Ерөнхий сайд аа, энэ замчид хэцүүдлээ

🕔 2016/05/27 14:02

Ерөнхий сайд аа, энэ замчид хэцүүдлээ

 

Замчид өнөөдөр бухимдалтай байна.  Учир нь нийслэлд зам барьж гудамж уулзвар замын засвар шинэчлэлийн ажлыг хийсэн  авто замын компаниуд гүйцэтгэлийнхээ санхүүжилтийг, ажилчид  нь цалин хөлсөө өдий хүртэл аваагүй аж. Сүүлийн хоёр жил   гаруй хугацаанд тэд цалин мөнгөгүй байсан гэхээр  тэвчээр нь барагдахаас аргагүй юм. Санхүүжилтийн ямар ч эх үүсвэргүй болсон замчид  хувь хүнээсээ эхлээд компани аж ахуйн нэгж хүртлээ бүгд  давхар өрийн сүлжээнд оржээ. Энэ бүхэн юунаас үүдэлтэй вэ. Замчдын ойрын хэдэн жил хийсэн хамгийн том бүтээн байгуулалт бол  Чингис бондын хөрөнгөөр нийслэлд хэрэгжүүлсэн  "Гудамж төсөл”.   Даац хэтэрсэн авто замын сүлжээ,буруу зохион байгуулалттай уулзвар цөөн гудамжтай хэрнээ ногоон байгууламжгүй зам талбай гээд   олон дутагдалтай  асуудлыг шийдсэн энэ бүтээн байгуулалтыг амаа олохгүй магтаж байсан үе өчигдөрхөн.   Ерөнхий сайд Н. Алтанхуягийн тэргүүлсэн "Шинэчлэлийн засгийн газар " "Эдийн засаг хөгжлийн яам”  хамтран бондын хөрөнгөөр   хэрэгжүүлсэн энэ төсөл  гудамж  гэдэг  нь барилгуудын дундуур гарсан хөндлөн зай гэж  зарим нь үздэг байсан хийсвэр ойлголтыг орвонгоор нь халж авто болон явган замтай, гэрэлтүүлэг гэрлэн дохиотой ,ногоон байгууламж, шийдэл дизайнтай, газар дээрх болон доогуурх дэд бүтцээс гадна оноосон нэртэй байсан цагт сая гудамж болдог гэдгийг батлаж чадсан . Тийм учраас ард олон Засгийн газрын  хэрэгжүүлсэн төслүүдээс хамгийн үр дүнтэй нь хэмээн  үнэлж байлаа.   Чингисийн өргөн чөлөөний зам түгжрэл ихтэй байдлаасаа болоод   хэр их унтууцуулдаг байсныг жолооч нар мартаагүй байгаа . Гэтэл одоо тэр байдал халаагаа өгсөн. Хотын зүүн хойд хэсэг Ботаник, Шар хад чиглэлд шинэ зам ашиглалтанд ороход тэр зүгийн урсгал эмх цэгцэнд  орсныг  хэн хүнгүй мэдэж байгаа. Мөн "Цэцэг” төвийн уулзвар буюу Энхтайвны өргөн чөлөөний замыг Сөүлийн гудамжтай холбосон цоо шинэ гудамж, уулзвар нийслэлийн өнгийг засаад зогсохгүй төрийн тусгай хамгаалалтын газрын хашааг чөлөөлж хийсэн энэ ажил хот төлөвлөлт, авто замын сүлжээ бий болгох шинэ содон жишиг болсон.Түүнчлэн   ихээхэн түгжрэл үүсгэдэг байсан III, IV хорооллын ахуйн үйлчилгээний уулзварыг маш сайн төлөвлөлттэйгөөр дэд  бүтэцтэй нь шинэчлэн бүтээн байгуулсан гээд  хорооллынхон ам сайтай байдаг.  Нөгөөтэйгүүр замын түгжрэлээс болж  урсч байдаг үргүй  зардлуудыг хэмнэсэн,   ард иргэдийн ая тухлаг амьдралын орчны нэг нөхцлийг бүрдүүлсэн , гадныхан ирэхэд улсын нийслэл гэдэг  өнгө төрхийг тодорхой хэмжээгээр шийдэж өгсөн гээд "Гудамж төсөл”-ийн үр дүнг хэлэх хүн цөөнгүй байгаа.  Энэ төсөл  нийслэл төдийгүй орон нутгийн олон зам гарц явган хүний замыг шинэчлэсний нэг тод илрэлийг   Увс аймгийн Улаангом хот, Архангай аймгийн Цэцэрлэг хот танигдахгүй болтлоо өнгө зассан байдлаас харж болно .

Гэтэл  төслийн ажлыг нугалсан авто замын 22 компани  хийж гүйцэтгэсэн ажлынхаа санхүүжилтийг одоо болтол аваагүй байна.  2014 оны 11 сарын дундуур "Шинэчлэлийн Засгийн газар огцорч "Эдийн засгийн хөгжлийн яам” татан буугдсанаар "Гудамж төсөл” хаана харьяадагдах нь тодорхойгүй болж буух эзэн буцах хаяггүй болжээ. Гэсэн ч замын компаниуд  санхүүжилтийн асуудал нааштайгаар шийдэгдэнэ хэмээн найдаж улсын ажлыг цалгардуулахгүй гэсэн уужуу сэтгэлээр  өөрсдийн хөрөнгөөрөө зам барилга засварын ажлыг гүйцэтгэсээр өнөөг хүрсэн  боловч   үүнийхээ төлөө хохирол амсахад  хүрээд байна.   Тэд ийм хүнд нөхцөл үүсч төр нь  нүүрээ буруулна гэж бодоогүй нь лавтай. Бүхэл бүтэн хоёр жилийн хугацаанд улсын төсөвт тодотгол хийж санхүүжилт хийгдэнэ гэж найдвар тавьж хүлээсэн замчдын  тэвчээр барагдан тэмцэхээр шийджээ.     Өнөөдөр энэ бүтээн байгуулалтыг улаан гараараа босгож халуунд халж хүйтэнд хөрсөн хүмүүсийн гавьяаг  мартсан мэт асуудлыг нааштай шийдэхийн оронд мэдсэн ч мэдээгүй мэт дүр эсгэж байна.

