ЗАСАГТАА ЭРХЭЛСЭН “ДАВАРСАН” КОМПАНИУД
-Шатахууны үнийг дагаж бараа, бүтээгдэхүүний үнэ өсвөл хариуцлагыг хэн хүлээх вэ-
Өнгөрөгч амралтын өдрүүдээр шатахуун түгээх станцууд шатахууны үнээ литр тутамд нь нэмэгдүүлжээ.
Уг нь өнгөрсөн сарын 25-ны өдөр буюу шатахууны үнэ нэмэхээс ердөө 10 хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанаар автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг бууруулах шийдвэрийг гаргасан.
Ингэхдээ газрын тосны бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийн өсөлт, ам.доллартай харьцах төгрөгийн ханшийн уналттай холбогдуулан автобензин, дизелийн түлшний үнийн өсөлтийг саармагжуулах, тогтвортой барих зорилгоор энэ төрлийн бүтээгдэхүүнд ногдуулах Онцгой албан татварын хэмжээг буурууллаа хэмээгээд автобензинд ногдуулах онцгой албан татварыг 160.000 төгрөгөөс 50.000 төгрөг болгож,/ 90-ээс дээш октантайг 160.000 төгрөгөөс 30.000 төгрөг/, дизелийн түлшинд ногдох татвар 180.000 төгрөг байсныг 70.000 төгрөг болгон бууруулж тогтоосон. Ингэснээр улсын төсвийн орлого 110 орчим тэрбум төгрөгөөр буурах ч, шатахууны үнийн өсөлтийг саармагжуулах боломжтой гэж холбогдох яам болон Газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын холбоо үзсэн байдаг.
Тэр байтугай өмнө нь Засгийн газар шатахууны үнийн өсөлтийг саармагжуулах зорилгоор 2015 оны арваннэгдүгээр сар, 2016 оны аравдугаар сард автобензин, дизелийн түлшинд ногдуулах онцгой албан татварын хэмжээг бууруулсан.
Гэтэл одоо давраад юун Засгийн газрын шийдвэр гэсэн өнгө аястайгаар амралтын өдрүүдийг ашиглан үнээ нэмэгдүүллээ. Ингэхдээ 80-100 орчим төгрөгөөр нэмэгдүүлжээ. Засгийн газраас шатахууны үнийг хөөрөгдвөл араас нь бүхий л өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг учраас амьхандаа тогтоон барих гэсэн оролдлого хийсэн. Харамсалтай нь аж ахуйн нэгжүүд Засгийн газрын тогтоол шийдвэрийг үл тоосон явдал болж байна. Тодруулахыг хүссэн боловч амралтын өдрүүд таарсан тул холбогдох албан тушаалтнуудтай өнөөдөр хариулт өгөх болов уу.
Өнөөдрийн байдлаар ихэнх буюу "Петровис”, "Магнай трейд” зэрэг компани аль хэдийн литр тутамдаа 100 төгрөг нэмсэн. "Шунхлай” ШТС-ууд өчигдөр "Маргаашнаас нэмнэ гэсэн” гэх мэдээлэлтэйгээр түгээлтэй хийж байлаа.
Уг нь Засгийн газрын дээрх тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва нарт үүрэг болгосон. Тиймээс тэдний хувьд ч тодорхой хариулт өгөх байх.
Уг нь манай улсын аж ахуйн нэгжүүд шатахуун импортлодог ОХУ-д үнэ нэмэгдээгүй. Харин дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өсч байгаа аж.
Тодруулбал, брент маркийн нефьт 0.37 хувь буюу баррель нь 53.83 доллар болох үзүүлэлтэй байгаа аж. Харин WTI маркийнх ирэх сард 0.54 хувь баррел нь 53.83 доллар болно гэж гадны худалдааны сайтуудад мэдээлж байгаа юм. Тэгэхээр ойрын үедээ манай улсад шатахууны үнэ нэмэгдэх шалтгаан үгүй мэт. Гэсэн ч албаныхан хэрхэн тайлбарлахыг харах хэрэгтэй. Гэхдээ албаныхан шатахуун импортлогчидтой уулзаж, хариу арга хэмжээ авсан ч шатахуунаас болж өссөн бараа, бүтээгдэхүүний үнэ эргээд буурдаггүй гашуун туршлага бий. Тэгэхээр энэ хариуцлагыг хэн хүлээх бол. Уг нь шатахууны үнийн өсөлтийг саармагжуулах нь улсын төсвийн орлого 110 орчим тэрбум төгрөгөөр буурна гэж үзсэн ч Засгийн газар эрсдлийг үүрсэн. Харамсалтай нь аж ахуйн нэгжүүд өнөөдөр нийгмийн хариуцлагаас илүү ашгаа бодож, ард иргэд, төр, засгийг үл тоож буйгаа илэрхийлэв бололтой.
Өглөөний сонин
Б.Төгөлдөр