Г.Золбоот: МУГЖ цол хүртэх болсондоо баяртай байна

🕔 2017/02/23 09:09

Г.Золбоот: МУГЖ цол хүртэх болсондоо баяртай байна

Жүжигчин СТА, Г.Золбоот МУГЖ  цолоор энгэрээ мялаахаар болжээ.

Энэ талаар жүжигчин Г.Золбоотоос тодруулахад "Үнэхээр сайхан санагдаж байна. Энэ ганцхан миний баяр, миний шагнал биш. Олон хүн намайг МУГЖ цол хүртээсэй,  цаг нь болсон байтал энэ хүн яагаад авахгүй байна вэ гэж миний өмнөөс дуугарч байсанд би үнэхээр их талархдаг. Олон хүний ерөөл буян, сайхан үгс биелэлээ олж байгаад баяртай байна. Түмэн олондоо баярлалаа. Хүнд хайрлагдаж, хүндлэгдэх хувь тохиол байж дээ л гэж баярлаж сууна” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.

Тэрбээр МУГЖ цол тэмдгээ энэ сарын 24-нд буюу ирэх баасан гарагт 11.00 цагт Төрийн ордноос гардан авах юм байна.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ажил, хөдөлмөрөөрөө тэргүүлсэн хүмүүст төрийн дээд одон медаль гардуулсан. Энэ үеэр Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртсэн жүжигчин У.Батбаатар "Гавьяатын буухиаг Г.Золбоот маань үргэлжлүүлээсэй" гэж хүсэж байна хэмээж байсан. 

 

Жүжигчин Г.Золбоот нь тайз дэлгэцийн урлагт олон дүр бүтээсэн үзэгчдийн хайрлаж, хүндэлж явдаг уран бүтээлчдийн нэг юм. Тэрбээр 1989 онд УБДС-ийн кино драмын ангийг дүүргэж жүжигчин болох гараагаа эхэлжээ. Түүний дэлгэцийн урлагт бүтээсэн анхны дүр нь  "Бүлээн нурам” кино байсан бөгөөд 20 жилийн хугацаанд дэлгэцийн урлагт  40 гаруй дүр бүтээжээ. Харин жүжиг, хошин урлагийн шоу хөтөлбөрт 130 гаруй  дүрийг бүтээж, амилуулсан гэдэг.

Түүний тоглосон уран бүтээлээс дурьдвал, "Долоон бурхан харвадаггүй”, "Аравт”, "Үхэж үл болно Чингис хаан”, "999”, "Мойлхон”, "Сүүлчийн бүжиг”, "Цахирмаа”  зэрэг кинонд гол болон туслах дүр бүтээж "Овжин охид”, "Зугтаарай” кинонд туслах найруулагчаар ажилласан.

 

 

Г.Тэгшсүрэн

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!