Эгэл жирийн ажилчид амаргүй нөхцөлд ажилладаг ч цалин орлогогүйгээсээ болж  амаа ангайн тосох бяцхан үрсийнхээ жаахан ходоодыг цатгах ч тэнхэлгүй болтлоо дордож нэг л өдөр цалинг минь өгнө дөө хэмээн  цөхрөлтгүй хүлээж өрнөөс өрийн  хооронд амь зуулгаа дүүжигнүүлж явааг тоохгүй явсаар байх уу.    Төр өөрөө хувийн хэвшлийн компаниудиар хөрөнгө санхүүг нь гаргуулж ажил гүйцэтгүүлээд дараа нь санхүүжилтийг нь олгохгүй хэдэн сар жилээр хойш тавиад байгааг юу гэж үзэх вэ. Энэ нь барилга авто замын  хүнд нөхцөлд ажиллаж байгаа баялаг бүтээгчдээ сөхрүүлж туйлдуулж байна. Санхүүжилтээ шийдэхийг шаардаж  талбай дээр жагсахад хүрч байсан замчид  Сангийн сайд Б.Болор, Хөдөлмөрийн сайд  Ч..Баярсайхан , "Гудамж төсөл”-ийн захирал Б.Батболд нарт удаа дараалан шаардлага хүргүүлээд үр дүнд хүрээгүй  байна.

  Эцэст нь   "Авто замчдын эрхийг хамгаалах түр хороо”-г хүртэл  байгуулаад байгаа тэд   дахиад л горьдлого тээн    шаардлагаа  хүргүүлж мэдэгдэл гаргасан байна. Энэ нь "Гудамж төсөл”-ийн хүрээнд  хийсэн ажлын санхүүжилт болох 7,5 тэрбум төгрөгийг, Монгол улсын Засгийн газрын авто зам засвар ашиглалтын  28 компанийн 1000 гаруй ажилчидтай байгууллагын төсвийг 8 тэрбум төгрөгөөр баталж ажлын байрны баталгааг 5 хувиар алдагдуулсан зэрэг санхүүгийн асуудлаа  шийдвэрлэж өгөхийг хүсч байгаа аж.

Улаанбаатар хотын замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх "Гудамж төсөл”-ийн хүрээнд 26 уулзварыг  2014 онд ашиглалтанд   оруулсан нь   замын хөдөлгөөний ачааллыг багасгаж хөдөлгөөний урсгалыг зөв зохион байгуулалтанд оруулсан нь иргэд  жил бүр  25,3 тэрбум төгрөг хэмнэсэн чухал үйл явц болсныг дурдахгүй өнгөрч боломгүй. 1921 оноос гэхээр 100-аад жилийн арвин туршлагатай авто замын салбар ийн гацаанд ороод байгаа нь харамсалтай.Зам дагаж хөгжил гэдэг.Ялангуяа хөдөө орон нутагт зам харгуй шиг хэрэгтэй юм байхгүй. Харин ч нэг үеэ бодвол зарим аймаг сумд төв суурин газартай хар замаар холбогдож дэд бүтцээ дагаад амьдрал ахуй нь ч сайжрах төлөвтэй байгаа. Холын аймгийнхны хувьд  хот явна гэдэг хэдэн өдрийн ажил байсан цаг саяхан. Одоо бол өөр. Алслагдсан аймаг руу   өглөө эртхэн гараад  хар замаар давхисаар өдөртөө   очдог болсон. Сүүлийн жилүүдэд авто замын салбар хурдацтай хөгжиж байгаагийн нэг илрэл 2012-2015 он хүртэл буюу 3 жилийн хугацаанд гэхэд л нийт  3405 хатуу хучилттай  авто зам барьжээ.Энэ нь яаж ч бодсон чамлахаар үзүүлэлт биш юм. Аймгуудыг нийслэл хоттой холбосон зам харгуй сайжирснаар хөдөөг зорих гадаад дотоодын жуулчдын тоо нэмэгдэж орон нутагт үр өгөөжөө өгч байгаа нь зам дагаж хөгжил ирнэ гэдгийн наад захын жишээ. Гэтэл энэ бүхний үүд хаалгыг нээж өгч  баялаг бүтээж  буй замчид маань эх орондоо асар их хөрөнгө оруулалт хийж байгаагийнхаа төлөө хохирол амсах ёстой гэж үү.     Улс орны хөгжлийн гол түлхүүр болсон замыг бүтээн байгуулсан  хэдэн мянган хүн яагаад хохирол амсах ёстой гэж. Ариун цагаан хөдөлмөрийнхөө үр шимийг амсах л ёстой санагдана.

Гэтэл төр засгаас олон нийтэд 2700 км зам барилга байгууламжийг барьж бүтээсэн гэж толгой гэдгэр хээвнэгхэн  хэлж сонгуулийн сурталчилгаа хийгээд явж байна. Харин ч эх орон ард түмнийхээ төлөө гэж ярих дуртай эрхмүүд   аргаа барж гундуухан яваа ард түмний төлөөлөл болох замчдынхаа асуудлыг хамгийн түрүүнд шийдэх ёстой юм биш үү, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээ.

Г.Төмөр   zaluu.com

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!