Ард түмний далбаан дор өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлж болохгүй!

🕔 2017/04/24 12:07

Ард түмний далбаан дор өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлж болохгүй!

 

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах  тухай асуудал парламентаас парламент дамжин яригдаж буй. Өдгөө хоёр ч ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Эцэг хуульд өөрчлөлт оруулж байна гээд дордуулсан долоон заалтынхаа түүхийг давтчих вий гэсэн болгоомжлол байгаагаа хэлэгсэд бий. Тэрчлэн ард түмнээсээ асууж шийдэх хэрэгтэй гэсэн байр суурь ч нэлээд байгаа. Тэгвэл Үндсэн хуулийг батлагчдын нэг Л.Дашням хэлэхдээ  "Ер нь бол Үндсэн хуулийг өөрчлөх, эсэхийг ард түмнээс асууя. Ард түмэн өөрчил гээд байна гэдэг далбаан дор өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэхийн оронд ард түмэнд ийм зүйлүүдийг өөрчлөхгүй бол болохгүй байна, ингэж өөрчилье гэдгээ хэлэлцүүлж, шүүлгэх хэрэгтэй. Анхны Үндсэн хууль тогтоосон шиг тийм байдлаар Үндсэн хуулийн өөрчлөлтөд хандах хэрэгтэй. Бид Үндсэн хуулиа маш олон ажлын хэсэг гаргаж боловсруулчихаад, ард түмнийхээ саналыг авч тусгачихаад, ийм хууль батлах гэж байна шүү гэж эргээд ард түмнээрээ хэлэлцүүлсэн . Одоо ийм өөрчлөлт хийх гээд байна шүү, үүнийг ард түмэн минь юу гэж үзэж байна гэж ард түмнээрээ хэлэлцүүлэх ёстой. Хэлэлцүүлэх үү, үгүй юу гэдгээ асуух биш. Юу өөрчилчихөөд, тэрийгээ тогтоох гээд байгаагаа хэлэлцүүлэх ёстой. Түүнийгээ урьдчилж боловсруулсан байх ёстой. Үндсэн хууль боловсруулах, өөрчлөх эрхийг ард түмэн итгэлээрээ өгчихөөд байгаа шүү дээ, сонголтоороо. Ерөнхийлөгч, УИХ-ыг сонгосон. Тэд нь Засгийн газраа байгуулчихсан. Бидний итгэлийг хүлээж гарсан  тэр улс ажлаа хийж, ард түмэндээ тайлагнах учиртай. Гэтэл тэрийгээ хийхгүй эсрэг зүйл хийгээд байна. Үүнийг би их гайхаж байгаа. Дээр нь Үндсэн хууль түүх болж байгааг төрийн зүгээс ойлголт өгч байгааг, тэрийг хийсэн хүмүүсийн зүгээс бас өгч байгаа мэдээллийг харахад сонин юм их бий.”  хэмээн хэлж ярьж байгаа юм.

Тэгвэл УИХ дахь  АН-ын бүлгийн гишүүн Ж.Батзандан Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор хэлэхдээ  "Үндсэн хуулийг өөрчлөх цаг аль хэдийнэ болсон. Бид 1992 оны Үндсэн хуулиар 76 гишүүнтэй, нэг танхимтай парламентийн тогтолцоотой явж байна. Гүйцэтгэх засаглалаа УИХ-аасаа томилдог тогтолцоотой. Нөгөө талд ерөнхийлөгч, Улсын дээд шүүх хууль тогтоох засаглал гэж байна. Засаглалын энэ системийг аваад үзэх юм бол Монгол Улс яг ямар засаглалтай улс  вэ гэдэг нь тодорхойгүй байх жишээтэй. 76 гишүүнтэй, нэг танхимтай парламент олон нийт, нийгмийн ашиг сонирхлыг хамгаалах ёстой. Харамсалтай нь өнөөгийн парламент олигарх бүлэглэлийн эрх ашгийг хамгаалдаг бизнес бүлэглэл болж хувирсан. Энэ бол сонгодог парламентийн жишиг биш. Гүйцэтгэх засаглалынхаа хувьд ч Ерөнхий сайд  нь тоглоомын болчихсон. Ерөнхийлөгчийн эрх ч харьцангуй хязгаарлагдмал болчихоод байна. Олон улсын  судалгааны байгууллага Монгол Улсыг засаглалын гүнзгий хямралд орсон гэж тодорхойлдог. Энэ нь ч үнэн” гэж байсан.

