үнээр хөнгөлөлттэй нийлүүлж байна/

-Шалгалтын үр дүнг үндэслэн үнийг зохистой түвшин буюу хуучин үнээр нь хэрэглэгчдэд хүргэх хэрэгтэй байна гэсэн байгаа юм.

Түүнчлэн Уул уурхай,  хүнд үйлвэрийн яамнаас мэдэгдэхдээ шатахууны жижиглэнгийн үнийн өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйлс, бодит тоо хэмжээгээр өөрчлөлт орсон эсэх талаарх нөхцөл байдлыг судалж, хяналт, шалгалт хийн дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг АМГТГ, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон холбогдох байгууллагуудтай хамтран байгуулан ажиллаж байгаа гэж байсан.

Тэгвэл ажлын хэсгийн зүгээс шатахууны үнийг буцааж буулгах ёстой гэж шийдвэрлэжээ. Харин үгсэн нийлж үнээ уралдаж нэмж байгаа шатахуун импортлогчдыг  буулгах эсэхийг харах үлдэж байна.

Энэ удаагийн үнийн өсөлтийг гэнэтийн байсан гэж хэлж болно. Ямартай ч гэнэтийн үнийн өсөлт бараа бүтээгдэхүүний үнэ ханшид сайнаар нөлөөлөхгүй нь лавтай.  Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд эдийн засаг хүнд байгаа энэ үед  нэмэр болохоо байг гэхэд ядаж  нэрмээс болохгүй байж болсонгүй юу.

Эх сурвалж: Fact.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!