Шатсан цогцосны цаад учир

🕔 2016/05/25 14:53

 


Шатсан цогцос олдсон ба энэ хэргийг анхны байдлаар илрүүлж гэм буруутныг цагдаа хүчнийхэн олж тогтоосноор нийгэмд ээлжит хар шар шуугианыг тарьлаа. Нэг талаас хүү нар нь аавыгаа хөнөөгөөдзам мөрөө баллах гэж зөөвөрлөн шатаасан. Нөгөө талаас харвал зодож нүдэж агсан тавиад байдаг эцгийгээтэвчээрийн хязгаар тасрахад хашраах гэж байгаад хэтрүүлж амийг нь хөнөөсөн бололтой.

Сураггүй алга болоод олдох хүртлээ бараг 3 сар болоход гэрийнхнийх нь эрж хайж үгүйлээгүй нь цагдаагийхны анхаарлыг татжээ. Төрсөн эцгээ хэдэн сар болоход үгүйлэх ч үгүй байгаад жирийн хүн ч хардана. Эндээс хэргийн гогцоо гарч гэмтнүүд хэргээ хүлээсэн талаар цагдаагийн байгууллага олон нийтэд мэдээлсэн.

Энэ хэрэг яаж үйлдэгдсэн гэхээс илүүтэй утаан хөшигний цаана, бөглүү хязгаар газар хэрээс хэтэрсэн архидалт, дарамт хүчирхийлэл байсаар байгааг харуулж байна. Саяхан чуулганаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан гэр бүлийн хүчирхийлэл нэг гэр бүлд даамжирсаар эцгийнхээ амийг хөнөөж шатаахад гэмт хэрэгт хүргэсэн гэж мэдээлэл байгаа.

Аавыгаа хөнөөсөн хүүхдүүд юу гэж мэдүүлж байгааг хэлж мэдэхгүй ч хаяанд байх Төв аймгийн Алтанбулагт гарсан энэ хэрэг ардаа асуулттай сануулгатай үлдлээ.

Гэр бүлийн хүчирхийллийн хуультай боллоо гэсэн баярт мэдээ хуучраагүй байна.. Энэ хуулиар хүчирхийлэгч ямар нэг байдлаар ял зэм хүлээх нь тодорхой болсон. Харин яаж урьдчилан сэргийлж бага дээр нь таслан зогсоох вэ.Нэг нь хэрэгтэн болж нөгөө нь хохирогч болох цаашлаад дээрх хэрэг шиг нэгнийхээ аминд хүрэхдээ тулталаа даамжрахаас өмнө хэрхэн илрүүлж таслан зогсоох вэ.

Үүнд гэр бүлийн хүчирхийллийн талаарх иргэдийн мэдээлэл тун чухал гэж мэргэжилтнүүд хэлж байгаа ч манайд ахуйд энэ нь тийм амар биеллээ олохгүй. Хажуу айлын архичин эхнэр хүүхдээ нүдээд байхад өрөвдөөд өмөөрөх ч цагдаад хэлтлээ удна. Хэлчихлээ гэхэд цагдаа нь байнга дуудаад аягүй бол гарын үсгийг нь зуруулаад шүүх хуралд оролцуулаад гэрчийн мэдүүлэг вач нүүрийг нь улалзуулна.. Ингээд л хэн нэгэнд насаараа зуугдаж амьд хүний гэрч болохоор "нөгөө юун"-ы дэр больё гээд чихээ бөглөөд суугаад байж чадах сэтгэхүй иргэдэд байдаг.

Ийм сэтгэлгээ хүчин зүйл дор гэр бүлийн хүчирхийллийг мэдээллийг иргэдээс айл хөршөөс ирэх найдлага тун бага. Гэр бүлийн хүчирхийллийн хуулиар хүчирхийлэл үйлдэж байгаа этгээдийг харсан, мэдсэн атлаа мэдээлэл өгөөгүй бол Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцох болсон. Гэвч энэ нь асуудлыг төгс шийдэхгүй байх талтай.

Хөдөө хээр уулын хэцэд гурван гэрээрээ байх айлууд нэг нь эхнэрээ нүдээд хүүхдээ дарамтлаад байгааг хэлэх гээд сумын төлөөлөгч рүү мордотлоо удна.

Сайн яривал бараг бүгдээрээ садан болчих дөхдөг тул нэгнийхээ мууг үзэхгүй гээд тас амаа хамхчихдаг тухай хөдөө сумын нийгмийн ажилтнууд учирладаг.Энэ мэт онцлогийг харгалзаж гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийг яаж авах, мэдээлэгчийн нууцлал болоод нэр төрийг нь хэрхэн хамгаалах талаар нарийн зохицуулалт дагалдах журмыг гаргаж үүнийгээ олон нийтэд таниулан сурталчлах ажлыг хүртээмжэй хийгээсэй гэж олон нийт хүсч байгаа.

Өнгөрөгч 7 хоногт шугиан тарьсан шатсан цогцосны хэрэг ч гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй гэсэн яриа таамаг хэвлэлээр гарч байна. Цоожтой хаалганы цаадаххүчирхийллийн улмаас жилд 24-26 хүн нас бардаг гэсэн харамсалтай тоо бий.

Б. Ихэр

Эх сурвалж: Bataar.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!