Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын хэрэг “Хаачив”

🕔 2017/09/07 10:31

-Ер нь бол хавтаст хэргүүд шүүхээр шийдэгдэлгүй прокурорын шатанд хэрэгсэхгүй болдог нь үнэн. Уг нь хууль сахиулж, гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүргээ цагдаагийн байгууллага нэр төртэй биелүүлдэг ч харамсалтай нь прокурор шүүхийн байгууллага дээр очоод гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хаадаг нь харамсалтай-

Энэ сарын 4-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас олны анхаарлыг татсан зарим нэг хэргүүдийн талаар мэдээлэл өгсөн. Ингэхдээ 60 тэрбум болон Төмөр замын хэрэгт холбогдсон нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон хэмээн мэдээлсэн билээ. Тэгвэл эдгээр хэргээс гадна бүтэн хоёр жил гаруйн хугацаанд шалгагдаж байгаа зарим нэг хэргүүд яагаад ийм удаан хугацаанд шалгагдах болов гэдэг нь хачирхалтайгаас гадна, чимээгүйхэн замхарч магадгүй болов.

Тухайлбал, одоогоос хоёр жил гаруйн өмнө УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, хуучнаар Эдийн засгийн Хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат нарыг "Чингис”, "Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр 2015 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс АТГ-аас Эрүүгийн хэрэг үүсгэж нэр бүхий хүмүүсийг цагдан хорьж байсан.

Тэгвэл энэ хэрэг одоо ямар шатандаа байгаа нь тун бүрхэг болж, шалгагдаж байсан хүмүүс ч одоо эрх чөлөө ханхлуулан гадуур дураараа явж байгаа. Уг нь тэднийг батлан даалтад гарах үеэр хэрэгт хяналт тавьж байсан прокурорууд үргэлжлүүлэн хорих хүсэлтэй байгаагаа шүүхэд уламжилсан ч шүүх нэр бүхий хүмүүсийг эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргасан гэдэг. Түүнээс хойш тэдэнтэй холбоотой хэрэг сураг алдарч хэрэг хэрхэн шийдэгдэх нь одоог хүртэл тодорхойгүй байна.

Ямартай ч төрийн өндөр албан тушаал хашиж байсан нэр бүхий гурван этгээдийг хуулийнхан албаны эрх мэдлээ хэтрүүлж төсвийн хөрөнгийг үргүйдүүлсэн гэх үндэслэлээр шалгасан ч энэ удаа тэдэнд холбогдох хэрэг ямар шатандаа яваа талаар нэг ч үг хэлсэнгүй нь "Яагаад” гэж асуухад хүргэж байна. Уг нь дээрх нэр бүхий хоёр эрхмийн тухай хангалттай нотлох баримт АТГ-т цугларч, хэргийг прокурор руу шилжүүлж яллагдагчаар татсан ч энэ хэргийн үнэн худал нь одоо хүртэл шийдэгдэхгүй, ямар нэгэн мэдээлэл өгөхгүй байгаа нь хэрэг замхрах шатандаа оров уу гэсэн хардлагыг олон нийтэд төрүүлж эхэллээ.

Хөгжлийн банкийг хувийн өмч шиг санаж, бондын мөнгийг өөрийн хөрөнгө шиг зарцуулсан тухайд МАН-ын гишүүд олонтоо шүүмжилж байсан. Өөрөөр хэлбэл, нэг нь Засгийн газрыг залилж хувийн компанидаа их хэмжээний мөнгө авсан бол нөгөөх нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт холбогдсон гэсэн үг. Хатуухан хэлэхэд Хөгжлийн банкны шороотойгоо хутгалдсан нэр хүнд нь дээрх хоёр эрхэмтэй шууд холбоотой.

Хуулийнхан энэ мэт хэргийг сүр дуулиантайгаар эхлүүлж олон түмэнд зарлачхаад сүүлдээ усанд хаясан чулуу шиг алга болгодог байдал хэвийн үзэгдэл боллоо. Энэ мэтээр эдийн засгийн алуурчдын хийсэн хэргийг цаг тухайд нь мэдээлэхгүй байсаар дараа нь хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хэрээс хэтэрч байна. 

