Мал маллах ухаан

🕔 2018/02/22 11:06
 

Мал маллах ухаан

 

Миний бичсэн 50 гаруй номын олонх нь мал аж ахуй мал эмнэлгийн сэдэвтэй, бас "Монголд ган зуд хэрхэн болдог’’,”Малын зан араншин, түүний ангилал", "Бэлчээрийн мал аж ахуй эрхлэх ажлын шинжлэх ухааны үндэс”гурван сэдвээр хийсэн 50 гаруй жилийн судалгаагаа бичсэн юм. Би малын гаргадаг болон манай малчдын мал маллахдаа хэрэглэдэг дуу авиаг бүх сумаар судлаад зориулалтаар нь арваад бүлэг болгосон. Монголд ган зуд болдог синоптикийн үзэгдлийг болон критерийг тогтоосон. Малчдын бэлчээрээр мал маллах ажлын шинжлэх ухааны үндсийг судалсан миний судалгааг Мал эмнэлгийн хүрээлэн эрдмийн зөвлөлийн гишүүдийн хурлаараа хэлэлцэн шинжлэх ухааны үнэт бүтзэл хэмээн тодорхойлж, ХААИС-ийн эрдмийн Зөвлөлийн гишүүдийн хурлаас надад хүндэт доктор цол олгосны дээр Монголын шинжлэх ухаанд амьтны зан арагшин судлалын шинэ салбар бий болгож болох юм.
Малын зан араншин \цаашид ЗА гэж товчлон бичнэ\ судлалаар уншигчдад товч ойлголт өгөхөд зориулан энэ өгүүллийг бичлээ. Дашрамд хэлэхэд, миний хийсэн дүгнэлтийн эргэлзээг тайлсан нэгэн зүйл бол энэ онд АНУ-аас Нобелийн шагнал авсан гурбан эрдэмтний нэг нь "Эдийн засагт хүний зан авирын хамаарал” судалгаандаа хүний зан авирыг дээшлүүлснээр улс орны эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх боломжтойг нотолсноос үзэхээр манайд малын ЗА-г судалснаар бэлчээрййн мал аж ахуйн үр өгөөжийг дээшлүүлэх үндэстэй гэж үзэж.бэлчээрийн малын ЗА-г төгөлдөр танин мэдэждүүгээр дамжуулан мал сүргээ залж жолоодох нь бэлчээрээр мал маллах ажлын шинжпэх ухааны үндэс юм гэсэн дүгнэлтдээ эргэлзэхгүй боллоо.
 
Японы эрдэмтэд аргалын утааг судалж, нян устгадгийг тогтоожээ
Монголын нутаг бэлчээр, мал, малчин гурав мөнх орших хорвоогийн нөлөөн дор олон мянган жилийг туулах явцад мал маллагааны арвин арга туршлага хуримтлагдаж, хүн төрөлхтний түүхэнд Монголчууд нүүдлийн мал аж ахуй эрхлэх үнэт хувь нэмэр оруулсан билээ. Өдгөө дэлхийн 200 гаруй улсын жараад нь бэлчээрийн мал аж ахуй эрхэлж байгаа бөгөөд монголчуудын мал маллагаа өвөрмөц манай малын ЗА суурин малынхаас эрс өөр гэдгийг эхлэн өгүүлье.
