Төрийн шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн, кино зураглаач Ойдовын Уртнасан.
Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт 1929 онд малчин ард Ойдовын гутгаар хүү болон төрж өсжээ. 1937онд сумынхаа бага сургуульд орж 1941онд төгсөөд Маршал Чойбалсангийн нэрэмжит арван жилийн нэгдүгээр дунд сургуульд шилжин суралцаж 1947 онд 10-р ангиа төгсжээ.
Дарма ахыг нь Уран Сайхны Хүрээлэнгийн дарга байхад нь орлогчоор нь ажиллаж байсан хожмоо цэргийн сурвалжлагч болсон найз Дэчингунгаа нь О.Уртнасан хүүгийн сонирхлыг гадарлаж Улсын Кино зургийн Хороонд оруулахаар зураглаач Д.Жигжидтэй уулзуулж өгсөн нь О.Уртнасанг алс хэтийн өлзийтэй замд нь оруулсан эхлэл болжээ. 10-р анги төгсөхдөө ЗХУ-д Усны дээд сургуульд суралцах хувиар авсан ч хэдийний танил болсон Д.Жигжид, Б.Дэмбэрэл, Э.Ювуухүү нарын залгамж халаа болохоор Д.Жигжид гуайн туслахаар ажиллажээ. 1952 онд Москвад Бүх Холбоотын Кино Урлагийн Дээд Сургуульд зураглаачийн мэргэжлээр суралцуулахад тэрээр 1957 онд онц сайн дүнтэй төгсөж, Монголкино үйлдвэрийн дээд мэргэжил эзэмшсэн хоёрдахь зураглаач болсон юм. Төгсөх ангийн оюутан О.Уртнасан 1956 оны Улсын баярын тухай "Наадам” гэдэг баримтат киногоор дипломын ажлаа хийсэн нь мэргэжлийн ур чадварын дээд үнэлгээ авсны дээр 1957 онд Москвад болсон Олон улсын оюутан залуучуудын киноны үзлэгт нэгдүгээр байр эзэлж хамгийн хүндтэй шагналыг гардан авсны гадна тэр бүтээл нь олон жилийн турш хойч үеийн оюутнуудын сургалтанд үлгэрлэн үзүүлэх шилдэг бүтээлийн жагсаалтанд орж чадсан юм.
О.Уртнасан бол манай бурхан үеийнхний төө зайгүй залгамж, хойч үеэ өлгийдөн авсан өнөд дурсагдах бууршгүй ачтан, түүхэнд мөнхрөх гавьяатан юм. 1959 онд ”Ардын элч”, 1961 онд "Алтан өргөө”, 1962 онд Хөхөө гэрлэх дөхлөө”, 1964 онд "Тус биш ус”, 1968 онд ”Өглөө”, 1971 онд ”Тэмцэл”, 1985 онд "Их замын тоос”, 1993 онд Өв, 1993 онд "Морьтой ч болоосой” 2-р ангийн зураглаачаар тус тус ажилласан. О.Уртнасан 1965 оноос байгаль, ан амьтны төрөлжсөн сэдэвтэй цуврал кинонуудыг хийж эхэлсэн нь нэн сонирхолтой бөгөөд манай баримтат кино урлагийн шинэтгэл болсон юм. О.Уртнасангийн хөдөлмөр зүтгэлийг үнэлж 1965 онд Алтан гадас одон,1971 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн цол,1985 онд Төрийн шагнал, хүндэт тэмдгийн хамт хүртээснээс гадна Ардын хувьсгалын 40.50.60 жилийн ойн хүндэт медалиар шагнасан.
1974 онд Байгаль орчныг хамгаалах холбооны хүндэт гишүүн, 1997 онд Гоо марал шагналтан болжээ. Зураглаач О.Уртнасан Москва хотноо болдог Олон улсын кино наадмын шалгаруулах комиссын гишүүнээр хэдэн удаа уригдан ажиллаж Монгол кино үйлдвэрийн алдрыг дэлхийд хамт өргөсөн баримтат киноны түмэнд алдартай нэрт найруулагч, зураглаач билээ.
