Шуурхай: АН-ын Хяналтын хороо 15 гишүүндээ хариуцлага тооцохоо мэдэгдлээ
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах асуудлыг 2014 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр УИХ-аар хэлэлцсэн. Тэгвэл уг асуудлыг Ардчилсан намаас дэмжиж санал өгсөн нэр бүхий найман гишүүн, санал хураалтад оролцоохгүй долоон гишүүнд хариуцлага тооцох хүсэлтийг Ардчилсан намын Хяналтын Ерөнхий Хорооноос өчигдөр гаргасан байна. АН-ын нэр бүхий 40 гаруй гишүүнээс ирүүлсэн өргөдлийн дагуу Хяналтын хороо хуралдаж уг тогтоолын шийдвэрийг гаргажээ. Тогтоолыг УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдод хүргүүлсэн байна.
Уг тогтоолд "Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах УИХ дахь МАН-ын бүлгийн тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэх үеэр дэмжиж санал өгсөн болон санал хураалтад оролцоогүй АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийн үйлдэл, эс үйлдэл нь Үндсэн хуулийн 3.3.1, 3.3.5, 3.3.6, 7.2.5, "УИХ дахь АН-ын бүлгийн үйл ажиллагааны журам”-ын 4.5 дахь заалтыг тус, тус зөрчсөн болохыг тогтоосугай. Огцруулахыг дэмжиж санал өгснийг нь тогтоосон нэр бүхий найм, санал хураалтад оролцоогүй долоон ҮЗХ-ны гишүүнд Үндсэн дүрмийн 3.6.1.1-ээс 3.6.1.3-д заасны дагуу шийтгэл ногдуулах үндэстэй байна” гэжээ.
АН-ын Үндсэн дүрэмд зааснаар бол 3.6.1 "Гишүүн нь үүргээ биелүүлээгүй болон Үндсэн дүрмийг зөрчсөн үйлдэл ба эс үйлдэлд журмын дагуу Хяналтын ерөнхий хороо/ ХЕХ/, дунд шатны намын байгууллагын хяналтын нэгжийн дүгнэлтийг үндэслэн шийтгэлийн аль нэгийг зохих шатны намын удирдлага ногдуулна” гэжээ.
Харин 3.6.1.1-т "Сануулах 3.6.1.2 "Намыг сонгуульт албан тушаалаас огцруулах, 3.6.1.3 "Улс төрийн болон намын албан тушаалд дөрвөн жил хүртэлх хугацаагаар нэр дэвшүүлэхгүй байх” гэжээ.
Хяналтын хорооноос намын дүрэмд заасны дагуу Засгийн газрынхаа эсрэг санал өгсөн болон түүнтэй адил үйлдэл гаргасан гишүүдийн УИХ-д нэр дэвших эрхийг нь хасч хариуцлага тооцох ёстой гэж буй аж. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн нэрсийг ҮЗХ-оор хэлэлцэхийн өмнө хяналтын хорооноос ийм шийдвэр гаргасан нь АН доторх зөрчлийг улам хурцатгаж мэдэхээр байна. Учир нь уг асуудлыг Ардчилсан намын дүрэмд тодорхой заасан байдаг тул өнөөдөр хуралдах ҮЗХ-ны шийдвэрээс нэр бүхий 15 гишүүнд хариуцлага тооцож нэр дэвших, эс дэвшихийг шийдэх юм. Өнөөдрийн шийдвэр АН-ыг дүрмээ хэрэгжүүлдэг эс хэрэгжүүлдэгийг харуулна. Гэхдээ доорх 15 гишүүний ихэнх нь АН-ын дарга З.Энхболдын хүмүүс учраас намын даргын далбаанд шийтгүүлэхгүй өнгөрч ч магадгүй юм.
Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулахыг дэмжсэн гишүүдийн нэрс
Р.Амаржаргал
Ж.Батзандан
Х.Баттулга
Д.Батцогт
Р.Бурмаа
М.Зоригт
Б.Наранхүү
Л.Эрдэнэчимэг
Санал хураалтад оролцоогүй гишүүдийн нэрс
Д.Арвин
Г.Баярсайхан
М.Батчимэг
Д.Ганбат
Д.Ганхуяг
С.Одонтуяа
С.Эрдэнэ нар байгаа юм.
http://duulian.mn/10995