Төмөр замын хэргээр Солонгосууд ял авч, Ерөнхийлөгч, А.Гансүх нар “уснаас хуурай” гарлаа
Зам тээврийн сайдаар ажиллаж байсан А.Гансүх, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Цогтбаатар, Монголын төмөр зам Төрийн өмчит хувьцаат компанид төслийн хэлтэст хэлтсийн даргаар ажиллаж байсан А. Зориг, "Эс Си Ти И Си Эм” ХХКомпанийн гүйцэтгэх захирал, төсөл хариуцсан захиралаар ажиллаж байсан Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн, Лий Жонг Ёл /LEE JEONG YEOL/, Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн, БНСУ-ын "Соён инженеринг” ХХК-д зургийн инженерээр ажиллаж байсан Гу Дун Хён /KO DONG HYUN/ нар албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдсон. Энэ хэрэг прокуророос яллах дүгнэлт үйлдэн, анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. Харин анхан шатны шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаасан бөгөөд прокурор давж заалдах шатны шүүхэд хандсан. Давж заалдах шатны шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж үзсэн.
Энэ хэрэгт холбогдсон этгээдүүдийг шалгаж байх хугацаанд зарим нэг нь албан тушаал ахисан байдаг. Тухайлбал, Зам, тээврийн сайд асан А.Гансүх одоо ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар ажиллаж байгаа. Түүнийг энэ хэрэгт хамааралгүй гэсэн прокурор цагаатгасан. Мөн ТӨХ-ны дарга байсан Д.Цогтбаатарт холбогдох үйлдлийг прокурор хэрэгсэхгүй болгосон байдаг.
Улмаар хэргийн мөрдөн байцаалт дуусч шүүхэд хэргийг шилжүүлсэн. Ингэснээр Монголчууд уснаас хуурай гарч, Солонгос иргэд ялыг нь үүрэхээр болсон. Тодруулбал Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам тавих төслийн буюу "Монголын төмөр зам” (МТЗ) компанийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн, хуурамч гүйцэтгэлээр залилан мэхэлсэн, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт холбогдсон БНСУ-ын иргэн, "Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жон Ёл, "Соён инженеринг” компанид зургийн инженерээр ажиллаж байсан Гу Ду Хёон нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригаас эхлэн гурав хоногийн турш хэлэлцлээ. Нийслэлийн Прокурорын газраас дээрх хүмүүст эд хөрөнгө завшсан, залилан мэхэлсэн гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм. Тус шүүхийн ерөнхий шүүгч М.Алдар даргалан хэлэлцсэн хурлаас төмөр зам тавих зургийг дахин хийж мөнгө завшсан хэрэгт холбогдсон Гу Ду Хёоны үйлдлийг хэрэгсэхгүй болгожээ.
Харин "Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жон Ёлыг эд хөрөнгө завшсан, залилан мэхэлсэн гэм буруутайд тооцож, 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна. Эх сурвалжуудын мэдээлснээр Ли Жон Ёл хувьдаа өөр компани байгуулж, түүнийхээ дансаар 800 гаруй сая төгрөг завшсан гэх үйлдлийг нь шүүх өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн бөгөөд хохирогч МТЗ компанийнхан гомдолгүй хэмээснээр улсад учруулсан дээрх хэмжээний мөнгөний 20 хувьд ч хүрэхгүй төгрөгөөр торгох ял оноосон аж.
Хэргийг эргэн санахад...
Зам тээврийн сайдаар ажиллаж байсан А.Гансүх, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Цогтбаатар, Монголын төмөр зам Төрийн өмчит хувьцаат компанид төслийн хэлтэст хэлтсийн даргаар ажиллаж байсан А. Зориг, "Эс Си Ти И Си Эм” ХХКомпанийн гүйцэтгэх захирал, төсөл хариуцсан захиралаар ажиллаж байсан Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн, Лий Жонг Ёл /LEE JEONG YEOL/, Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн, БНСУ-ын "Соён инженеринг” ХХК-д зургийн инженерээр ажиллаж байсан Гу Дун Хён /KO DONG HYUN/ нарыг Эрүүгийн хуулийн
148.4 Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах
150.3 Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх
263.2 Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах
272.2 Албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм.
