Тахиа жилд монголчууд

🕔 2017/02/27 09:16
 

Жаран жарнаар өртөөлөн ирж буй XVII жарны "Алтан унжлагат” хэмээх Улаагчин тахиа жилд "Идээ, ундаа чухаг” хэмээн сударт өгүүлжээ. Монголчууд бичин жил сүүлээ шарваж, зуд турьхан болох нь элбэг байдаг гэж эртнээс малаа тарга тэвээрэг авхуулж, өвс тэжээлээ базаан өвлийг өнтэй давахад бэлтгэдэг. Тэгвэл тахиа жилд монголчуудын хувьд ямар жил болж байсан бэ? Түүхийн эх сурвалжаас харвал тахиа жилд монголчууд ээлтэй байсан төдийгүй улс гэрээ төвхнүүлж, өөрсдийн сүр хүчийг илэрхийлж, түүхэнд үл балрах үйл явдал өрнөж байсан. Ингээд тахиа жилийн түүхэнд монголчууд хэрхэж байсныг эргэн нэг санацгаая. 

1189 оны шаргачин Тахиа жилд Хар зүрхний Хөх нуурт Алтан, Хучир, Сача бэхи, Тайчу зэрэг Хамаг Монголын нөлөө бүхий ноёдын хуралдаан болж, Тэмүжинг Хамаг Монголын хаанд өргөмжлөв. 


1237 оны Тахиа жил, Сүбэдэй жанжны удирдлага дор нэгдэн баруун зүгт довтолж Киевийн эсрэг дайныг эхлүүлэв. Улмаар Бат хаан Рязань, Суздалийг эзэлсэн билээ. 


1261 оны Цагаан Тахиа жил. Монголын эзэнт гүрний тав дахь их хаан Хубилай хаан ширээнд суув. 


1233 оны Харагчин Тахиа жил. Дайду хотноо Будшир хатан тэргүүтэй ихэс чуулж, Монголын төрийг 33 жил удирдах 13 настай Тогоонтөмөрийг Юань улсын хаанаар өргөмжлөв. Тэрбээр Юань улсын сүүлчийн хаан бөгөөд 1368 онд дотор газрыг хятадын Мин улсад алдсан ч уугуул Монгол орноо захиран суужээ. 


1585 онд Хөхөгчин тахиа жил Гэрсэнз жалайр хунтайжийн долоон хөвгүүний дундах Оонохуй үйзэн ноёны ахмад хөвүүн болох Халхын Абтай сайн ханы зарлигаар Эрдэнэ зуу хийдийн шавыг тавив. 


1621 оны Цагаагчин тахиа жил Цогт хун тайж "Дуут хадны бичиг”-ээ бичжээ. Түүний дотнын Халуут эгч нь холын овогтноо бэрд гаран одоход угаас улс төрийн хувьд ганцаардалд орчихоод байсан Цогт бүр ч гансран эгчийгээ ихэд үгүйлдэг байсан гэдэг. Автай сайн ханын ач Бахарай хошуучийн хүү Цоохор Цогтын ганцаардах болсон шалтгаан нь Монголыг эзлэх гэсэн Манжуудын бодлогыг эсэргүүцэн тэмцсэн Цахарын Лэгдэн хааны тэмцлийг ар Монголоос Цогт тайж бараг ганцаар дэмжин тусалж байсанд оршино. Тэгээд ан авынхаа тэр үеэр өндөр дээр гарч явахдаа сэтгэл нь маш ихэд уярч Халуут авга эгчийгээ санан шүлэглэжээ. 


1657 оны Улаагчин тахиа жил Өндөр гэгээн Занабазар Эрдэнэ зуу хийдэд их ерөөл тавьж, Майдар бурханыг залж, даншиг хийв. 


1681 оны Цагаагчин тахиа жил Ойродын Галдан бошигт хааны цэрэг Сайрам хотыг бүслэн эзлэв. 1686 он гэхэд Зүүнгарын хаант улсын хүчирхэг саварт Хами, Турфан, Кашгар, Сайрам, Бухар, Самарканд зэрэг төв болон дундад Азийн 1000 гаруй том, жижиг хотыг атгуулжээ. Энэ үед Төв Азийн хамгийн хүчирхэг хүн нь Галдан бошигт байв.


