36 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ял эдэлж байна

🕔 2016/05/27 16:46

14643053045747869845741 (1)

Эмнэлгийн салбарт ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүд алдаа дутагдал гаргахгүй ажиллана гэж огт байхгүй. Ажлын байран дээрээ санаатай, эсвэл санамсаргүй байдлаар алдаа гаргасан эмч нарт хатуу хариуцлага тооцдог байх ёстой.

Түүнээс гадна шүүхээр хэргийг нь шийдэж ял оноодог байх хэрэгтэй гэдэг. Гэхдээ сүүлийн үед санаатай ч бай санамсаргүй ч бай алдаа гаргасан эмч нарт хариуцлага тооцохгүй өнгөрүүлж байна. Эмч нарын буруугаас болж эрдэнэт хүний амь нас эрсэдсэн, эсвэл эрүүл мэндээрээ хохирсон байхад хариуцлага тооцсонгүй гэх иргэдийн гомдол олон бий. Алдаа гаргасан эмч, мэргэжилтнүүдийг тухайн эмнэлгийн байгууллагаас хариуцлага тооцож байгаа нэрээр цалингийн хэдэн хувиар торгож, толгойг нь илээд ажилтай нь үлдээдэг гэдэг. Яагаад "хатуухан” хариуцлага тооцож эсвэл эрүүгийн хэргээр яллаж болдоггүй юм бэ гэсэн асуулт ч бий.

Сүүлийн үед эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн буруутай үйлдлээс болж эрүүл мэнд, амь насаараа хохирсон гэх хэргүүд ар араасаа гарч байгаа нь үнэн. Хамгийн харамсалтай нь шүүх шинжилгээний дүгнэлтийг харж байгаад хариуцлага алдсан эмчийг нь гэмгүй нэгэн болгож, харин хохирсон хүмүүсийг өөрсдийнх нь буруу, эрүүл мэнд нь угаасаа ийм байсан мэтээр олон нийтэд ойлгуулж байгаа нь асуудал дагуулж байгаа юм. Тиймдээ ч иргэдийн дунд эмч нар "ял эдэлдэггүй”, "эмч нарт хариуцлага тооцдоггүй” гэсэн ойлголт бий. Тэгвэл өнөөдрийн байдлаар буруутай үйлдлээсээ болж ноцтой алдаа гаргаж, хүний амь нас, эрүүл мэндийг хохироосон гэх 36 эмч хорих ангид ял эдэлж байна. Дашрамд дуулгахад, Засгийн газрын ээлжит хуралдаан хэд хоногийн өмнө болж, энэ оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Эрүүгийн хуулиар эмч, эмнэлгийн мэргэжилтэнд хариуцлага тооцох тухай асуудлыг хэлэлцсэн юм. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард батлагдсан Эрүүгийн хуулиар эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд:

• Гурван жил хүртэлх хугацаагаар эмчлэх эрхийг хасч, 900 мянгаас наян сая хүртэлх төгрөгөөр торгох,

• Эсхүл хоёроос найман жил хорих ял эдлүүлэхээр хуульчилсан нь санаатай үйлдсэн гэмт хэрэгт ногдуулах эрүүгийн хариуцлагатай адил хэмжээнд байна гэж эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд үзэн, Засгийн газарт шаардлага хүргүүлээд байсан юм.

Эмнэлгийн ажилтнуудын санал гомдлыг Засгийн газрын гишүүд хүлээн авч эрүүгийн хуулийн холбогдох заалтыг өөрчлөх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх заалт бүхий хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон билээ.

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!