Бондын мөнгөний луйврын хэргээр Б.Гарамгайбаатар ч дээлээ нөмөрч болзошгүй!

🕔 2016/10/14 10:50

Бондын мөнгөний луйврын хэргээр Б.Гарамгайбаатар ч дээлээ нөмөрч болзошгүй!

 

Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг анх шалгах болсон үндэслэл нь тухайн үед УИХ-ын гишүүн байсан Б.Гарамгайбаатарын "Монроуд” компанитай холбоотой байсан гэдгийг өмнөх бичвэрт цухас дурдсан. Тэгвэл чухам ямар учир шалтгаантай вэ гэдгийг энд тодруулан хүргэж байна.

 

Чингисийн төрсөн нутгийн тойргийг нэм гэсээр байгаад нэмүүлж чадсан ч,  УИХ-ын гишүүн болж чадаагүй  Б.Гарамгайбаатарын байгуулсан, одоо ч өөрийнх нь болох  "Монроуд” компанитай холбоотой асуудал өнгөрсөн оны сүүлчээс эхлэн дахин босч ирсэн юм. Тус компанид холбогдох хэргийг АТГ-аас дахин сэргээн шалгаж эхэлсэн гэдгийг өнгөрсөн хавар мэдээлж байсан билээ.

Тодруулбал, тус компанийг "Хөгжлийн банк”-наас Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэлд 30 гаруй тэрбум төгрөг авсан  боловч  1  км ч  зам тавиагүй байсан нь "Хөгжлийн банк”-нд хийсэн шалгалтаар илэрсэн гэгдэж байсан юм. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат хэлэхдээ  "Хөгжлийн банкны албан тушаалтнууд Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэл нь нийтдээ 38 орчим хувьтай байхад уг газарт шинээр зам тавихаар Засгийн газарт тогтоол оруулж батлуулсан. Ингээд нэмээд нийтдээ 46.3 тэрбум төгрөгийг гаргуулж аваад "Монроуд” гэх компанид шууд шилжүүлэн өгсөн байгаа юм” гэж байсан юм.

Тэгэхээр "Монроуд” компанитай холбоотой асуудлыг шалгах болсон  шалтгаан нь тус компани нь Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км замыг барихаар 2012 онд тендерт шалгарсан. Улмаар 37.2 тэрбум төгрөгийг 46.3 тэрбум болгож нэмэгдүүлсэн. Мөн тус замаа 2013 онд шинээр барих замын жагсаалтад хууль бусаар оруулсан хэрэгт буруутгагдаж ирсэн юм. Тиймээс тус компанийн удирдлагуудад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2, 150.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэгдэж байсан.

За харин Б.Гарамгайбаатар эрхэм бол өөртөө хир халдаадаггүй. Тэрбээр бондын мөнгийг зүй бусаар зарцуулаад байна уу гэх агуулгатай асуултад хариулахдаа "Чингис, Самурай бондыг авснаар юу үлдэж байгаа юм. Яаж ч харлуулаад үүнээс үр дүн гарахгүй. Эдгээр бондуудаар юу хийсэн бэ гэдэг нь тодорхой харагдаж байгаа. УИХ-ын дарга долоо хоног бүр үйлдвэрүүдтэй танилцаж бондын мөнгөөр ямар үйлдвэр бий болсон бэ гэдэгтэй танилцаж байна. Үнэхээр бүхий л чиглэлийн үйлдвэрүүд бий болсон. Тийм байтал бондын мөнгө хаачив хэмээн худлаа эрэл сурал болоод байх хэрэггүй. Ердөө ганцхан алхмын цаана харагдаж байгаа шүү дээ. Энэ тал дээр зөв зүйтэй мэдээлэл өгөх нь чухал.”хэмээн томорч байсан хүн.

Үнэхээр ч тэр мөнгийг  ганцхан алхмын зайтай харж байсан хүмүүсийн нэг Б.Гарамгайбаатар гэдэг нь ойлгогдож эхэлж байх шиг байна. Учир нь үүсгэн байгуулсан компаниараа дамжуулан хэдэн тэрбумыг Хөгжлийн банкнаас гаргуулж авсан байж болзошгүй хүнд мөнгөний үнэр дэндүү ойрхон ч байлгүй яахав дээ. Нэг ёсондоо Б.Гарамгайбаатар бол бондын мөнгөтэй холбоотойгоор дээлээ нэмэрч болзошгүй хүмүүсийн нэг юм.

Хөгжлийн банкны луйвартай холбоотой мэдээлэл үргэлжлэн танд хүрнэ.

Эх сурвалж:  Б.Итгэл, Шуурхай.мн

Линк: http://www.shuurhai.mn/128144

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!