 
Малын зан араншингийн тухай товч
Мал тав тухтай байхдаа аядуу сайхан, амь өрссөн үедээ адаар муухай,догшин болдог нь хүний зан авиртай төстэй ч, илрэх хэлбэр нь их бүдэг, хүн шиг ярьдаггүй нь гол бэрхшээл юм. Амьтны ЗА-г төрөлхийн ба олдмол гэж 2 ангилдаг. Судлаачид малын ЗА-г олон янзаар ангилсан байдаг. Малын ЗА удамших бөгөөд тодорч бүдгэрэх, арилах зэргээр их хувирч өөрчлөгддөг. Хамгийн нийтлэг ЗА нь 1.хайх \ижлээ, эсрэг хүйсээ, өвс тэжээл, ус хужир, дулаан сэрүүн.хэвтэр байр, дассан нутаг хайх гэх мэт\, 2.хамгаалах \өөрийгөө, сүргээ, үр төлеө гэх мэт\, З.ижилсэх, 4.сөргөлдөх, 5.дайжих, 6.түрэмхий, 7.энэрэх. Эдгээрээс гадна өвөрмөц олон янзын ЗА бий. Би бэлчээрийн Монгол малын ЗА-г төрөлх ба олдмол, хайх, хамгаалах, дасах, ижилсэх, баясах ба гутрах, эсэргүүцэх ба эвлэрэх, сүргийн ба хувьслын гэж ангилсан. Таван төрлийн болон малын хувьслын ЗА-г олон арван жил нэлээд өргөн хүрээнд судлаад өвөрмөц олон хэлбэрийг тодорхойлсон.
Төрөл бүрийн малын ЗА өвөрмөц ялгаатайгаас хамгийн онцлог цөөнийг дурдвал: Тэмээ хужирсаг, алс бэлчих, дөлгөөн уяхан зантай, харгүй номхрох, халуун хүйтэнд тэвчээртэй, салхинд бараг уруудахгүй, ЗА нь их тогтвортой, ус тэжээлгүй удах чадвартай, \туршихад усгүй 100 хоносон\ үс нь гуужихдаа нүцгэрэх тул зун осгох ч бий , орооны үед ингэ, ялангуяа буурны зан эрс хувирч, өөрийгөө сойх, шилнээс нь бохь шүүрэх, сүүл рүүгээ шээж хондлойгоо шавших \үүнийг буур шавах хэмээнэ\ зантай. Ингэ энэрэл дүүрэн зантай, жил өнжиж төллөнө, төлөө долоодоггүй, ботго дорой төрөх тул хүний асрамж орно, торних нь удаан зэрэг онцлогтой. Адуу сэргэлэн, юм сурахдаа сайн, сурснаа удаан мартах, сайтар номхрох, асар холоос нутагтаа гүйх, олон янз явдалтай, азарга сүргээ захирах, хамгаалах, охин төлөө хээлтэх насанд нь бүлээсээ хасч явуулан цус ойртохоос сэргийлдэг, цас цавчихдаа гарамгай, өдөржин шөнөжин идэшлэх, дээд доод үүдэн шүдээрээ өвсийг таслан идэх, хивэхгүй зэрэг онцлогтой. Монгол үхэр номхон, гэрсэг, орой бэлчээрээс нэг замаар цуварч ирэх, бух орооны үедээ хоорондоо болон сарлагийн бухтай мөргөлдөх, үнээ ээрэх, үхэр сахлаг өвсийг хэлээ ороож хазан идэх, ижилсэг, хүнд дасамхай шилэрсэн үнээ тугалаа нуух сонин зантай. Сарлаг догшин хөөрүү, цас цавчихгүй, оройд хураахгүй бол улам цаашлах, хээр хонох, өндөр ууланд гарамгай зохицсон, хөл цээжний хөгжил сайтай Монголоос 2-4 хавирга илүү, бүдэрч унадаггүй,тослог сүүтэй, орооны үед бух эрэг шөргөн сүр үзүүлж, хахран нийлүүлгийн цагийг зарлана, ялаархуу, хөөвөр савга ихтэй хүйтэнд тэсвэртэй ч ус тэжээл дутагдахад тэсвэр муу, сарлагийн үнээтэй эвцэлдэн сарлаг, монгол үнээтэй эвцэлдэн саран хайнаг, үнээ нь Монгол бухтай эвцэлдэн наранхайнаг гарна. Ихэрлэх нь элбэг, өвөл бух царамд тошин чононд өртөхгүй өвөлжих чадвартай. Үнээ хээл авсан нутаг руугаа шилрэх нь бий.
