Хөгжлийн банк “Төслийн нэгж” гэх нэрээр халхавч хийсэн нөхдүүдэд 17 тэрбумыг зориулжээ

🕔 2017/01/03 15:22

Хөгжлийн банк “Төслийн нэгж” гэх нэрээр халхавч хийсэн нөхдүүдэд 17 тэрбумыг зориулжээ

 

Хөгжлийн банк хэмээх их л сайхан нэртэй газар хэрэг дээрээ улстөрчдийн халаасны газар болсныг өнгөрсөн хугацаанд илэрсэн баримт мэдээллүүдээс эрхбиш харж болохоор байгаа. Хөгжлийн банкны хөрөнгийг зүй бусаар зарцуулсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр экс удирдлага Н.Мөнхбат нарыг шалгаад тодорхой хугацаа өнгөрч байгаа. Түүнчлэн нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг  Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярын хэргийг нэгтгэн шалгаж байгаа талаар өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл шалгалтын явцад нүд чих сортойлгом олон асуудал илэрч байгааг эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Тухайлбал, оёмол бүтээгдэхүүнийг дэлхийн жишигт хүргэнэ гэх том уриатай төсөл боловсруулж 2 тэрбум төгрөгийн зээл Хөгжлийн банкнаас авсан аж ахуй нэгж, бодит байдал дээр 7 ширхэг оёдлын машинаас өөр юмгүй, хийж гавьсан юмгүй газар байжээ. Тэгэхээр том том төсөл цаасан дээр бичиж, хэдэн тэрбумаар нь мөнгө авсан хэд хэчнээн газар байгааг энэ мэтээр тооцвол том тоо үр дүнд нь гарах байх.

Мөн мэдээллээс харахад Хөгжлийн банк нь "Төслийн нэгж” нэртэй төсвийн хөрөнгийг үргүй зарцуулагч нарт өчнөөн тэрбум төгрөг олгожээ. Тодруулбал,  "Гудамж” төслийн нэгж, "Эгийн голын усан цахилгаан станц” төслийн нэгж, "Тавантолгойн цахилгаан станц” төслийн нэгж, "Хүрэн нүүрснээс байгалийн синтетик хий үйлдвэрлэх” төслийн нэгж, "Шинэ төмөр зам” төслийн нэгж тус бүрт зөвхөн үйл ажиллагааны зардал (үндсэн хөрөнгө, машин худалдан авах, ажилтнуудын цалин (Гудамж төсөл гэхэд 70 гаруй ажилтантай), бичиг хэргийн зардал г.м) нийт 17.0 тэрбум төгрөг олгосон байна.

Чуулганаар Хөгжлийн банкны асуудал хэлэлцэгдэх үед гишүүд анхаарал татсан байр сууриудыг илэрхийлж байсан билээ. Л.Оюун-Эрдэнэ гишүүн  "Эхний ээлжинд төлөх 580 сая ам.доллараа яах гэж байна вэ. Дефолт гэдэг чинь 2-3 сарын дотор болохоор болчихоод байна. Үүнийг өнөөдөр хэн ч ярихгүй байна. Ямар ч шийдэл гарахгүй байна. Дефолт болвол 50 жил, цаашлаад 70 жил эдийн засаг саарна. Өнөөгийн нөхцөл байдлыг харахад эдийн засгийн хямрал биш эрх дархтнуудын хямрал болсон байна. Чуулган анх эхэлж байхад бидэнд боломж байсан. Цаг хугацаа байсан. Одоо цаг хугацаа ч байхгүй болж байна. Улсын төсөв орлого талдаа 5 их наяд төгрөг. Гэтэл Хөгжлийн банкнаас түүнтэй тэнцэх хэмжээний зээл гаргасан ч 70 хувь нь эргэн төлөгдөхөөргүй байна. Дор бүрнээ жижиг асуудал ярьсаар яст мэлхийн хурдаар ажиллаж байна” гэсэн бол Ө.Энхтүвшин гишүүний тухайд, Хөгжлийн банкийг эргээд харахад үр могой төрүүлсэн байна. Бүтэн нэг жилийн төсвийн орлоготой тэнцэх хэмжээний мөнгө үрэн таран хийсэн байна. Үүнийг нь ярих гэхээр зээлжих зэрэглэл буурна, адилхан хувааж идсэн уусан гэдэг зүйл ярьдаг. Хариуцлага гэдэг зүйлийг 65 суудалтай манай нам ярихгүй байгаа шүү. Хариуцлага гэдэг үгийг хэлж байгаа ч үйлдэл болохгүй байгаа шүү.” гэж байсан юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!