За харин академич Г.Чулуунбаатар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаар дараах зүйлийг хэлжээ. Тэрбээр "Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монгол Улсад шашин, шүтлэг, сүм хийдийн үйл явц тэсрэлттэй өрнөсөн. Тухайлбал, 1990 онд буддын шашнаас өөр шүтлэггүй. Бөөгийн шашин бага хэмжээнд байсан. Өнөөдөр дэлхийн бүхий л шашны зөвшөөрөгдсөн болон зөвшөөрөгдөөгүй урсгал орж ирсэн. Энэ нь эргээд сөрөг үр дагавар бий болгож байна. Үндсэн хуульд төр нь шашнаа хүндэтгэнэ, шашин нь төрөө дээдлэнэ гэсэн заалтын эрх зүйн зохицуулалтын чадамж ойлгомжгүй байгаа. Өнөөдрийн байдлаар шашны байгууллагыг бүртгэж байна. Үүнээс өөр хяналт алга. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд энэ асуудлыг шийдэх ёстой. 1992 онд баталсан Үндсэн хуулийн хэрэгжилт муу байгаа учир өөрчлөлт оруулахаар зэхэж буй хэрэг биш. Нийгмийн эрчимтэй өөрчлөлт, түүнийг тусгасан амьд хууль байх хэрэгтэй.” хэмээн хэлж байна.

Тэгвэл УИХ-ын дэд дарга асан Л.Цог  хэлэхдээ "Өнгөрсөн бүрэн эрхийн хугацаанд УИХ-ын дэд даргаар ажиллаж байхдаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгаа эсэхийг судлах Ажлын хэсгийг байгуулаад хоёр жил ажилласан. Сүүлийн Их хурлуудын бүрэн эрхийн хугацаанд үе үе гарч байсан саналуудыг нягтлаж үзсэн. Хамгийн түрүүнд 1992 оны Үндсэн хуулийн дордуулсан долоон нэмэлтийг засах ёстой гэж үзэж байгаа. Долоон нэмэлтийг Үндсэн хуулийн цэцээр хэлэлцсэн, процессын алдаа болсон гээд олон шалтгаан байдаг. Хүчин төгөлдөр байгаа гэж цэц үзэж байгаа бол тэрийг хүчингүй болгож Үндсэн хуулийн цогц тал, талаас нь базаж хийсэн, нарийн бодсон биет зүйлийг таслаад хаячихсаныг сэргээх шаардлагатай байна. Үндсэн хууль юунаас болж муудсаныг хэлэхгүйгээр буруу чихэх хандлага руу явж байна. Үүнийг сайн зааглах ёстой. Үндсэн хууль нь өөрөө халдаж болохгүй зүйл биш. Мөнхийн зүйл биш. Тэгэхээр ямар өөрчлөлтийг яаж, хийх вэ гэдгийг сайн бодох ёстой. Хамгийн гол нь танин мэдэхүйн зөрүү ойлголтууд байна. Үүнийг ялгаж салгах ёстой. Үндсэн хуульд хамгийн суурь үзэл баримтлалаа зоож өгсөн. Процессын хууль биш шүү дээ. 1992 оны Үндсэн хуульд тулгуур зарчмаа хийж өгсөн. Үүнийг ялгахгүй ярьж болмооргүй байна. 25 жил Үндсэн хуулийг яаж зөрчиж дураараа авирлаж болох вэ гэдэг гашуун туршлагыг бидэнд үлдээсэн. Тэрнээс сургамж авахгүй бол Үндсэн хуулин дээр зөв хандаж чадахгүй”  гэж буй юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!