Хонь хөдөлгөөн ихтэй, хүйтэнд тэсвэртэй, хамгийн догшин мал, өдөр бүр хотолж эзний гар дор байдгаас биш адуу шиг алс байлгавал амархан зэрлэгших амьтан, ямаатай амар ижилсдэг, цэцээ бараадан идэшлэнэ, их турж онд орсон болон тулгар зусаг төлөө голох нь элбэг, хуц орооны үед хоорондоо мөргөлдөх, эм хонийг хөөж хээлтүүлэх, хонь юм сурахдаа хамгийн тааруу, хурга эхээ даган амьдарна. Ямаа сэргэлэн, мэдээ тохио авахдаа сайн, өндөрт авирах дуртай өвс сорчилж, зулгааж үндсийг сугалах, туруу хурц тул бэлчээрт баахан халгаатай, хонинь нөмөрт хоноглож, бэлчээр сонгохдоо сайн тул малчид хонь ямааг хамт малласаар ирсэн ч, богийн 20 орчим хувиас хэтрүүлэхгүй байлгах  бичигдээгүй хуулийг олон үед мөрдөж ирсэн.  Ухна заар ханхлуулан орооны цагийг илт зарлахаас гадна эм ямааг хөөж хээл авах гмөчийг олж хээлтүүлэх, бэлчээрт араатан  ойртох болон элдэв мэдээг сүрэгт мэдээлэх их сортоотой, нүхэнд унах, осолд орохдоо  орилж чарлан эзэндээ мэдээлж тусламж авах  чадвартай, ямаа ялангуяа ишиг их бээрэг, эм ямаа орой ширгэх учир саалийн хугацаа  хониноос илүү, юм сурахдаа муугүй, үр төлдөө энэрэнгүй зэрэг онцлогтой . Малын ЗА бол уураг тархины удирдлагын  гадаад илрэл, биеийн бодисын солилцоо, дотоод шүүрлийн булчирхайн үйл  ажиллагаатай холбоотой нэн нарийн үйл явц тул мал маллах, үс ноос, сүү саалийг авах, эдэлж хэрэглэх, тэнхрүүлж таргалуулах, өсгөж үржүүлэх, ашиг шим, өгөөжийг нь  нэмэгдүүлэхэд үлэмж ач холбогдолтой,далд үйл явцын илрэх хэлбэр юм. Энгийн жишээ гэхэд, догшин малдаа ихээхэн эелдэг хандаж ивэлгэн дэлэн дэх сүүг бүрэн сааж болдог байхад, малдаа эвгүй хандсаар үнээгээ ивэлгэж чадахгүй байсаар ширгээж, жилийн сааль алдаж ч байдаг. Үхрээ орилж хашгиран, хөөж туун хөөргөж агсруулсаар хэдэн өдрийн саамаа дутуу авч байснаас үүдэн үнээ нь эрт ширгэж ихээхэн сааль алдаж байхад малаа бэлчээхдээ, малынхаа занг сайн мэддэг малчин эхлээд малаа явах дуртай зүг рүү нь явуулж, аажим залсаар өөрийн сонгосон өвс сайтай нутагт хүргэж малладаг.
