Хичнээн муудалцаж байвч сэтгэлдээ эвлэрэх зай заавал үлдээж бай, хүмүүс ээ

🕔 2017/11/22 13:13

Хичнээн муудалцаж байвч сэтгэлдээ эвлэрэх зай заавал үлдээж бай, хүмүүс ээ

 

Хүний сэтгэл аугаа их багтаамжтай. Баяр хѳѳртэй байх үедээ сэтгэлд нь наран мандаж, шувууд жиргэж, ѳнгѳ ѳнгийн цэцэгс дэлгэрэн найгадаг. Тэр үедээ хүн болгоныг тэр л гайхамшигт ертѳнцдѳѳ багтаахыг хүсдэг. Хүн болгон руу харж инээгээд л бас бүжиглээд л, багтаж ядсан баяр хѳѳртѳѳ хүн болгоныг сэтгэлээ дэлгэн урина. Тэнд хѳгжим эгшиглэж байгаа болохоор хүн болгон инээгээд л, бүжиглэж байгаа чамайг чанга тэврэн инээлдээд л, санамсаргүй бүдрээд уначихсан ч хѳгжилдэн инээлдэж газраар нэг ѳнхрѳлдѳѳд л ...
 
Хэрэв хэн нэгэнд гомдож, маргалдсанаасаа болж хэн нэгнийг үзэн ядах дор сэтгэлийн багтаамж нь агшиж орхидог. Чоно шиг улих шуурганы исгэрээнд ѳѳрѳѳ ч жиндэн даарч, шувууд бээрсэндээ шулганах чадалгүй бээрч, цэцэгс тэр хүйтэнд хѳлдѳж бас хугарч үхэдхийн унана. Гомдсондоо уйлан хашгирах гэвч ѳѳрийнхѳѳ дууг үл сонсоно. Уурлаж догширсондоо хүн болгоныг, амиа авч гарахын тулд араа шүдээ яралзуулан архирах чонын нүд шиг хүйтэн зэвүүнээр харах аж. Зүгээр л ѳѳдѳѳс нь дуугарсан хэн нэгнийг харанхуйлсан үзэн ядалтдаа хоолойг нь тас татахад бэлэн мэт догширно. Түүний сэтгэлд ямар ч орон зай үгүй. Тийм болоод бүгдийг үзэн ядна...

Хэзээ ч, хэнтэй ч, яаж ч муудалцсан сэтгэл дотроо эвлэрэх зайг заавал үлдээж бай. Зүгээр л уучлал гуйгаад аргадах дор сэтгэл доторхи догширсон чонын авир зѳѳлѳрдѳг юм. Уурлаж бухимдаад ч, үзэн ядаж гомдлоо ч чи түүнгүйгээр энэ хорвоог элээж чадна гэж үү? Сэтгэлд тань түнэр харанхуй нѳмѳрлѳѳ ч, маргааш нь сэтгэлд тань наран мандаж тайвшрахад, чи ѳѳртѳѳ харамсахгүй байж чадна гэж үү? Хайр хар хоёр харгалдаж байдаг энэ амьдралд, хар цагаан сүлэлдэж байдаг энэ орчлонд хичнээн муудалцаж байвч сэтгэлдээ эвлэрэх зай заавал үлдээж бай, хүмүүс ээ. Хав харанхуйлах сэтгэл дотор зурвасхан үлдэх гэрэл бүхнийг зѳѳлрүүлэн дулаацуулдаг юм. Үзэн ядагсад бас уучлагсад мѳнхѳрч үлддэггүй энэ тавиланд заавал сэтгэлээ багтраагаад яана. Муудалцсан ч заавал эвлэрч бай. Хүн болж амьдарсаны тань ерѳѳл энэ мѳн.
 
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах      

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!