Төрийн сэнтийн төлөөх ах дүүсийн “дайралт” ба бизнесээ өргөтгөх тактик

🕔 2016/06/18 14:04

Төрийн сэнтийн төлөөх ах дүүсийн “дайралт” ба бизнесээ өргөтгөх тактик

 

Энэ ч гэлтгүй ер нь ах дүүсээрээ, ураг төрлөөрөө сонгуульддаг, нэр дэвшдэг явдал эрс нэмэгдлээ. Монгол Улсын Үндсэн хуулинд "Монгол Улсын иргэн сонгох, сонгогдох эрхтэй” хэмээн заасан байдаг. Тиймээс хэн нэр дэвших нь бидэнд огт хамаагүй зүйл л дээ. Гэвч төрийн сэнтийд ах дүү, ураг төрлөөрөө тэмүүлж, улс удирдах ажлыг өмчлөх, эзэмших гэсэн хандлага ажиглагдах боллоо. УИХ, аймаг, орон нутгийн удирдах албан тушаалд очно гэдэг өөрөө ашигтай. Ашигтай учраас л тэд ах дүүсээрээ зүтгэж, хөрөнгө мөнгө хаяж, албан тушаалд очихоор улайран тэмүүлж байна.

 


Гэхдээ ах дүүс нэг нам гэхээсээ хоёр өөр намд харьяалагдах нь элбэг. Энэ нь аль нам ялалт байгуулсан тухай гэр бүлд хожоотой гэх логик юм л даа. Тухайлбал, "Нарантуулын боссууд” болох Ш.Сайхансамбуу, Ш.Батсамбуу нар Завхан аймагт нэр дэвшиж байгаа бол Ш.Сайхансамбуугийн охин С.Эрдэнэтуул НИТХ-д нэр дэвшиж байна.

 

 

Эхнэр нөхрүүд, худ урагууд, баз хүргэчүүд гээд ер нь нэр дэвшүүлж болох бүгдийг л дэвшүүлж. Зарим нь бүр "морио дэвшүүлсэн” тухай хөгжилтэй яриа ч сонсогдож байгаа. Энэ бүгдийн цаад шалтгаан нь ердөө л эрх мэдэл, ашиг сонирхол оршиж байдаг. Тэгвэл эрх мэдэлд гэр бүлээрээ хүрэх гэсэн өрсөлдөөн дундаас нэгэн хатагтайг илүүд онцломоор санагдлаа.

 

 

Тодруулбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал асан Б.Саранчимэг. Энэ хатагтайг "Мон Уран” компанийн захирал, УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн төрсөн эгч юм. Тэд хоёул УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байна. Б.Наранхүүгийн хувьд Дундговь аймагт нэр дэвшиж байгаа бол эгч Б.Саранчимэгийн хувьд Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж байна. Өөрөөр хэлбэл төрийн албыг төрлийн албан болгохоор зүтгэж байгаа хүмүүсийн нэгэн төлөөлөл гээд хэлчихэж болно.


УИХ-ын гишүүн Б.Наранхүүд наалдах "муу нэр” олон бий. Эднээс Нийслэлчүүдийн усны усны ундарга дээр "Дүнжингарав” гэх худалдааны төв барьсан "том толгойт” гэдэг нэр хамгийн их шуугиан дэгдээдэг. Түүний хувьд энэхүү нэрээ цэвэрлэхийн тулд сэтгүүлчдийг гадаадад аялуулж ч байсан туршлагатай. Тэгвэл саяхнаас Дүнжингарав худалдааны төвд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв байрлаж ажиллах болсон.


Нийслэл томоохон талбайтай аж ахуйн нэгжүүдээс газрыг нь түрээслэж, энэхүү үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тухайлбал, Мишээл, Драгон, Дүнжингарав зэрэг. Харин Дүнжингаравт хамгийн өндөр түрээс төлдөг гэдгийг эх сурвалж мэдээлж байлаа.


Тэгвэл Нийслэлээс Дүнжингаравт цаашлаад Б.Наранхүүд "мөнгө саах” ажлыг Б.Саранчимэг гардан гүйцэтгэсэн үү гэх хардлага төрөөд байгаа юм. Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгч албан тушаалтай тэрээр төрсөн дүүгийнхээ бизнесийг "төсвийн мөнгөөр угжиж” дэмжлэг үзүүлсэн болов уу. Үүнээс болоод Дүнжингаравын түрээсийн үнэ нэмэгдэж, түрээслэгчид дарамтанд ороод байгаа юм.


Тэгвэл эгч дүү хоёр хоёул УИХ-д сонгогдохоор сурталчилгаагаа хийж байна. Хэдий өөр намын хоёр боловч төрийн өндөр сэнтийд суувал нийслэлчүүдийг түрээсээр дарамталсан шигээ улс үндэстнээр нь түрээсийн дарамтанд унагаж мэдэх юм. Ямар ч хүн эхлээд төрөл төрөгсдөө гэдэг хойно. Дүүгийнх нь бизнес амжилттай явбал эгчид ч тустай биз. Яг ийм л зарчмаар ах дүүс, эгч дүүс, хүргэчүүд, базууд, эхнэр нөхрүүд төрийн өндөр дээд албан тушаалд санаархаж байна. Энд ард түмний эрх ашгийн төлөө гэх ямар ч үзэл суртал байхгүйг зориуд тодруулж хэлмээр санагдлаа.


А.Аюуш

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!