Монголчуудын айлсан саахалтаар хамтран малаа маллах нь бэлчээрээр мал маллах гол хэлбэр. Бог малаа өдөр бүр хариулж, бодоо өдөр залж, шөнө манах буюу хотлон хононо. Дөрвөн улирлаар, отроор, ган зудаас зайлах зэрэг хол ойрын олон янзын нүүдэл бол бэлчээр ашиглах үндсэн арга юм. Мал таргалуулах ажил бол малын бодисын солилцоог удирдах нарийн мэдлэг шаардагдсан нөр ажил. Мөн хагсааж уралдуулах, үе үе өлсгөж өл даадаг болгох, хүйтэн болмогц шөнө уяж өлчиржүүлэх, ойр зуур унахаас эхлэн янз бүрийн аргаар эдэлгээ даадаг болгох, уургач, жороо,арилжаа явдал сургах, малынхаа өгөөжийг хүртэх зэрэг 160 гаруй ажлыг манай малчид жилийн турш хийдэг байна. Малчид түүндээ огт түүртдэггүй. Малын их өгөөжөөс онцгой ач холбогдолтой гуравхан жишээг хэлье. Малын өтөг бууц бол малчдын бэлэн түлш, малын хэвтэр, гэрийн дулаалга болдог төдийгүй аюулт өвчнийг эдгээдэг эм. Нүүрсний утаагаар жилд 2600 Монгол хүн нүд аньж байхад аргалын утаагаар Энэтхэгийн доктор Шарма уушгины тахал өвчтөнг эмчилж, түүний өвчин анагаах чадалд биширсэн байдаг. Японы эрдэмтэн судалж үзээд, өвчний нянг устгагч аргалд байдгийг тогтоожээ. Аргалын утаанд шарласан Монгол судрууд олон мянган жил огт гэмтээгүй байхад номын сан номоо байнга ариутгаж хадгалдаг Энэ нь аргалын утаа бас өөр нэг ач тустайн гэрч юм. Монголчууд эрт үеэс нялх хүүхдэд сүүл хөхүүлсээр ирсэн.
Гэтэл хонины уураг сүүл ханаагүй хүчил ихтэй, дархлаа сайжруулдгийг тогтоосноос хойш Герман, АНУ зэрэг улсад хонины сүүл ховор эрдэнэ болж, олдохоо болиод байгаагаас үзвэл сүүлний чанарыг дэлхийд анх монгол малчид мэдсэн болж байна.
Малаа залж жолоодох - малчид малаа байнга дэргэдээс нь ажиглан судалж, малдаа өгсөн мэдээ дохио, цочроогоо малд хэрхэн нөлөөлдгийг мэдсэнээр маллагаандаа түүнийг ашигласаар иржээ. Мал малчин хоёрын харилцах хандлага нь дотноссоор, зан зангаа авсаар, бараг хоорондоо "ярих” хэмжээнд хүртлээ хөгжиж, бие биеийг ойлгох болсон байна. Судлаачийн нүдээр харахад, бэлчээрийн мал аж ахуй бол уудам орон зайд болж өнгөрдөг, асар том туршилт сорилт байдгийг олж мэдсэний ачаар эх орныхоо шинжлэх ухаанд өчүүхэн боловч шинэ зүйл бүтээх болсондоо болон, ийм оюунлаг малчдын нэгэн хүү, Монгол хүн болж төрсөндөө баярлаж.олон түмнээрээ бахархаж явах болсон билээ. Мал хариулах- малаа хотноосоо гаргах, гилэх, туух, бэлчээх, бэлчээрт хүргээд буцаах явах хурдыг хариулах, тогтоох гэрийн зүг буцаан тууж, хотлохдоо өдөржин малдаа их өвс идүүлэх, бэлчээрийг сорчлох ба талхлахаас сэргийлэх, аль болох өргөн эгнээгээр явуулах, түрүүлснийг тогтоож сүүлдсэнийг түрүүлгэх, хамгийн гол нь алхам тутамдаа өвс хазан, хоосон алхуулахгүй байхыг малчид гишгэгдэл тааруулах гэдэг хоёрхон үгээр хэлдэг.
