Нууцаар ч яах юм бэ, дэлхий даяарчлагдаж байхад...

🕔 2017/11/17 11:03

Дэлхий даяарчлагдаад хил хязгааргүй болох нь хэмээн зарим хүн сүрхий саймширч байхад нөгөө хэсэг нь нээрээ ч тийм шүү гэсэн шиг нууц гээчгүй болж байгаа бололтой. Тэрхүү нууцгүй хүмүүс бас орны тоонд бидний цөөхөн монголчууд улсаараа тодроод байна уу гэлтэй.

Тиймдээ ч ТЕГ-ын дарга асан нь "Хэнд ч хэлэхээргүй нууцаа Хэнд ч битгий хэлээрэй гэж Хэнд ч битгий хэлээрэй” гэдэг үг шиг л албан тушаалаа өгмөгцөө УИХ-ын "муусайн” гишүүдийг жинхэнэ жижгирүүлж байна, цаана чинь. Түүнд албан тушаалынхаа хэрээр цуглуулсан мэдээлэл гэвэл хангалттай бий. Тусгаар тогтносон улсын тагнуулын албыг толгойлж байсны хувиар. Тиймдээ ч шүд зуусан байдлаар л "хариулчих уу” хэмээн "сүрдүүлж” сууна.

Нууц ч гэж дээ, угаасаа хана хүртэл чихтэй гэдгийн дээр дэлхий даяарчлагдаад, хил, гааль гэх зүйл ч үгүй болж мэдэхээр байхад.

Тэгсэн харин УИХ-ын чуулганы танхимд Тагнуулын дарга асныг өмнөдөд Элчин сайдаар томилох асуудлыг хойшлуулчхаж байгаа нь бүр хачин жигтэй харагдлаа. Хөөрхий тэр хүн уг нь "Энэ нөхөр Батлан хамгаалахын сайд байхдаа хойдуудыг зэвсгээр хангах гэж байсан шүү. Тэрийг нь би мэднэ” гэж ирээд л өөрийгөө монголчууд байтугай өмнөдийнхөнд ч таниулаад, өөрсдөд нь элэгтэй гэдгээ харуулж чадсан шүү дээ.

Тэгж байхад энэ унхиагүй 76 гишүүн тэрийг нь ойлгохгүй, тэгснээ бас сонсгол хийнэ гээд, бас болоогүй Хууль зүй дотоод хэргийн сайд нь "Элчин сайдад нэр дэвшигч их ноцтой юм ярьсан байна" гэж ирээд л шүүмжилж гэнэ. Хөөрхийг яах гэж дараагийн ажилд нь ч явуулахгүй, хугацаа алдуулж байгаа юм. Хэдэн хоногийн өмнө ч болтугай энэ их утаанаас холдож, эрүүл мэндээ бодог дээ.

Тэртээ тэргүй мань хүн очих гэж байгаа оронд нь хэчнээн монгол ажиллаж, амьдарч байгааг мэдэж л байна, ахиад ухвал ТЕГ-т байхдаа шаардлагатай мэдээллээ авсан л байлгүй. Бусад улсад суухаар ээлжээ хүлээж байгаа хүмүүс шиг "нууц ажилтан", дипломатууд биш дээ. Тэгэхэд тэр зэргийн мэдээлэлгүй юм уу, бусадтай тэмцээд дэлгэчих нууцын "архив”-гүй юм уу хэдэн нөхөр Элчин сайд болчих санаатай эртнээс нааш хүлээсээр л суугаа. 

Ядахад цаад улс орон нь "Танай хүнийг Элчин сайдаар хүлээж авна” гэдгээ мэдэгдчихсэн байдаг. Гэтэл нөгөөдүүл нь тагнуулын дарга байтугай нууц ажилтан ч байж үзээгүй бололтой өөрийн орноосоо "зөвшөөрлөө” гүйцэт авч чадахгүй л байна. Тодруулбал, Их наран улсыг зорих Г.Тэнгэр л гэхэд хүлээлтийн горимд шилжээд 130 хоногийг үдээд байна.

Хэт залуухан, нас нь бага хэмээн гоочлуулаад байгаа Н.Чимгүүндарь аль 115 хоногийн өмнө Канадыг зорьж болох мөн л эрх чөлөөний орныг зорьж, тарвалзах гээд чадалгүй 75 хоног "уяулчихсан” байгаа. Хүлээлгэнд "шилжсэн” энэ нөхдийг өмнөдийг зорих Элчин сайдтай харьцуулбал арчаагүй л гэх байх даа. Бушуухан Элчин сайдаар томилогдож хэдэн cap гадны улсад тухлахгүй бол нууцгүй болж байгаа юм чинь эцэстээ элчингийн ч хэрэггүй болох юм билүү хэн мэдлээ.

Зарим хүн Нийтийн сонсгол гээчийг нээлттэй хий гээд, нөгөө хэсэг нь улсын нууцтай хамааралтай асуудал хөндөгдөнө хаалттай байлга гэж ирээд л маргалдаж байна. Юун яасан хаалттай сонсгол дэлхий даяарчлагдаж байхад, тэр нууцаар яадаг юм бэ.

Тэгээд ч "Шиврээ бороо хувцсанд халтай, Шивнээ үг сэтгэлд халтай" гэж үг байхад шивнэж яриад бүр яах юм бэ. Даяарчлагдсан нийгэмд дандаа л хил, хязгаар, нууц, патент гэх мэт дэмий зүйлгүй олноороо орчлонгоор хэрэн тэнүүчилж амьдарч болох л байлгүй дээ.

Б.ТӨГӨЛДӨР

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!