ХЯМРААСАН НЬ САЙШААГДАЖ, ХЯМРАЛААС ГАРГАЖ БУЙ НЬ БУРУУТАН БОЛОХ УУ...
Манай улс Их хааны нэрийг барьж арилжсан өрийн бичгийн хүүд 2012 оны арванхоёрдугаар сараас хойш өдөр бүхэн 273 сая төгрөгийн хүү төлж байгаа. Бондын өрөнд Монгол Улс 2017 онд нэг их наяд 644.0 тэрбум төгрөг, 2018 онд нэг их наяд 497.4 тэрбум төгрөг төлж байгаа.
Олон улсын санхүүгийн зах зээлээс анхныхаа "Чингис” бондыг босгон төсвөө зузаалж, хөөр баяр болж байсан Ардчилсан нам харин Хөгжлийн банк олгосон зээлийнхээ 60 гаруй хувийг эргүүлэн олж авч чадахгүйд хүрсэн байлаа. Энэ бол эдийн засгийн хямралын том суурь болсон юм.
Энэ үед Засгийн газар төрөл бүрийн сан байгуулж, тусгай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн, төр олон ажлыг тендергүй гүйцэтгэх "тусгай ажиллагаа”-г эхлүүлж, эрх баригчид их хэмжээний мөнгө завшиж эхэлсэн байдаг. Цэвэр агаар сангийн тэргүүн Н.Хүрэлсүх тэргүүтэй авлигачид, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайханы хэрэг, өөрийн хувийн компанидаа Халзанбүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэлд 43.6 тэрбум төгрөг шилжүүлж авсан УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар болон Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат нарыг өнөөдрийг хүртэл шалгаж байгаа нь төсөл хөтөлбөр нэрээр мөнгө завшсан АН-ын бүлэглэлүүдийн булхайг тод харуулсан.
Н.Мөнхбат гэхэд "Чингис”, "Самурай” бондын мөнгө байршиж, бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг санхүүжүүлж байсан тус банкны хөрөнгөөс хувийн банкны данс руу 20 гаруй тэрбум төгрөг шилжүүлсэн хэрэгт шалгагдаж байгаа юм.
МАН 2016 оны сонгуулийн дараа арай ч дээ гэмээр эдийн засгийг хүлээн авч, эдийн засгийг боломжийн хэмжээнд сэргээгээд байгаа ч өнөөдөр зарим нэг хүмүүсийн зүгээс санаатай дэгдээж байгаа "буруутгал”-ын бай болчихоод байгаа. Улс орныг дампуурлын ирмэгт аваачсан хүмүүс ял зэмээс мултрах гэсэндээ өөрсдийгөө өмгөөлсөн, эрх барьж байгаа МАН-ын буруутгасан мэдээллийг нийгэмд цацах болсон. Ийм маягаар муур хулгана болж тоглоод эдийн засгийг хямраасан нь баярлаж, хямралаас гаргах гэж зүтгэж байгаа нь буруутан болж таарах уу?
Өнөөдөр АН-ын тавьсан өрийг дарах гэж, хямралыг даван туулах гэж монголчууд бүгдээрээ эрвийх дэрвийхээрээ зүтгэж байгаа. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн дундаас хэн нь хэлсэн үгэндээ хүрч, улс орныг эдийн засгийн хямралаас гаргах боломжтой юм бэ?
Сонголт хийх гэж байгаа хүмүүст ийм асуулт тулгарч байгаа нь тодорхой. Харин хамгийн бодитой ажлыг хийж чадах хүн нь МАН-аас нэр дэвшигч М.Энхболд гэвэл үнэнд ойр тусах биз ээ. УИХ-д 65 суудалтай, Засгийн эрхийг барьж байгаа намаас нэр дэвшсэн хүн үндэсний эв нэгдлийг зангидан, эдийн засгийн хямралыг зогсоох ажлыг ямар нэгэн эсэргүүцэлгүй хийнэ гэдэг нь ойлгомжтой. Түүний "Монгол гэр- Монгол төр” мөрийн хөтөлбөрт нийгмийн бүх давхрагыг хамарсан цогц асуудал багтаж байгаа.
Үнэн хэрэгтээ Женко Х.Баттулгын амар хялбар арга зам сонгосон, гоё сайхан ярьсан хуурай амлалт хэрэгжих боломжтой гэж үү! Майдар төсөл, Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор, шинэ төмөр замын төслийг хийнэ гэж хийсгэлэн загнасан он жилүүд түүнд бий. Гэвч эдгээр бүтээн байгуулалтууд цаасан дээр царцаж, хөрөнгө нь Х.Баттулгын халаасанд орсон байгаа. Тэр энэ талаараа өнөөдрийг хүртэл олигтой тайлбар өгч чадаагүй л явна. Ийм хүн ирэх дөрвөн жилд дахин хулхин дээр цэцэг ургуулж, улс орны хөгжлийг хэдэн жилээр ч ухрааж мэдэх хувийн тоглолтыг өрнүүлэх аюултай.
Солонгосчуудаас 50 сая вонн авсан гэх бичлэгийн гол дүр болчихоод байгаа Босоо С.Ганбаатарыг Ерөнхийлөгчөөр сонголоо гэхэд тэр ирэх дөрвөн жилд мөнгө хандивласан хүмүүстээ өр төлөх ажиллагаа л явуулах болов уу. Иргэн та ирээдүйгээ, амьдралаа бодож байвал сонголтоо хэрхэн хийхээ сайн тунгааж бодоорой.
Монголчууд өнгөрсөн найман жилд Ардчилсан Ерөнхийлөгчтэй он жилийг өнгөрсөн. Харин энэ найман жилд бидний амьдралд юу өөрчлөгдсөн бэ. Нүдэн дээр Б.Гарамгайбаатар, фортуна Н.Батбаяр нар ялаас мултарч Н.Алтанхуягийн тойрон хүрээлэгчид хөрөнгөжиж, Женко Х.Баттулга шинэ төмөр замын төслийн хөрөнгөөс завшсан хэргээр шалгагдан яллагдагчаар татагдчихсэн хэрнээ Ерөнхийлөгч болохоор зүтгэж байна. Ардчилсан Ерөнхийлөгчийн гарт өнөөдөр шүүх засаглалын бүх эрх мэдэл бий.
Тиймээс шүүх засаглал түүнд үйлчилж, намынх нь нөхдийн толгойг илж байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар дахин Ардчилсан Ерөнхийлөгчтэй болох аваас тэр хүн эхлээд өөрийгөө ялаас мулталж, хэргээ цайруулаад дараа нь ардчиллын хэсэг нөхдөө хайцаалан хамгаалах ажлыг хийх болно. Харин эсрэгээр Женког дэмжээгүй, тал тохой татаагүй хэнийг ч болов хэлмэгдэх, шийтгүүлэх эмгэнэлтэй хувь заяа угтаж байгаа нь үнэн юм. Ард түмнийг хэтэрхий басан доромжилсон энэ үйлдлийг иргэд нүдээ нээгээд харах цаг мөч тулж иржээ.
http://olloo.mn/n/43872.html
Эх сурвалж: Оллоо.мн Х.Тэргэл