Мал маллахад, ялангуяа бэлчээр сонгох, цас, гол ус гатлах салхи жавар сөргөх, бэлчээх, хотлоход цэц мал манлайлах үүрэгтэй байдаг. Судлаачид бэлчээрийн 10 гаруй мал тутамд нэг цэц байдаг гэсэн нь манайд ч адил юм. Малаа түргэн бүртгэх, зам гаргах, мал хариулах, эдлэх, номхруулах, бартаа туулахад малчид цэц малыг байнга ашигладаг. Мал сургах, эдлэх- Нэг малыг сургаж номхруулснаар мал дээр ажиллах нэг бүл нэмэхтэй ойролцоо ашигтай болдог гэж малчид ярьдаг. Номхон малын өгөөж их. Малыг даган дуурайлгах, төрөлх занг залах, дуу авиагаар, цаг дэгээр болон сүрдүүлэх, аргадах зэрэг олон аргаар сургаж, саах, унах, хөллөх, ачих ажилд ашиглах боломжтой номхон малтай болдог. Бэлчээрийн мал аж ахуй гэгч - Малчид олон мянган үеийн турш Монгол орны цаг уурын хүнд нөхцөлд, жилийн дөрвөн улирлын турш гадаа хээр мал маллаж ирэхдээ бэлчээрийн мал маллагааны цогц арга ухаан буй болгосны дотор амьсудлал - биологи.орчинзүй - экологи, ЗА судлал - этологи, сэтгэл зүй - психологи, бие бүтэц - анатоми, түүний үйл ажиллагаа - физиологи зэрэг олон шинжлэх ухаан агуулагддаг нь монголын малчид тэдгээрийн талаар зохих мэдлэгтэй гэдгийг харуулдаг. Манай орны төрөл бүрийн гадаргуутай бартаат нутгийг ашиглах шилдэг арга нь бэлчээрийн мал аж ахуй эрхлэх явдал мөн. Төлөө голсон малыг ч дуулж хуурдан, уран тойг аялсаар уйлтал уяруулж чаддаг малчид бэлчээр усны дутагдал, орчны өөрчлөлтөд сөгдөх дөхөө юү дээ. Бүх хэрэгцээгээ өөрсдөө хангадаг байсан малчин өрхийн үйлдвэрлэл бүрэн зогсч, бэлчээр сонгон алс нүүхээ больж, мотоцикль, машин, трактороор мал хоргоох залхуу малчид олшроо юу даа. Бэлчээр хомсдоод шимт ургамлын төрөл цөөрөөд, цэвэр ус багассаар.хөрсийг хог өвс эзэлж, суурин бараадсан малчдын нутаг цөлжиж, мал гүйцэд тарга авахаа болиод байгааг монгол хүн бүр эргэцүүлэн бодох цаг болжээ.
Нэр томьёо хөгжлийг илэрхийлдэг. Монгол шиг мал аж ахуйн олон нэр томьёотой улс дэлхийд байхгүй нь мал аж ахуй манайд  их хөгжсөнийг харуулдаг. Малын тамганы нэр 1200 хувилбартай, зүс 500 гаруй, им 20 гаруй, ' шүд, нас хүйсээр ялгасан нэр 100 илүү гээд т тоочвол тоймгүй олон. Малчид малаа өнгө 4 зүс, галбир хэлбэр, тамга тэмдэг, явдал янз,  шүд, нас хүйс, дуу, мөрөөр нь ялган таньж, нэрлэж чаддаг тул мал аж ахуйн нэр наад р зах нь 3000-гаас цааш тоонд хүрнэ. Зөвхөн  шүдээр адууны 20 гаруй насыг тодорхойлж д ялган нэрлэдэг. Улаан, цагаан идээ, түүхий ж эд, малын гаралтай бүтээгдэхүүн, малын тоног \100\, иддэг өвс ургамлын \500 гаруй\ л нэрийг нэмбэл талийна, сүүгээр хийдэг д шимийн архины нэр гэхэд л арваад болно. Манайх шиг бүх төрлийн малаа нас, хүйс, зүсээр ялган нэрлэдэг улс дэлхийд байхгүйг зөвхөн адууг унага, сарваа, даага, шүдлэн  байдас үрээ хязаалан үрээ байдас, соёолон үрээ байдас,азарган үрээ, хавчиг соёолон,  морь,асман,азарга, сувай, боос, хусран гүү  гэдэг олон нэрээс мэдэж болно.
 
Х.Чойжилжав /Хүндэт доктор, сэтгүүлч, малын их эмч/

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!