Тухайлбал, олны анхаарлын төвд ороод байсан Төмөр замын хэрэгт Ерөнхийлөгч Х.Баттулгыг яллагчаар татан шалгаж байсан. Гэтэл түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай мэдээллийг энэ сарын 4-ны өдөр Нийслэлийн ерөнхий прокурорын орлогч, Ж.Ариунаа албан ёсны сайтаараа дамжуулан мэдээлэв.

Тэрбээр " Эрүүгийн 201501000154 дугаартай А.Гансүх нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын явцад "Монголын Төмөр Зам” Төрийн өмчит хувьцаат компанийн захирлаар ажиллаж байсан П.Бат-Эрдэнэ, "Либерти партнерс” ХХК-г үүсгэн байгуулсан Ч.Ганбат нар нь Эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдахаас өмнө Монгол Улсын хилээр гадагш гарсан бөгөөд П.Бат-Эрдэнэ, Ч.Ганбат нар байхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн учир тухайн үед хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасны дагуу П.Бат-Эрдэнэ, Ч.Ганбат нарт холбогдох хэргийг тусгаарлан мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан.

Ажлын хэсгээс хэргийн холбогдогч нарт шинээр мөрдөгдөж эхэлсэн хуульд нийцүүлэн яллагдагчаар татах санал гаргаж ирүүлснийг прокуророос хянаж үзээд Х.Баттулга нь Ч.Ганбат, Б.Батзаяа нартай урьдчилан үгсэн тохиролцож Даланзадгад Чойбалсангийн чиглэлийн 1100 орчим километр төмөр замын суурь бүтэц барих төсөлд Зөвлөх үйлчилгээ үзүүлэх багаар "МакКинсэй энд Компани” компанийг холбогдох хууль тогтоомж зөрчин сонгосон, Зам тээврийн сайдаар ажиллаж байсан А.Гансүхтэй бүлэглэн Концессын хууль холбогдох бусад дүрэм журмыг зөрчин Гашуун сухайт Ухаа худаг чиглэлийн 267 км төмөр замын суурь бүтэц барих, ашиглах, шилжүүлэх концессын гэрээг хууль бусаар "Самсунг Си энд Ти” компанид шилжүүлсэн зэрэг үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй байна гэж дүгнээд Х.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татах мөрдөгчийн саналыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн” хэмээсэн.

Уг нь тус хэрэгт холбоотой нэр бүхий хүмүүсийг тухайн үед хэрэгт холбогдолтой гэж яллагдагчаар татсан ч энэ удаа ийнхүү хэрэгсэхгүй болгочихлоо. 

Энэ мэтээр манай хууль хяналтынхан эдийн засгийн гэмт хэргийг хааж төрийн өндөр албан тушаал хашиж буй хүмүүсийг хаацайлж байгаа нь цаанаа ямар нэгэн тохиролцоо, наймаалцал байгаа гэсэн хардлагыг нийгэмд төрүүлсээр байгаа юм. Ер нь бол хавтаст хэргүүд шүүхээр шийдэгдэлгүй прокурорын шатанд хэрэгсэхгүй болдог нь хачирхалтай.

Уг нь хууль сахиулж, гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүргээ цагдаагийн байгууллага нэр төртэй биелүүлдэг ч харамсалтай нь прокурор шүүхийн байгууллага дээр очоод гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хаадаг нь харамсалтайгаас гадна сэжигтэй. Угтаа мөрдөгчид үүргээ биелүүлж хэргээ илрүүлсэн бол зоригтой дуусгах эрх нь тэдэнд байдаг ч эрх мэдэл албан тушаал нь яалт ч үгүй багаддаг гэдгийг энэ удаа жинхэнэ утгаар нь харууллаа.

Өөрөөр хэлбэл, мөрдөгчид ажиллагаа явуулж хөдөлшгүй баримтаар тогтоосон хэргийг хөндлөнгөөс, прокуророос замхруулахыг оролдвол түүнийг нь олон нийтэд дэлгэчихдэг зориг зүрхтэй мөрдөгчид байхгүй байгаа нь харамсалтай. Ямартай ч Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын хэргийг хэрхэж буй тухайгаа олон нийтэд хэзээ мэдээллэхийг нь харах л үлдлээ.

ЭХ СУРВАЛЖ:

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!