Төрийн шагналт, УГЗ, кино зураглаач - Ойдовын Уртнасан
О.Уртнасангын зураглаач, найруулагчаар ажилласан баримтат киноны жагсаалт:
1. Ардын хувьсгалын – 30н жилийн ой – 1951 он
2. ДЗО-3-р фестиваль – 1951 он
3. Солонгосын жүжигчидын тогтлолт – 1952 он
4. Анхаар №1 – 1956 он
5. Эрхэм хүндэт зочин Воршелов –
6. Парис – 1957 он
7. МАХН- 13-р их хурал – 1958 он
8. БНУУ-н ЗГ-н төлөөлөгчид Улаанбаатрт хүрэлцэн ирсэн – 1958 он
9. Монголд газар хөдлөв – 1958 он
10. Гадаадад зориулж товчлол хийсэн нь – 1958 он
11. Ардчилсан орон кино мэдээнээс -1958 он
12. Өөрөө өөринйхөө хулгайч – 1959 он
13. Сайн санааны айлчлал- 1958 он
14. Анд нөхдийндөө – 1960 он
15. Цэнгэлийн дуу – 1962 он
16. Найрамдлын хэлэлцээр – 1963 он
17. Александрын Ансамблын концерт – 1965 он
18. Майлын хаан – 1965 он
19. Говьд – 1967 он
20. Хангайд – 1967 он
21.Ан – 1967 он
22. Эртний нутгийн солонго – 1966 он
23. 19-р олимп – 1968 он
24. Ангийн зөрчил -1969 он
25. Таны төлөө- 1969 он
26. Мөнхйин дүр -1970 он
27. Намын 16-р их хурал – 1971 он
28. Дэлхийн ан агнуурын үзэсгэлэн – 1972 он
29. Хар ус нуур – 1973 он
30. Нэг өвлийн 3н тэмдэглэл- 1974 он
31. аргал угалз – 1974 он
32. Мянган дурсгалт Орхоны хөндий – 1974 он
33. Хар хөрсний булаг – 1976 он
34. Дэлхийн 21-р олимп – 1976 он
35. Ю.Цэдэнбал дарга ЗХУ-д – 1976 он
36. Цэдэнбал тэргүүтэй манай нам засгийн төлөөлөгчид БНСЧСУ-д айлчилсан нь – 1978 он
37. Их говийн дархан газар – 1978 он
38. Ю.Цэдэнбал тэргүүтэй нам засгийн төлөөлөгчид Болгар улсад айлчилсан нь – 1979 он
39. БНБАУ-д болсон Монголын соёлын өдрүүд -1979 он
40. Цагаан зээр – 1979 он
41. Миний янзага – 1980 он
42. Арын сайхан Хангай – 1983 он
43. Ардын дуу Бүжгийн чууулгын жүжигчид Итали орноор – 1984 он
44. БНМАУ-60 жил -1984 он
45. Хавтгай – 1984 он
46. Ээж хайрхан – 1985 он
47. БНПАУ-н нам төрийн төлөөлөгчид манай оронд – 1986 он
48. Бүү мартахтүн – 1986 он
49. Хан хэнтий нүцгэрхүү -1987 он
50. Камбуж орноор манай жүжигчид – 1987 он
51. Камбуж орноор – 1988 он
52. Монгол бөхөм – 1988 он
53. БНМАУ-н соёлын өдрүүд БНСВУ-д
54. Богд хаан уул минь – 1989 он
55. Малаа хэн маллах вэ – 1989 он
56. Рашаан булаг минь ариун байг – 1989 он
57. Найрамдлын гэрээ – 1990 он
58. Аян замын тэмдэглэл – 1990 он