Дундговь аймгийн уугуул Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.НАЦАГДОРЖ-ийн төрсөн өдөр тохиож байна

🕔 2017/05/24 13:16

Өнөөдөр Монгол улсын хөгжмийн оюун сэтгэлгээний сонгодог оргил, төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Цогзолын НАЦАГДОРЖ-ийн төрсөн өдөр.

Тэрээр 1951 оны 04 дүгээр сарын 07-нд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутагт мэндэлжээ.

1959-1966 онд Дундговь аймгийн 10 жилийн дунд сургуулийг дүүргэн 1966-1970 онд Улаанбаатар хотын Багш нарыг бэлтгэх сургуульд хөгжмийн багш мэргэжлээр, 1972-1978 онд ЗХУ-ын Уралын Хөгжмийн Их Сургуулийг хөгжмийн зохиолч мэргэжлээр тус тус суралцан төгссөн.

1970-1972 онд Багшийн сургуульд багш, 1978-1982 онд Хөгжим бүжгийн сургуульд багш, 1982-1984 онд Соёлын яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга, 1984-1986 онд Дуурь бүжгийн академик театрт дарга, уран сайхны удирдагч, 1986-1996 онд Хөгжмийн зохиолчдын Хороонд эрхлэгч, орлогч дарга, дарга, 2005-2011 онд СУИС-д хөгжмийн зохиомж, онолын багшаар ажиллаж байсан.

Ц.Нацагдорж 1970-аад оноос уран бүтээлийн гараагаа эхэлж, "Үүлэн заяа”, "Өгөөдэй хаан”, "Гэсэр”, "Гүн гэрийн гүнж” дууриуд, "Гүег хаан”, "Нүүдэл” бүжгэн жүжиг, 5 симфони, "Найрагчийн нигүүсэл” оратори, "Хөдөөгийн сайхан” 4 ангит чуулбар, "Өргөөний баяр наадам” зэрэг симфони найрал хөгжимд зориулсан 10 шахам удиртгал, найраглал, төгөлдөр хуур, морин хуур найрал хөгжмийн концертууд, үндэсний хөгжимд зориулсан олон арван концерт бүтээлүүд, "Төрийн сүлд өршөө” 5 ангит, "Шинэ үсгийн багш” зэрэг 30 гаруй кино жүжгийн хөгжим, 80 гаруй дуу, романс болон бусад хөгжмийн зохиолчдын 150 гаруй хөгжмийн бүтээлийг симфони найрал хөгжимд найруулан бичиж, нийтдээ 350 орчим бүтээлийн баялаг сан хөмрөгтэй болжээ.

Ц.Нацагдорж Монголын симфони яруу тунгалаг найрал хөгжмийг эх орондоо түгээн дэлгэрүүлэх, хөгжмийн урлагийн мэргэжлийн түвшинг дээшлүүлэх, симфони сэтгэлгээг улам бүр хөгжүүлэхэд онцгой гавъяа байгуулсан бөгөөд түүний авъяас чадвар, хөдөлмөрбүтээлийг төрөөс үнэлж, Монгол улсын төрийн соёрхол олгожээ.

Х. Ганбаатар

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!