ЗАР »
Б.НАРАНХҮҮ ГИШҮҮН ЧУУЛГАНДАА СУУДАГГҮЙ ГИШҮҮДИЙГ "ӨНГӨЛСӨӨР" БАЙНА
М.ЭНХБОЛДЫН ТАНХИМЫН "ОНЦ СУРЛАГАТАН"-ААР Ё.БААТАРБИЛЭГ ГИШҮҮН ТОДРОВ
Тэгвэл УИХ-ын хуралдаанд нэг ч таслалт, хоцролтгүй буюу 100 хувийн
ирцтэй суусан гишүүнээр Ё.Баатарбилэг тодорч байна. Тодруулбал, энэ
парламентад ирцээрээ тэргүүлж, сонгосон олныхоо бахдалыг төрүүлж байгаа
гурван гишүүн байна. Мэдээж нэгдүгээрт, Архангай аймгаас сонгогдсон,
Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга
Ё.Баатарбилэг. Тэрбээр чуулганы 27 хуралдааны бүгдэд нь суужээ. Үүгээр ч
барахгүй тэрбээр нэг ч удаа чөлөө аваагүй бөгөөд гадаад дотоод
томилолтод ч яваагүй байна. Мөн нэг ч удаа хоцроогүй нь түүнийг "онц
сурлагатан"-аар тодруулж байна. Энэ нь М.Энхболдын парламентын үед
хуралдаа 100 хувийн ирцтэй суусан анхны тохиолдол болон бүртгэгдэж
байна. Харин түүний араас О.Батнасан гишүүн нэрлэгдэж байна. Түүний
хувьд чуулганы хуралдаандаа бүгдэд нь суусан бөгөөд таслалтгүй,
томилолтод ч яваагүй байна. Харин Ё.Баатарбилэг гишүүнээс нэг
үзүүлэлтээр ард нь байгаа нь чуулганы хуралдаанд дөрвөн удаа хоцорсон
байна. Чуулганы нэгдсэн хуралдаандаа 100 хувийн ирцтэй суусан дараагийн
гишүүн нь Б.Ундармаа. Тэрбээр мөн л ялгаагүй томилолтод огт яваагүй,
таслалтгүй, чөлөөгүй боловч долоон удаа хуралдаанаас хоцорчээ. Тэдний
араас 27 хуралдааны 26-д сууж, ирцээрээ удаалсан долоон гишүүн байна.
Тэд бүгдээрээ МАН-ын гишүүд байгаа юм. Энэ үзүүлэлт нь АН-ынхан энэ
удаад сөрөг хүчний үүргээ хэрхэн биелүүлж буйг илтгэсэн нэг үзүүлэлт
болж байна. Өөрөөр хэлбэл, аль ч парламентад сөрөг хүчин маш чухал
үүрэгтэй байдаг. Байх ч учиртай. Ямар ч сайн эрх баригчид байсан ч сөрөг
хүчний үүрэг хэзээд чухал байдаг. Учир нь тэнд хяналтын механизм дээд
зэргээр ажиллаж байх учиртай. Гэтэл энэ парламент дахь сөрөг хүчин буюу
АН-ын бүлгээс хуралдаандаа бүрэн суудаг ганц ч гишүүн алга. Энэ нь
мэдээж тэдний бядыг бүрнээ илтгэх үзүүлэлт юм.
Б.НАРАНХҮҮ ГИШҮҮН ЧУУЛГАНДАА СУУДАГГҮЙ ГИШҮҮДИЙГ "ӨНГӨЛСӨӨР" БАЙНА
Одоо харин хоцролт, таслалтаараа бусдыгаа тэргүүлсэн гишүүдийн мэдээллийг хүргэе. Нийт чуулганы хуралдааны
босгыг давж чадаагүй 20 гишүүн байна. Эдгээр 20 гишүүний ихэнх нь 17-18
удаа л чуулганы хуралдаанд оролцжээ. Чуулганы 27 хуралдааны 17-д нь
УИХ-ын гишүүн С.Батболд, С.Бямбацогт, Н.Номтойбаяр, Л.Оюун-Эрдэнэ,
Ж.Энхбаяр нар оролцсон бол Я.Содбаатар, З.Нарантуяа нарын гишүүд 27
хуралдааны 16-т нь, Б.Энх-Амгалан гишүүн 15 удаа л чуулганы хуралдаанд
оролцжээ. Б.Энх-Амгалан гишүүний хувьд хаврын чуулганы хугацаанд хамгийн
олон удаа гадаад томилолтоор ажилласан байна. Тодруулбал,
ихэнх гишүүн 2-3 удаа л гадаад томилолтоор ажилласан бол Б.Энх-Амгалан
гишүүн найман удаа гадаад томилолтоор хаврын чуулганы хугацаанд
ажилласан байна. Мөн тэрбээр дөрвөн удаа чөлөө авчээ. Хэдийгээр үзүүлэлт
тааруу байгаа ч эдгээр гишүүн чуулгандаа суудаггүй гишүүдийг өнгөлж
"чадаагүй" юм. Тодруулбал, хэзээнээс чуулган таслалтаараа алдаршсан
Б.Наранхүү гишүүн энэ удаад ч "амжилтаа" хадгалж үлдсэн. Хэдийгээр бид
энэ талаар яриад өнгөрдөг ч энэ бол инээдэм бус ханиадам. Учир нь
Дундговийнхныг төлөөлж, УИХ-д сонгогдсон гишүүн нь хуралдаандаа суухгүй,
үндсэн ажлаа хийхгүй болохоор Дундговийнхныг төрд төлөөлөх хүн байхгүй
байгаатай адил байна. Б.Наранхүү гишүүний чуулганы хуралдаандаа
суудаггүй, тасалдаг, иргэд сонгогчдынхоо итгэлийг үл ойшоодог байдал нь
наанадаж Дундговийн ард түмнийг үл тоосон, цаанадаж Монгол төрийн нэр
хүндийг уландаа гишгэсэн үйлдэл яалт ч үгүй мөн. Таслал хоцролтоороо
үнэмлэхүй, тод манлай "аварга" хэдий болтол энэ чигээрээ явахыг таахад
бэрх. Түүний хувьд чуулганы нийт 27 хуралдааны 10-т нь л оролцсон бөгөөд
17 удаа чуулгандаа суугаагүй байх юм. Ингэхдээ мэдээж ямар нэгэн
хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чуулганаа тасалсан байна. Түүгээр ч
барахгүй суусан 10 хуралдааныхаа гуравт нь хоцорсон. Ингэж суухдаа
тэрбээр ганц ч удаа үг хэлж, асуулт асуугаагүй. Зөвхөн санал л өгсөн
байх юм. Энэ тохиолдолд түүнийг ажил хийсэн гэж үнэлэх ямар ч боломжгүй
юм. Эцсийн дүндээ төрийн түшээ, үлгэр жишээ байх учиртай хүн төрийн
ажпыг, түмний итгэлийг хэрхэн хөсөрдүүлж, халтуурдаж болдгийг биечлэн
харуулж байна гэхээс өөр дүгнэлт хийх боломжгүй байгаа нь харамсалтай.
Мэдээллийн төгсгөлд сонирхуулахад, өнгөрсөн хаврын чуулганд хамгийн их
үг хэлсэн гишүүнээр Б.Бат-Эрдэнэ 25 удаа үг хэлэхдээ 103 минут
зарцуулснаар тодорчээ. Тэгвэл М.Билэгт гишүүн 79 минут үг хэлснээрээ
удаалсан байна. Харин хамгийн их асуулт асуусан гишүүнийг тэрбээр мөн
тэргүүлжээ.
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!