Ингэхдээ тэднийг яллагдагчаар татаад байсан ба
А.Гансүх нь Зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулгатай бүлэглэн Концессын тухай хуулийн 6.1.2, 19.1 дэх заалтыг зөрчин Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн "Шинэ төмөр зам төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 28 дугаар тогтоолоор "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д заасан 1, 2 дугаар үе шатанд барих төмөр замын суурь бүтцийн "барих-ашиглах-шилжүүлэх” концессыг "Монголын төмөр зам” ТӨХК-д олгуулахаар шийдвэрлүүлэн улмаар Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 121 дүгээр тогтоолын 6 дахь заалтыг хэрэгжүүлэхээр,
мөн Монгол Улсын Ерөнхий сайдын 2012 оны 65 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагчаар ажиллахдаа "Ухаа худгаас Гашуун сухайт” хүртэлх төмөр замын дээд доод суурь бүтцийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллах аж ахуйн нэгжийг судлах ажлыг явуулалгүй, "Энержи Ресурс рейл” ХХК нь БНСУ-ын Самсунг Си энд Ти буюу "Эс Си Ти И Си Эм” ХХК-тай Ухаа худгаас Гашуун сухайт хүртлэх төмөр замын дээд доод суурь бүтцийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллах "ЕРС” гэрээг байгуулаагүй байхад албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатартай хамтран 91 дугаартай "Ухаа худгаас Гашуун сухайт” чиглэлийн 267 километр орчим төмөр замын суурь бүтцийг барих ажлын ерөнхий гүйцэтгэгч "Самсунг Си энд Ти” компанитай "Энержи Ресурс рейл” ХХК-ийн байгуулсан гэрээний эрх, үүргийг зохих журмын дагуу шилжүүлэн авч үргэлжлүүлэн ажиллуулах гэсэн хамтарсан тушаал гаргаснаар 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдөр "Монголын төмөр зам” Төрийн өмчит Хувьцаат компанийн гүйцэтгэх захирал П.Бат-Эрдэнэ нь "Эс Си Ти И Си Эм” ХХК-ийн гүйцэтгэх захирал Лий Жон Ёлтой Монгол Улсын Ухаа худгаас Гашуун сухайт чиглэлийн хоорондын төмөр замтай холбоотой зам тавих барилгын ажлын зураг төсөл, худалдан авах, барилгын ажлын гүйцэтгэлийн гэрээг байгуулснаар "Эс Си Ти И Си Эм” ХХК нь "Монголын Төмөр зам” ТӨХК-иас бэлтгэл ажил болон нүүлгэлтийн зардалд олгосон 22.940.301.793,02 төгрөгийн санхүүжилтээс 10.382.000.371,02 төгрөгийг, Мөн гэрээний 5.4-д заасан Зам төмрийн чигжээс бэлтгэх, нийлүүлэх заалтын дагуу ажлын явцын төлбөрийн гэрчилгээ 10 хүртэл дугаартайгаар "ЭСТО” ХХК-иас хүлээн авсан чигжээс чулууны хэмжээг "МТЗ” ТӨХК-д 128.949,63 метр кубээр илүү тайлагнаж 8.453.935,12 ам доллар буюу 15.118.044.903,00 төгрөгийг, ул шорооны ажлын тайланг "МТЗ” ТӨХК-д гаргахдаа 107.342.372.298 төгрөгийн ажил гүйцэтгэснээр гарган санхүүжилт авсан боловч далан шорооны ажлын туслан гүйцэтгэгч нарт 89.850.922.153 төгрөгийн санхүүжилтийг олгож 17.491.450.145 төгрөгийн санхүүжилт илүү авснаас 7.674.745.454.060 төгрөгийг, ус зайлуулах байгууламжийн ажлын тайланг "МТЗ” ТӨХК-д гаргахдаа 18.544.361.128,43 төгрөгийн ажил гүйцэтгэснээр гаргаж санхүүжилт авсан боловч туслан гүйцэтгэгч нарынажлыг 9.920.771.690,00 төгрөгөөр баталгаажуулан санхүүжилтийг олгож "МТЗ” ТӨХК-иас илүү авсан санхүүжилтээс 8.923.589.438,43 төгрөгийг, гүүрийн барилгын ажлын тайланг "МТЗ” ТӨХК-д гаргахдаа 22.553.288,22 ам. долларын ажил гүйцэтгэснээр санхүүжилт авсан боловч туслан гүйцэтгэгч нарын ажлыг 14.955.856 ам.доллароор баталгаажуулан олгож, зөрүү 7.597.432,22 ам.доллар буюу 13.012.653.983,40 төгрөгийг, нийт 55.111.034.150,045 төгрөгийн онц их хэмжээний хохирол улсад учруулсан гэх үндэслэлээр шалгаж байсан түүхтэй.
Гэтэл Солонгосууд нь ял авч, харин Монголчууд нь "уснаас хуурай” гарлаа. Эх сурвалжийн хэлж байгаагаар энэ хэргийн зарим оролцогчийн хэргийг тусгаарласан гэдгийг мэдэгдсэн. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Dorgio.mn