Х.Тэмүүжин 30 мянган иргэдийн саналыг үнэгүйдүүлсэндээ "баярлаж яваа" гэнэ үү

🕔 2016/06/06 13:38
Энэ сонгуулиар хэн хаана нэр дэвших нь эцсийн байдлаар тогтоогдоогүй ч ерөнхий дөө нэрс гарчихаад байна. Энэ жил холимог тогтолцоогоо халж, 76 жижиг тойрог нэр дэвшигчид өрсөлдөхөөр болсон. Энэ тогтолцоо нь давуу тал олон ч зарим сум, багийн иргэд УИХ-д өөрийн төлөөлөлгүй байх сул тал ажиглагдаад байгаа юм.


Тухайлбал, 30 гаруй хүн амтай Багануур хотыг нийслэлийн Сүхбаатар дүүрэгтэй нэгтгэж, дөрөв хуваасан. Ингэснээр Багануурчуудын санал сонгуульд нөлөө үзүүлэхгүй болчихоод байгаа.Одоо тун удахгүй сонгууль болох гэж байхад үүнийг өөрчилнө гэж байхгүй биз.

Уг нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд Багануур болон Налайх дүүргийг "бие даасан хот” болгосон байдаг. Мөн сонгууль хийж хотын захирагчтай болсон. Гэтэл бие даасан хотын иргэд ирэх сонгуульд нөлөөлөлгүй, өөрийн төлөөлөлгүй байхаар зохицуулжээ.

 

Ер нь Сүхбаатар дүүрэгт нэр дэвшигчдийн санал тэнцэх, эсвэл дутах тохиолдолд Багануурын иргэдийн саналыг "нэмэрлэх” зорилготой хуваажээ гэж харагдаад байгаа юм. Зарим талаас ажиглахад хууль санаачлагчид өөрсдийн нэр дэвшигчиддээ боломж олгох зорилгоор бүхэл бүтэн хотыг, 30 мянга гаруй иргэдийг "золиослов” уу ч гэж хардмаар.

Уг нь Сонгуулийн Ерөнхий хорооноос Багануур хотыг бие даасан төлөөлөлтэй, дангаар сонгуулийн тойрог болгох хувилбарыг УИХ-д өргөн барьсан хэдий ч АН-ын бүлэг хүч түрэн дөрвөн хэсэгт хувааж, Сүхбаатар дүүрэгтээ нэгтгэсэн нь дээрх хардлагыг батлаад байгаа юм.

 

Багануур хотыг дөрвөн хуваах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын сонгуулийн 60 дугаар тойрог буюу Сүхбаатар, Багануурт нэр дэвшигч Х.Тэмүүжин ажилласан байна. Тэрээр бие даасан хотыг хувааж, иргэдийн саналыг "үнэгүйдүүлсэн” шалтгаанаа "Багануурчууд харин ч олон төлөөлөгчтэй болно. Ийм зүйл бодож олсонд баярлах хэрэгтэй” хэмээн тайлбарлажээ.

 

Харин Багануурчууд "Сүхбаатар дүүрэгт нэр дэвшигчид манайд бараг л ирэхгүй биз дээ. Харин бид хэзээ ч харж байгаагүй, манайд юу ч хийхгүй хүмүүсийн төлөө саналаа өгөх нь байна” хэмээн бухимдлаа илэрхийлцгээж байна.

 
Амар

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!