Дундговийн "Волтрон"-чуудын эвдрэлийг хэн засах вэ
Телевизийн дэлгэцнээ Дундговь аймгаас УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшигч Б.Наранхүү "Хөгжлийн машиныг хөдөлгөгч хүчирхэг мотор нь би байна” гэсээр гарч ирэх нь анхаарал татлаа. Араас нь аймгийн ИТХ-д нэр дэвшигч дөрвөн эр дөрвөн дугуй нь болон гарч ирэв. Ачаа даах чадалтай алсад зорих итгэлтэй амьдралд хөгжил авчирна гээд зодох гэж байгаа юм шиг гараа зангидаад жигтэйхэн гэж. За, тэгээд хугаршгүй бөх араа нь, хоёр тэнхлэг нь, хугарахгүй, нугарахгүй нум нь гээд нэлээд юм үзсэн байрын ахимаг насны хоёр эрийг төлөөлүүлэв.
Хөгжлийн түүчээ машины хөдөлгөгч хүч 1-р араа, хүчийг нягтруулагч 2-р араа гээд цор ганц бүсгүй, 3,4-р араа, хянах самбар, аккумлятор, стачер буюу түлхүүр, бүхээг гээд лав 10 хүн "Тэвш дүүрэн цэцэрлэг, сургууль, бүтээн байгуулалтыг алдаж асгахгүй авчирна” гээд тэвш боллоо. Эрч хүчээр дүүрэн "хоороороо” хашгирч ихэд бадрангуй байна. Багаж, бензинээ ч мартсангүй. Гэрэл, толио ч гээсэнгүй. Харин суудал байгаагүй шүү.
Ингээд л хүнгэнэтэл хаазлаад давхичих байх гэтэл харин тоглоомон машин угсрагдаад "реклам” дуусчихдаг байгаа. Хамар дээрээ нүд амтай энэ тоглоомон машины тэвшин дээр нэлээд хэдэн давхар цэцэрлэг сургууль эмнэлэг гэсэн бичигтэй дүрс ачсан төдийгүй "хамгийн олон сургууль”, "хамгийн олон цэцэрлэг”, "хамгийн олон эмнэлэг” гэсэн уриатайгаар өнөөх тоглоомон машиндаа суучихлаа. Гэхдээ 35-уулаа. Харин дээрх машины эд ангиудаас дутвал яах вэ? Бүрэн бус тээврийн хэрэгсэл болж таарна. Тийм машинтай хэр хол явах бол. Энэ чинь хөгжлийн машин шүү дээ. Их холын зорилготой. "Дундговь аймагт Ардчилсан намаас нэр дэвшигчид”-ийн энэ сурталчилгааг тун дутуу боддог "найруулагч” хийсэн байгаа биз. Хамгийн хачирхалтай нь энэ машин жолоочгүй. Гэтэл хэлээгүй болохоос тайлбартаа "Сонгогч та энэ машины жолооч юм шүү” гэчихсэн юм билээ. Сонгохгүй бол энэ хөгжлийн машин жолоочгүй.
Энэ сурталчилгааг сонгогчид бүхий л хэлбэрээр үзсэн байна. Гэхдээ дамжуулан түгээлт сайтайгаараа сошиал хэрэгслээр бүр онцгой олон хандалт 130 мянга хэдийнэ давжээ. Хошин шогийн ямар ч тоглолтоос илүү тархи амраасан уг сурталчилгаа бүр цаанаа бол эмгэнэлтэй санагдсаныг нуух юун. Учир нь дутуу боджээ. Дундговийн АН-ынхан Б.Наранхүүгээр ахлуулчихаад сурталчилгаандаа мөнгө харамлаагүй баймаар. Гэтэл Монголын тэргүүн баячуудын нэгэнд сонгуулийн сурталчилгааг нь хийж өгөхдөө дөрвөн туурайтанд байдгаа бардаг хоббитой энэ хүнд дөрвөн дугуйтай машинаар толгойг нь эргүүлчихье гэж бодсон бололтой. Ядаж дээрх 35 нэр дэвшигч 100 хувь сонгогдоно гэж хэн хэлсэн юм бэ.
"Дугуй” сонгогдохгүй бол, эсвэл хоёр нь ялагдчихвал тэр машин яана аа. Хөгжлийн машин шүү дээ. Онхолдчихвол тун билэггүй юм болно оо доо. Нум нь хугарчихвал яах вэ. Ядаж л толь, хянах самбар аль аль нь аюулгүй байдлын баталгаа. Нум хугарвал бүр өнгөрөө. Солихоос өөр аргагүй. Тэгэхээр нум болсон хоёр нэр дэвшигчид нь таагүй дүр ногдсон байх нь. Түлхүүр, багаж, нь байхгүй бол бас чиг учиртай. Өөр жолоочоос гуйчихаж болно. Гэхдээ тэднээр дуталгүй яахав. Бүхээггүй бол манай орны хувьд тэр тусмаа говьд ер нь хэцүү дээ.
Тэгэхээр энэ машин бол тун хэцүү, суудалгүй учраас тохь тухгүй, дээр нь "жинхэнэ” биш. Бас тэр хүүхдийн тоглоом болгож зурахдаа том амтай зурсныг нь яана. Идэх их чухал юм шиг байгаа юм. Энэ мэтчлэн их л найдваргүй машин, арга ядсан идеа, сэтгэлгүй гэхэд зөөлдөх бараг нэр дэвшигчдээ хорлосон бүтээл болжээ. Гэтэл Дундговийн хөгжлийг аччихсан гэж байгаа. Жолооч буюу сонгогчдыг яаж ч найраад бүгдээрээ сонгогдоно гэж байхгүй шүү дээ. Эндээс эхлээд л бодох ёстой байж. Юутай ч сурталчилгаа талаасаа бол Дундговийн АН-ынхан арай л хайнга хандлаа. Ядахдаа тоглоомон машин болж хувирсан нь түмэн олны итгэлийг "горьдож” яваа тэд юугаар "тоглох” гээд байгааг ойлгомжгүй болгожээ. Орон нутгийн сонгууль ч яахав, намар болно. Одоо энэ машинаар сурталчлуулсаар АН-ын нэр дэвшигч УИХ-ын гишүүний ганц эрхийн төлөө нүүрээ улалзуулан явж буй. Нүүрээ улалзуулахын учир нь уг сурталчилгааг үзээд инээд нь, эсвэл уур нь хүрээгүй бол тэр хүн биш зомби байж таарахаар тийм хөгжилтэй, хошин шогийн мэдрэмжтэй, тэгсэн хэрнээ нударга зангидсан хижээл голдуу эрс, шүлгийн шад холбох дуртай цөөн хэдэн бүсгүй уг сурталчилгааг бүрдүүлсэн юм. Эрхэм нэр дэвшигчдийг энэ идеаг зэрэг хүлээн зөвшөөрсөн гээд бодохоор бүр ч гайхалтай. Гэвч билэгдлийг бодож Дундговийн "хөгжлийн машин”-ы эд ангиуд бүрэн бүтэн байгаасай, замдаа эвдэрч гэмтүүзэй. "Бензин шатахуунаа бүү харамлаарай. Мотороо хайрлаж яваарай. Амжилт хүсье” л гэж ерөөе дөө.
Г.Сүрэн