Монгол Улс 700 тэрбумаар хохирч, шүүх үүнийг нь 40 сая төгрөгөөр хаачихав уу

🕔 2018/06/07 14:38

 

Монгол Улс 700 тэрбумаар хохирч, шүүх үүнийг нь 40 сая төгрөгөөр хаачихав уу

 

ШХАБ-ын бужигнаанаар төмөр замын луйврыг "цагаатгачихжээ”. Тэр ч бүү хэл, 280 сая ам.доллароор шороо овоолуулсан нь ерөөсөө хохирол учруулаагүй тайлбарыг МТЗ-ын зүгээс мэдүүлж, харин яллагдагчаар татагдсан этгээдүүдийн хийсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон байв.

Тодруулбал, энэ долоо хоногт Зам тээврийн сайд асан А.Гансүх нарт холбогдох эрүүгийн хэргийг олон жил үргэлжилсэн мөрдлөг, шалгалт талаар өнгөрч, гэмт этгээдүүд эцэстээ "цагаадав”. Ер нь бол тэднийг энэ хэрэгт огтоос хамааралгүй гэж үзжээ.

Өнгөрсөн жил А.Гансүх өмгөөлөгчөөсөө татгалзсан. Удаа ч үгүй шүүх хурал нь товлогдсон. Гэтэл үүнээс хойш энэ хэргийн талаар ямар ч мэдээлэл гараагүй. Хууль хяналтынхан ус балгасан мэт явсаар өнөөг хүрсэн билээ. Тэгээд л эцсийн бүлэгт Зам, тээврийн сайд асан, өдгөө ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар ажиллаж буй А.Гансүх, ТӨХ-ны дарга асан Д.Цогтбаатар нарт холбогдох хэргийг прокурор хэрэгсэхгүй болгожээ.

Харин Төмөр замын гэх тодотголтой энэ хэрэгт анх дээрх яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяа, "Монголын төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал асан П.Бат-Эрдэнэ, тус компанийн хэлтсийн дарга А.Зориг тэргүүтэй хүмүүсийг шалгаж эхэлсэн. Гэтэл П.Бат-Эрдэнэ нь хил давж зугтаасан учраас олон улсад эрэн сурвалжилж, улмаар энэ хүмүүст холбогдох үйлдлийг нь тусгаарлан, түдгэлзүүлсэн хэвээрээ байгаа юм байна.

Мөн "Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жон Ёлыг төмөр замын хөрөнгөөс завшсан, залилан мэхэлсэн гэм буруутайд тооцож, 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна. Байдал нэг иймэрхүү л байна даа.

Уншигч та бүхэн санаж буй бол энэ хэрэгт манай Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр олон талаар холбогддог. Бүр Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө, 2016 онд түүнийг уг хэргийн сэжигтнээр татаж, шалгасан билээ. Улмаар гадагш зорчих эрхийг нь хязгаарлаж байсан.

Гэвч эцсийн дүндээ тав орчим жилийн турш олны анхаарлыг татаж, улсад 280 сая ам.доллар буюу 700 шахам тэрбум төгрөгийн хохирол учруулсан энэ хэргийг замхруулаад өнгөрөөв. Бүр холбогдогч этгээдүүдийн хэргийг хэрэгсэхгүй болгосноор улсын өмнө хэн ч хариуцлага хүлээхгүй, салхинд хийссэн хөрөнгө мөнгө тэр чигээрээ алга болж буй ажээ.

Хамгийн хачирхалтай нь, олон жилийн турш хохирогч гэгдэж байсан МТЗ өнөөдөр ямар ч хохирол амсаагүй гэх тайлбар өгсөн нь ямар учир шалтгаантай вэ гэдэгт монголчууд заавал хариулт авах ёстой.

Мөнөөх гадны иргэн Ли Жон Ёл хүртэл хувьдаа өөр компани байгуулж, түүнийхээ дансаар 800 гаруй сая төгрөг завшсан. Түүний энэ үйлдлийг нь шүүх өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн. Гэтэл эхнээсээ өөрсдийгөө хохирогч гэж гомдоллоод байсан МТЗ компанийнхан уг шүүх хурлаар гомдолгүй гэснээр солонгос эр 40 сая төгрөгөөр торгуулсан төдий өнгөрөв .

Монголын шударга бус нийгэмд ялзарсан шүүх засаглал өнөөгийн Ерөнхийлөгчийн холбогдож асан хэргийг ашиг сонирхлын зөрчилтэйгөөр шийдвэрлэсэн байлаа гэхэд бараг гайхшрахаагүй санагдана. Энэ хэрэг угаасаа л замхрах янзандаа орчихсныг бүгд мэдэж байсан.

Гэвч УИХ шинээр бүрэлдэж, Засгийн газар тэс өөрөөр байгуулагдсан атал ЗТХЯ болон МТЗ-ынхан хохиролгүй хэмээн мэдэгдэж, зарга гомдлоо татсан байгааг тайлбарлах ямар ч шалтгаан алга.

Эцсийн бүлэгт, Монгол Улс төмөр зам ч үгүй, төмөр замд төсөвлөсөн 280 сая доллар ч үгүй хоцорсон хэргийг 40 сая төгрөгийн торгуулиар дарчихлаа. Гэхдээ зүгээр нэг нам дарагдаад өнгөрөхгүй нь ойлгомжтой. Энэ талаарх санал гомдлууд одоо олон нийтийн сүлжээ, цахим ертөнцөөр хөвөрч байна.

Хамгийн гол нь, өнөөдөр Монгол Улс нүүрсний хэрэглээг олон улс халчихаагүй байгаа дээр хэсэг орлого олохын тулд төмөр замыг дахин эхлүүлэх ёстой хэмээх байр суурин дээр зогсож байгаа. Гэхдээ энэ бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд шаардлагатай хөрөнгийн 50 хувийг  Хятадаас авах нэг тэрбум долларын зээлээс төсөвлөж, тодорхой хэсгийг Тавантолгойг олон улсын зах зээлд арилжаалснаар олох тооцоо гаргасан гэнэ. Тэгчихээд үлдсэн 50 хувийг нь концессийн гэрээгээр хувийн хэвшилтэй хамтран босгоно гэж байгаа.

Тэгвэл өмнө нь шороон далан болж хувирсан 280 сая долларыг хэн төлөх вэ. Үрэн таран хийгсэд, нэр холбогдогсод нь одоо энэ мөнгөтэй хамааралгүй, ерөөс бараг цаасан дээр нэр цэвэр үлдчихлээ. Харин Монголын шүүх дорой буурайгаа харуулж, 700 тэрбумын асуудлыг 40 сая төгрөгөөр хааж байна.

Төр, засгийн томчууд үүнд оролцсон гээд байгаагаас харвал монголчууд дээшээ зарга мэдүүлж, шударга ёс нэхэх боломж бүр тэглэсэн бололтой. Тиймээс хойч үедээ үлдээх өрийг улам зузаалахаас өөр аргагүй болжээ.

Erennews.mn


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!