1705 оны Хөхөгчин тахиа жил Ойрадын Хошуудын Лхавзан хаан Түвдийг эзлэн засаг баригч Дэсрид Санжаажамцыг хороов. 


1897 оны Улаагчин Тахиа жил Их хүрээ болон Монгол, Оросын хил дээрх Хиагт хотын хооронд телеграфын шугам тавьж эхлэв. Ингэснээр телеграфын мэдээг монгол, орос, хятад хэл дээр дамжуулан телеграфын үйлчилгээг нэвтрүүлжээ.


1909 оны Тахиа жил Богд гэгээн Монголын ноёд түшмэлүүдэд зориулан лүндэн буулгаж өөрийн бодол санааг ойлгуулан, мөн тэдний санаа бодлыг сонсохыг хичээжээ. Тэрбээр энэ үеэр түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн "...эдүгээ Монголын шашин төрийг бататган, газар нутгаа хамгаалж, урт удаан амар жаргалтай суух цаг иржээ. Зүгээр суугаад байвал жаргалтай суух битгий хэл газар шороогоо ч эзэмшиж чадахгүйд хүрнэ. Үүнийг мэдсээр байж Та бүгдэд эс сануулбаас олон бүгдээр намайг шүтэж мөргөж ирсний тус үгүй болно. Үүнийг танай олон ноён түшмэд сайтар бодож тус тусын санаж бодсоноо нэн даруй надад илтгэ” хэмээх алдарт үгээ хэлснээр 1911 оны Тусгаар тогтнолоо дахин сэргээсэн түүхэн тэмцлийг эхлүүлсэн гэж үздэг. 


1921 оны Төмөр Тахиа жил Ардын хувьсгал ялж Монгол Улс тусгаар тогтнолоо дахин тунхаглав. Ардын хувьсгалын ялалтын үр дүнд харийн түрэмгийлэгчдийг хөөн гаргаж, феодлын байгууллыг халж, Ардын эрхт хэмжээт цаазат Монгол улсыг тунхаглажээ. 


1945 оны Модон тахиа жил Дундад улс "Ард түмэн нь өөрсдөө баталж чадвал Монголыг тусгаар тогтносон гэж бид хүлээн зөвшөөрье" гэсэн нот бичгийг ирүүлжээ. Ингээд "Монгол бүрэн эрхт, тусгаар улс мөн гэдгийг хүлээн зөвшөөрөх үү" гэсэн бүх нийтийн санал асуулгыг орон даяар явуулж 100 хувь дэмжсэнээр Тусгаар тогтнолоо баталгаажуулав. 


1981 оны Төмөр Тахиа жил Монгол хүн сансарт нисэв. Талын малчны хүү Жүгдэрдэмидийн Гүррагчаа, ЗХУ-ын иргэн Владимир Жанибековын хамт "Союз-39” хөлгөөр сансарт хөөрч, "Салют-6” сансрын станцтай холбогджээ. В.Жанибеков, Ж.Гүррагчаа нар сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсоны дараа эх дэлхийдээ амжилттай газардсан юм. Ингэснээр монголчууд дэлхий ертөнцийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж буйгаа харуулсан юм. 


1993 оны Усан Тахиа жил Монголчууд анхны Ерөнхийлөгчөө сонгов. Ардчилсан хувьсгалын үр дүнд Монгол Улс хүмүүнлэг, энэрэнгүй үзлийг дээдэлсэн, чөлөөт зах зээлийн замаар замнах болж 1993 онд Ерөнхийлөгчийн сонгуулиа хийсэн бөгөөд анхны Ерөнхийлөгчөөр Пунсалмаагийн Очирбат сонгогдов. 


2017 "Алтан унжлагат” Тахиа жил монголчууд төрийнхөө тэргүүнийг дахин сонгоно...

http://www.news.mn/r/326302
Сэтгүүлч: 
Л.Нарантөгс

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!