ТУСГААР ТОГТНОЛЫН АМТ... (1911.12.29)

🕔 2017/12/29 13:05

 

Арван тавдугаар жараны цагаагчин гахай жилийн өвлийн дундад сарын шинийн есний билэгт сайн хишиг усан тахиа өдөр, учрал бүрдсэн морин цаг...

Үүр хагаслан боссон монгол тоотон бүгд Хүрээний зүг цай сүүний дээжээ өргөн Их хэрэг саадгүй бүттүгэй хэмээн залибарна...

Их Хүрээнд их хэрэг үүсэвэй... Чингис Хааны үрийн үр Түшээт ханы хойд дүр VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол улсын хаанд залж чандмань бариулт хас тамга, алтан навчит өргөмжлөл, алтан шахуургатай сувдан эрхи тэргүүтнийг өргөв... Дара эх Дондогдуламыг Улсын эхэд өргөмжлөв... Төрийн ордоноо хуралдсан хүн бүгдээр хичээнгүйлэн Богд хаан, Улсын эхэд тус тус гурвантаа сөгдөж, есөнтөө толгой дохиж мөргөвэй...

Богд хаан анхны зарлигаараа улсын цолыг Монгол, оны нэрийг Олнаа өргөгдсөн, Их хүрээг улсын төв Нийслэл Хүрээ хэмээн тунхаглаж Засгийн газрыг таван яамтай байгуулав...

Үндэсний тусгаар тогтнол дахин сэргэвэй... Их Монгол улсын хэлхээ тасраагүйн бэлэгдэл Төрийн соёмбот тугаа мандуулав... Энэ мөчид Их Хүрээ ёстой л шинэ нээсэн шоргоолжны үүр мэт бужигнан ялангуяа Төрийн ордон хэмээх шар хамба торгоор өнгөлж, хөх торгоор мөшгөөрлөсөн, сүлбэмэл очир есөн эрдэнэ, долоон тахилаар гоёмсоглож хээлсэн арван хэдэн ханатай, аанай л хүнийг зочоомоор гайхам том эсгий гэрийн өмнө үнэхээр нүд алдам олон хүн хуран цуглажээ...

Ийн ахуйд мөн Монголын өнцөг булан бүрт олон түмэн Хүрээ рүү харж "нэгэн хүн мэт сөгдөн мөргөж зул хүж асаан хурайлж сэтгэлийн баяр цэнгэл эдлэн байв... Үүнийг харсан гадаадынхан "монголчуудын нүд урьд өмнө хэзээ ч ингэж очтон байсныг үзээгүй юм байна” хэмээн толгой сэгсэрч уулга алдан шогшрон байвай... Үнэхээр үндэсний эрх чөлөөний жаргал тавиланг хэдэн жаран дамнан хүлээж байсан монгол хүн бүрийн магнай тэнийж сэтгэлд нь нар гийв...

Дэлхий дахинаа төр улсаа сэргээн тунхагласнаа зарлав... Дэлхий ойрхон болов... Шинэ эрин нээгдвэй... Энэ өдөр нар шингэхийн алдад тэнгэрт солонго татан хачин жигтэй үзэгдэл үзэгдэн байвай... Ува сайн амгалан болтугай!

Тэнгэр энх, дэлхий түвшин, төр маш бат, шашин маш тунгалаг... Монгол түмэн үргэлжид тусгаар, энх тунх аж төрж Монгол төр өнө мөнхөд бат оршиг!

Б.Содномжамц

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!