Бяцхан үрсийн амиар тоглосон хүнд тохирсон шийтгэл бий юу?
Архидалтын араас хүсээгүй жирэмслэлт дугаарлан зогсох болсон-
Зүүний үзүүрт ганц будаа тогтох тэр азтай мөчид хүн энэ хорвоод мэндэлдэг. Эх эцгийн элбэрэл хайраар дутаахгүй гэсэндээ бид төрсөн үр хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулдаг жамтай. Гэтэл төрсөн үрээ хүний санаанд оромгүй, зэрлэгээр амийг нь хөнөөх, хаях нь эх хүнээс гарах сэтгэл мөн үү.
СҮҮЛИЙН ХЭД ХОНОГТ ГАРСАН ЖИХҮҮЦЭМ ХОЁР ХЭРЭГ
Хамгийн сүүлийн жишээг дурдахад, энэ сарын 23-24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо МУБИС-ийн оюутны V дотуур байрны зүүн урд буланд байрлах хогийн цэг дээр 3.8 кг жинтэй эрэгтэй нярайн эхэстэй цогцос олджээ. Үүнтэй холбогдуулан нярайг төрүүлсэн болон хаясан байж болзошгүй, жирэмсний хугацаандаа төрөөд учир битүүлгээр хүүхэд нь байхгүй байгаа эхчүүдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагаас худалдан авч мэдээллийг чандлан нууцлахаа мэдэгдээд байгаа.
Мөн энэ сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант суманд ес хоногтой нярай хүүхдээ амьдарч чадахгүй байх гэж үзэн тариурын зургаан ширхэг зүүг биед нь шивж, амийг нь хөнөөхийг завдсан хэрэг гарсан. Эл хэргийг нярайн ээж болох Ц гэгч үйлдсэн болохыг цагдаагийн байгууллагаас тогтоож, түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ.
Азаар нярайг Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд яаралтай авчирч, биед нь байсан зургаан зүүг авах хагалгааг амжилттай хийж, хүүгийн биеийн байдал сайжирч байгаа гэдгийг эх сурвалжууд хэлж байна.
Энэ хэргийг үйлдсэн нярайн ээж цагдаагийн газарт өгсөн мэдүүлэгтээ "Манай хүүхэд дутуу гарсан. Хүүхдээ ингэж зовж байхаар гэж бодоод би дангаараа шийдвэр гаргаж, тарианы зүүний урд хэсгийг хугалж, хүүхдийнхээ бие рүү хугарсан зүүг хатгаж оруулсан” гэсэн тайлбарыг өгчээ. Тэрбээр энэ сарын 3-нд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт төрж, 1.3 кг хүү төрүүлсэн аж.
Ямартай ч энэ хоёр гэмт хэрэг хоёулаа нийгмийг айдаст автуулж, олныг сэрдхийлгэлээ. Төрүүлсэн эцэг эх нь төрсөн үр хүүхдээ хөнөөх явдал сүүлийн үед ихээр гарах болсон нь энэ нийгмийн сэтгэхүйн ядуурал гэж мэргэжлийнхэн хэлж байна.
Монголчууд бид хүн хүнд илүүддэггүй гэдэг дээ. Хахир хатуу нийгэмд хүн болох гэсэн бяцхан үрээ хэрцгийгээр хөнөөж, гэмт хэрэг үйлдэж байгаа нь ухамсар дорой зарим эмэгтэйчүүд ямар харгис болж буйг бэлхнээ харуулж байна. Нярай хүүхдийнхээ амийг егүүтгэх, хээр юм уу хүрдэн дээр хаях үзэгдэл 1990-ээд оны эхнээс ганц нэг гарсаар өнөөгийн нийгмийн бусармаг үзэгдлийн нэг болжээ. Шинэ он гараад cap ч болоогүй ийм бусармаг үзэгдэл гарсан нь үнэхээр жигшүүртэй юм.
ҮРИЙНХЭЭ АМИЙГ ТАСАЛСАН ЭЭЖ, ААВУУДАД ЯМАР ХАРИУЦЛАГА ТООЦОВ
Монголчууд бид "Монголын үрс маш олон болтугай” гэж ерөөдөг. Гэтэл энэ сайхан үг хаашаа алга болоо вэ. Яагаад төрөөд удаагүй байгаа үрээ зүүгээр шивж, хогийн цэгээс нярайн цогцос олдох болов оо. Зарим хүмүүсийн үзэж буйгаар баасан гарагийг шоуны өдөр болгон тунхагласан цагаас хойш архидалт ихэссэн. Архидалтын араас хүсээгүй жирэмслэлт дугаарлан зогсох болсонтой холбоотой гэнэ.
Охид бүсгүйчүүдийн өөрийгөө удирдах чадваргүй болтлоо согтсоноос болж, хэнтэй унтсанаа мэдээгүй, нэг мэдсэн чинь гэдэс томроод байсан гэх гэнэн тэнэг үйлдэл эцэс сүүлд нь ийм эмгэнэлт байдалд хүргэж байна. Хүсээгүй, бас эцэггүй хүүхдийг энэ цөвүүн цагт яаж хүн болгох юм бэ гэж охид бүсгүйчүүд эмчийн өмнө нулимс дуслуулан суухыг олонтаа харж байсан.
Ямартай ч тээж төрүүлсэн үрээ хогийн цэг дээр хаяад явсан харгис алуурчин хэн байв. Хүний санаанд оромгүй харгис үйлдэл гаргасан этгээдийг цагдаагийнхан олж тогтоон хуулийн дагуу хариуцлага тооцох учиртай гэх үгс цахим ертөнцөөр ч давамгайлж байна.
Эцэг, эхийн хайр халамжид амьдрах хувьгүй байсан бяцхан үрд хэн өс санаж, хүний нүднээс далд газарт амийг нь хөнөөв гэсэн олон асуулт байна. Энэ олон үрсийн амийг тасалсан ээж, аавуудтай ямар хариуцлага тооцов оо. Хэл, хөлд ч ороогүй эдгээр бяцхан үрсийн амиар тоглосон хүнд тохирсон шийтгэл байна уу, хууль хүчнийхээн.
Энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, хүүхдийн төлөө бодлого, үйл ажиллагаа нь чиглэдэг төрийн болон ТББ-ынхан анхааралдаа авч, төрийн хайр халамж гэхээсээ өмнө төрийн хатуухан бодлого явуулах хэрэгтэй байгааг энэ олон хэрэг гэрчлэн харуулж байна.